Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Уянга: Хөгжлийн банк санхүүжүүлсэн төслүүдээ бойжуулахад дэмжин ажиллаж байна

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай ярилцлаа.

-Банкныхаа үйл ажиллагаа, зорилтыг товч танилцуулна уу?

-Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улсын хэмжээнд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, бойжуулж үр дүнг үзэж төслүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэн. Хуулиар зохицуулсан гол санаа нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан юм.

Энэ утгаар манай банк экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа, гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН, энэ чиглэлийн төслүүдийг түлхүү санхүүжүүлж байгаа. Үүнээс гадна импортын болон дэд бүтцийн цахилгаан эрчим хүчний станцын зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлдэг. Энэ бүхэн нь төр, засгаас баталсан хөгжлийн дунд болон урт хугацааны бодлогод уялдан нийцсэн байх ёстойг хуульд тусгасан байгаа.

-Энэ жил ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Юуны өмнө бид энэ оныг зөрчилтэй зээлтэй ажиллах жил болгон зарлаж, хугацаа хэтэрсэн болон зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Мөн банкныхаа журам болон зээл олгох үйл ажиллагаа зэрэг дотоод зохион байгуулалт, зохицуулалтын үйл ажиллагаа, засаглалаа сайжруулж байна. Дээр нь үндсэн ажиллагаа болох эдийн засгийн хөгжилтэй холбоотой экспортын чиглэлтэй төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явж байна. Ийм гурван чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

Үүнээс гадна энэ жил хамгийн гол нь зөвхөн зээл олгоод зогсохгүйгээр санхүүжүүлсэн зээлдүүдээ бойжуулах буюу зээл авсан ААН-үүд бүтээгдэхүүнээ экспортлоход ямар хүндрэл, бэрхшээл гарч байна гэдэг тал дээр төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Жишээ нь, дээрх чиглэлээр “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж байна.

Тодруулбал, экспортлогч ААН-үүдийг АНУ, Канад, Япон, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжин ажиллаж байна. Үйлдвэрлэгч ААН-үүдээ авч явж байгаа. Нөгөө талаар гадны Худалдааны яам, тухайн орны Худалдааны танхим, бусад төрийн байгууллагатай уулзалт зохион байгуулан экспортын бичиг баримтаас эхлээд хил, гаалийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгч, гадны зах зээл Монголоос ямар бүтээгдэхүүн илүүтэй сонирхож буйг судлах зэргээр хамтран ажиллаж байна. Нэг ёсондоо Хөгжлийн банк гэдэг арилжааны банкууд шиг зээлээ олгоод зөвхөн эргэн төлүүлэх талаас биш, улс орны хөгжлийн ирээдүйгээ харж байдаг тул зээл олгосон болон санхүүжүүлсэн үйлдвэр ашиглалтад ороод, төсөл хөтөлбөрүүд бүрэн хэрэгжиж эргээд үр ашгаа өгөх үр дүн гартал бид хамт ажилладаг гэсэн үг юм.

-Зээл, санхүүжилтийн үзүүлэлтүүдээ танилцуулна уу?

-Манай банк өнөөдрийн байдлаар 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг хариуцан ажиллаж байна. Томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудад санхүүжүүлт олгож явдагийг та бүхэн мэднэ. Тодруулж хэлбэл, арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж явдаг. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан санхүүжүүлээд байна. Энд хамрагдаж буй бизнес эрхлэгчид болон ААН-ийн тоо одоо 1700-д хүрээд явж байна. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. 

МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон байна. Цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн МУХБ-наас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болсон.

-1700 ААН гэдэг бага биш тоо. Дамжуулан олгож буй зээлүүд хэр үр дүнтэй явна бэ?

-Үр дүнтэй байгаа. Энд арилжааны банкууд эрсдлээ өөрсдөө 100 хувь даагаад, өөрсдөө судалгааг хийгээд явж байгаа. Үүний эцэст ийм үйлдвэр, ААН-үүдэд зээл олгоё гэсэн саналаа манай банкинд ирүүлдэг. Тухайн бодлого зохицуулж буй яамнаас нь тэр үйлдвэр, ААН-үүдийг сонгон шалгаруулаад эдгээр үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй байна гэж бүр жагсаалтаар ирүүлдэг. Түүн дээр нь арилжааны банкууд судалгаагаа хийгээд шигшигдэн орж ирж буй үйлдвэр, ААН-үүдэд манай банкнаас зээл олгодог.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар дамжуулан олгож буй зээлүүдийн хувьд харьцангуй эрсдэл багатай байна, “Капитал” банкны үйл ажиллагаа дампуурсантай холбоотойгоор Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байна. Бусад банкуудын хувьд зээлийн эргэн төлөлт 100 хувьтай явж байна. Нэг ч өдрийн зөрчил гаргаагүйгээр дамжуулан зээлийн үйл ажиллагаа явагдаж байгаа нь давуу талтай юм.

-Зээл олголтыг салбараар буюу зориулалтаар авч үзвэл ямар байна вэ?

-Зээлийн багцыг салбараар ангилж үзвэл боловсруулах үйлдвэрлэлд 40, барилгын салбарт 24.2, дамжуулан зээлд буюу арилжааны банкуудад 16.3, уул уурхайн салбарт 10.6, эрчим хүчинд 8.3, бусад салбарт 2.6 хувь нь ногдож байна.

-Энэ 10-р сарын 28-29-нд манай улсад болох “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес чуулга уулзалтад танай банк дэмжин оролцохоор болжээ. Энэ талаар тодруулна уу?

-Экспортод чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэгийн хувьд манай банк дээрх чуулганд экспортлогч ААН-үүдээ оролцуулж мэдээллээр ханган ажиллана. Энэ удаагийн “Экспорт Монгол-2019” 5 дахь удаагаа болох гэж байна. Зөвхөн манай дотоодын компани, ААН-үүд оролцдог байсан бол энэ жил олон улсын олон байгууллага ирж, өмнөхөөсөө өргөн хүрээнд, 2-3 талт уулзалт болох гэж байна. Бизнесээ дэмжиж санхүүгийн байгууллагууд мөн оролцох гэж байна. Энд манайх төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж санхүүжүүлж оролцох юм.

Тодруулга: Монгол Улсын Хөгжлийн банк нь хөрөнгө, санхүүжилтийн хувьд гадны эх үүсвэрийг татан төвлөрүүлэх эрх бүхий банк бөгөөд мөн төрөл бүрийн бонд гаргах замаар болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж эдгээрээс орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрээр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609124
0 эможи

Зочин
2019-10-10 22:09
Зочин
2019-10-10 15:38
сонирхолтой
keyboard_arrow_up