Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батаа: НОСК байгуулах зохион байгуулалтын ажил энэ сардаа багтах байх

2014 оны 3 сарын 06

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаатай ярилцлаа.

  -Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах тухай яригдаж байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Засаг даргын хөрөнгө оруулалт, хот байгуулалт эрхэлсэн орлогч С.Очирбат дарга болон бусад холбогдох хүмүүсийн хамт Сингапур, БНСУ руу явж туршлага судлаад ирлээ. Тэнд орон сууцны корпорацийг яаж зохион байгуулсныг харлаа. Яагаад ингэж судлах шаардлага гарав гэдэг тухай эхлээд ярих нь зөв байх. Улаанбаатар хотод орон сууцны корпораци байгуулах шаардлага гарчихаад байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ТОСК байгуулагдсан. Энэ бол маш том байгууллага. Яагаад гэвэл жилдээ арван мянга гаруй орон сууц барих хүчин чадалтай. Ингээд тооцвол ойрын долоо, найман жилийн хугацаанд 75 мянган орон сууц барина гэсэн үг.

Олдсон мөнгөө л орон сууцны санд хийгээд байрныхаа 30 хувийг урьдчилгаагаа бүрдүүлсэн тохиолдолд гэрээгээ хийж, байрандаа орж болно.

 
 
 

Энэ нь өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий. Үүний тулд бүх төрлийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар хуучин орон сууцыг шинэчлэх ажлыг зохион байгуулна. Мөн нийслэлийн орон сууцнуудыг дулаалах ажлыг хийх хэрэгцээ байна. Инженерийн шугамуудыг шинэчлэх ажил ч тулгамдсан асуудал болчихлоо. Гэвч энэ бүхнийг зохион байгуулах бүтэц үнэндээ манай нийслэлд алга.  Тийм учраас нийслэл хот маань өөрөө орон сууцны корпорацитай байх шаардлага бий болсон юм.

-Сингапур, БНСУ-д орон сууцны корпораци байгуулсан туршлага ямар байна вэ?

-Сингапурт тусгай хууль гаргаад иргэдээсээ авах татвараа нэг мөр тогтоочихсон байдаг юм байна. Иргэд өөрсдөө 16 хувийн татвар төлдөг бол ажил олгогч нь 20 хувийн татвар төлдөг юм байна. Ингэж улсад төлж байгаа мөнгөнийхөө 3.4 хувийг орон сууцанд зарцуулдаг юм билээ. Өнөөдрийг хүртэл 21 миллиард ам.долларыг орон сууц байгуулах ажилдаа зарцуулсан байгаа юм.

Тэнд орон сууцны  80 хувийг улс нь өөрөө барьж байна. Солонгост очиж, Сөүл хотын нэгдүгээр орлогч даргатай уулзлаа. Тэдний орон сууц барьдаг туршлага маш сонирхолтой санагдсан. Авч хэрэглэхэд дөхөм юм билээ. Солонгост яг манай ТОСК-тай адил байгууллага байна. Энэ байгууллагын нийслэл хотод явуулдаг үйл ажиллагаа нь арай бага. Сөүлээс бусад хот, тосгодод орон сууц барих чиглэл барьдаг юм байна. Харин Сөүл хот өөрөө орон сууцны корпораци гэдэг байгууллагатай юм билээ. 

-Манайх хэзээ энэ корпорацийг байгуулах гэж байна вэ?

-Нийслэл хот маань орон сууцны корпораци байгуулж таарна. Гадаад улс орны сайн туршлагуудыг авч хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд орон сууцны сан байгуулна. Энэ сангаа байгуулаад 15 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Энэ санг арвижуулж болох санхүүгийн ямар эх үүсвэр байна, тэр бүгдийг судалж байна.

-Жишээлбэл?

-Улсын төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авах шаардлага гарах байх. Хот өөрийнхөө төсвөөс ч хуваарилах боломжтой. Улаанбаатар хот үнэт цаас гаргавал олсон орлогоо энэ сандаа төвлөрүүлж болно. Лоттерей буюу сугалаа гаргах боломж бий. Гэх мэтчилэнгээр хөрөнгө босгож сангаа арвижуулах төлөвлөгөөнүүд бий.

-НОСК байгуулсан тохиолдолд иргэд ямар журмаар орон сууцтай болох боломжтой юм бэ. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээллээс харвал их л боломжтой зүйлүүд сонсогдоод байсан...

-Хотын даргын жишээ болгож хэлсэн тоонууд хэвлэлээр яваад байгаа л даа. Сар бүр 180 юм уу 200 мянган төгрөг тушаавал тийм байр авах боломжтой гэх мэтээр мэдээлээд байгаа. Гэхдээ энэ бол мэдээж тогтчихсон тоо биш. Зүгээр жишээ болгон ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Ер нь бол залуу гэр бүлүүд орон сууц зээлээр авъя гэтэл урьдчилгааны 30 хувийг бүрдүүлж өгнө гэдэг тун хүндрэлтэй.

Тэгвэл НОСК байгуулагдсаны дараа нийслэлийн орон сууцны санд залуу гэр бүлүүд сар болгон хэдэн ч төгрөг төлөөд байж болно гэсэн санаа явж байгаа юм. Хэдэн төгрөг хийх боломж байна, түүнийгээ л өгөөд бай. 50 мянга, 100 мянга, 200 мянга, 500 мянга бүр нэг, хоёр саяар нь ч төлсөн болно. Олдсон мөнгөө л орон сууцны санд хийгээд байрныхаа 30 хувийг урьдчилгаагаа бүрдүүлсэн тохиолдолд гэрээгээ хийж, байрандаа орж болно гэсэн үг.

-Заавал таван жилийн туршид тогтмол мөнгө төлнө гэхгүй юм уу?

-Тийм зүйл байхгүй. Таны байрны 30 хувийн урьдчилгаа хэзээ бүрдэнэ тэр цагтаа гэрээгээ хийгээд байрандаа орж болно гэсэн үг. Жишээлбэл, 100 сая төгрөгийн байр авна гэж тооцоолоод урьдчилгаа 30 хувиа төлөөд байя гэж бодъё. Сард хэд хэдээр нь ч хийж болно. Магадгүй жилийн дараа ч урьдчилгааныхаа 30 хувийг төлчихөж болно шүү дээ. Тэгвэл тэр үедээ гэрээгээ хийгээд, моргейжийн зээлдээ хамрагдаад байрандаа орно гэсэн үг. Магадгүй мөнгөө бага багаар нь хийвэл дөрөв, таван жил ч болж болно.

Ямар ч байсан байрныхаа урьдчилгаа 30 хувийг заавал тэдэн хоногт багтааж төл гэсэн шаардлага байхгүй л гэсэн үг. Заавал сар болгон мөнгө төлнө ч гэх шаардлагагүй. Мөнгө олдсон даруйдаа орон сууцны санд тушаагаад байсан ч болно. Урьдчилгаа 30 хувиа шууд бэлэн мөнгөөр нь төлөх боломж бий гэж хараад байгаа л даа. Тэр  тохиолдолд анхнаасаа сар бүр мөнгө төлөөд явж байсан хүмүүс тэднээс давуу эрх эдэлнэ. Энэ аргыг Сөүл хот хэрэглэдэг юм билээ.

Тиймээс илүү тохиромжтой санагдсан. Хотоо орон сууцжуулахын тулд иргэдийн оролцоог ийм байдлаар нэмэгдүүлэхээр бид зорьж байна. Улаанбаатар хотын захирагчийн хувьд 6-8 жилийн дотор Улаанбаатар хотыг бүрэн орон сууцжуулах зорилт тавьчихсан байгаа. Энэ зорилтоо биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

-Иргэдийн санд хуримтлуулж байгаа мөнгөөр орон сууц нь баригдаж л байна гэсэн үг үү?

-Та орон сууцны санд 100 мянган төгрөг хийчихлээ гэхэд тэр мөнгөөр таны амьдрах орон сууцны нэг булан босч байна л гэсэн үг.

-НОСК-ийн орон сууцнаас авах залуу гэр бүлд ямар шаардлага тавигдах бол?

-Сингапур, БНСУ-д тавигддаг хамгийн том шалгуур нь ердөө албан ёсны гэр бүл байх ёстой гэдэг юм билээ. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг бол дөрөв, таван өрөө орон сууц олгодог жишиг ч Сингапурт байна. 35-аас дээш юм уу 40-өөс дээш насны ганц бие хүмүүсийн гэрлэх нас нь оройтсон гэж үзээд тэдэнд залуу гэр бүлд олгодог жишгээр орон сууц авах боломжийг ч олгодог юм байна. Мэдээж орон сууцны санд урьдчилгааныхаа 30 хувийг төлчихсөн байхад л хангалттай боловч мэдээж хэрэг цаана нь тавигдах шаардлага, нөхцөл байх нь дамжиггүй л дээ.

-НОСК өөрөө орон сууцаа бариад байх юм уу?

-Хувийн хэвшлийн компаниудыг татан оролцуулж, орон сууц бариулах ажлыг явуулах байх. Жишээ нь ТОСК-иас орон сууц бариулах тендер зарлахад маш олон компани оролцож, мэдээж цөөн хэд нь шалгараад бусад нь буцдаг шүү дээ. Тиймээс тэр олон компаниудыг ажлын байраар хангах боломж НОСК-д байж болно. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Нийслэл хотоо, нийгмээ хөгжүүлэх нэг том гарц нь энэ л гэж хараад байгаа юм.

-Хэрэв НОСК-ийг байгуулчихвал цаашдаа ТОСК  хөдөө орон нутгаа хариуцаад, нийслэлд орон сууц барих ажил нь хумигдана гэж ойлгож болох уу?

-Хэрэв НОСК байгуулагдвал нийс­лэлийн орон сууцны хэрэгцээг дангаараа хариуцах боломжгүй л дээ. Тиймээс ТОСК Улаанбаатар хотод 75 мянган орон сууц барьдгаараа бариад явна. Үүн дээр нь нэмээд ядаж 5000 орон сууцыг НОСК барьдаг л болох хэрэгтэй. 

-Энэ ажил хэдийнээс бодитоор хэрэгжиж, журмаа боловсруулж эхлэх юм бэ?

-Зохион байгуулалтын ажил гуравдугаар сардаа цэгцэрчихнэ. Асуудлыг НИТХ-аар хэлэлцээд шийдвэрлэчихнэ. НОСК-ийг байгуулах шийдвэрийг хотын Засаг дарга гаргана. Тиймээс цаг хугацаа алдаад удаад байх юм алга. Төгсгөлд нь нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. Эцсийн журам нарийн гараагүй шүү. Энд  ярьсан зүйлүүд бол гадны улсын жишээ гэдгийг ойлгоорой. Иргэд маань одооноос сар болгон тэдэн төгрөг өгч болох юм байна гээд шуугиад бужигнаад эхэлдэг талтай. Одоо ч манайд олон хүн хандаад эхэлчихсэн байна.

Бид НОСК-аа байгуулаагүй байна. Ямартай ч судалгааны түвшний ажлуудаа хийчихлээ. Одоо саналаа боловсруулаад удирдлагын зөвлөлдөө танилцуулна. Албан ёсоор орон сууцны сангийнхаа дүрэм журмыг батална. Тоглоомын дүрмээ ил болгоно. Үүний дараа иргэддээ танилцуулж, сурталчилах, хөрөнгө босгох ажлууд эхэлнэ. Тиймээс иргэд маань тэвчээртэй хүлээж бай. Шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй танилцуулах болно.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607
0 эможи
keyboard_arrow_up