Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ

2019 оны 10 сарын 31

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдоод удаагүй байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж уулзсан.

Arslan.mn

Тэрбээр Хөгжлийн банкны зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, танилцуулахыг үүрэг болгож байв. Түүнчлэн тус банкны чанаргүй зээлтэй холбоотой олон хэргийг АТГ-т шалгаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа.

Өөр нэг чухал зүйл нь Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 2016 оны наймдугаар сарын 17-ны өдөр байгуулсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус банкийг шалгаад хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай танилцуулж байсан.

Тэд Хөгжлийн банкийг үүсгэн байгуулагдсанаас хойших хугацаанд татан төвлөрүүлсэн нийт санхүүжилтийн эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалт, зарцуулалт, хэрэгжилт зэргийг шалгасан гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан. Мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй.

Тус банкны чанаргүй зээл 13.9 хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна.

Хэчнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Ингэж байгаад хэлэлцэх нь зөв. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргаж өгөөд хэлэлцмээр байгаа юм” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банк”-ны зээлтэй холбоотой маш ноцтой асуудлыг УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн.

Нийт зээлийн 84 хувь нь эргэн төлөгдөхгүй байдалд байгаа нь тодорхой болоод буй. Тэгвэл “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил тухайн үед илэрч байсан, ямар хүмүүс зээл авчихаад эргүүлэн төлөхгүй өнөөдрийг хүрээд байгааг хүргэж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС БАТЛААГҮЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ

2015 онд Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт шалгалт хийж байжээ. “Чингис” бондыг авахад үйл ажиллагааны зардалд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк5.4 сая ам.доллар төлсөн байна.

Гэтэл үүнээс 20 гаруй хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор бондын зардалд дахин 5.4 сая ам.долларыг гаргуулжээ. Төсвийн тухай хууль зөрчиж, нэг ажлын үйл ажиллагааны зардлыг хоёр удаа төлсөн энэ зөрчилд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй гэнэ.

“Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан гэж үзжээ.

Нийт бондын хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан нь ойрын жилүүдэд төсөвт асар их дарамт учруулах эрсдэлтэй гэдгийг ҮАБЗ 2015 онд зөвлөмжөөр Засгийн газарт хүргүүлж байсан удаатай гэнэ. Гэвч үүнийг үл тоомсорлож байсан нь Хөгжлийн банкийг өнөөгийн хүнд байдалд хүргэснийг сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ.

Мөн Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газраар батлуулаагүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ноцтой алдаа гаргадаг байсныг шалгалтын дүн харуулав. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг хууль бусаар гаргасан гэнэ. Мөн Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл дур мэдэн олгосон байна.

Энэ нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 10.1 дэх хэсэгт заасан УИХ-аас шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсны дагуу санхүүжүүлэх ёстой үндсэн чиг үүргээ зөрчсөн үйлдэл болжээ. Мөн зээл олгох шийдвэрийг Засгийн газар бус Хөгжлийн банкны Зээлийн хороо хуульд заасан нэгжүүдийн саналыг үндэслэн гаргах заалтыг ч зөрчсөн гэнэ.

13 ИХ НАЯДААР ХЭМЖИГДЭХ САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ЮУНААС ҮҮСЭВ

“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банканд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болжээ.

Мөн Монголбанкнаас шаардсаар байхад нь биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар зориулжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байна.

Бас Таван толгойн цахилгаан станц, төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд нэг сая 414 мянган ам.доллар төсөвлөн баталсан гээд өндөр дүнтэй мөнгө яригдаж байна.

Дээрхээс гадна төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн байдал баримтаар харагдаж байна. Зөвхөн цалингийн зардлын хувьд гэхэд нэг сая 484.800 ам.долларыг давхар тооцжээ.

“Амгалан” дулааны цахилгаан станцын төсөлд Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох хүртэлх хугацаанд гурван удаа гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгожээ.

ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Хөгжлийн банк 2012 оноос эхлэн санхүүжилт олгож эхэлсэн байна. 2016 оны байдлаар гэхэд нийт 5.373.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт олгосон зээлийг эргэн төлөгдөх нөхцөлөөр нь авч үзвэл улсын төсвөөс төлөгдөх төсөл, арга хэмжээ нь 54 хувь буюу хамгийн өндөр дүнтэй байна.

Мөнгөн дүнгээр 2.679.9 тэрбум төгрөг ажээ. Төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд олгосон зээл нь нэг 1.483.7 тэрбум төгрөг гэнэ. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл нь 1.209.8 тэрбум төгрөг байна.

УЛСЫН ТӨСВӨӨС ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ САЛБАРААР ТАНИЛЦУУЛЪЯ
  • Авто зам: 114 төсөлд 1.157.4 тэрбум төгрөг,
  • Гудамж төсөл: 95 төсөлд 134.3 тэрбум төгрөг,
  • Инженерийн дэд бүтэц: 68 төсөлд 349.4 тэрбум төгрөг,
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалт: таван төсөлд 349.4 тэрбум төгрөг,
  • Уул уурхай: хоёр төсөлд 5.5 тэрбум төгрөг,
  • Төмөр зам: нэг төсөлд 347.1 тэрбум төгрөг,
  • Үл хөдпөх хөрөнгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 80.0 тэрбум төгрөг,
  • Боловсруулах үйлдвэрлэл: нэг төсөлд 7.9 тэрбум төгрөг,
  • Санхүүгийн үйл ажиллагаа: нэг төсөлд 2.7 тэрбум төгрөг,
  • Улсын төсвөөс шилжин ирсэн төслүүд (авто зам, дэд бүтэц, бусад): 57 төсөлд 254.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.
ТӨСЛИЙН ОРЛОГООС 1.483.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ШУУД ЭРГЭН ТӨЛӨГДӨНӨ

Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн шууд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ нь 1.483.7 тэрбум төгрөг байгаа аж. Энд нийтдээ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 16 компанийн нэрсийг жагсаажээ. Хэн, хэн хэдэн төгрөгийг ямар төсөлд санхүүжилт хэлбэрээр зээлснийг сонирхуулъя.

  1. "Монголын төмөр зам ТӨХК шинэ төмөр зам" төсөлд 14.3 тэрбум төгрөг,
  2. “ДЦС-4 “ТӨХК- хүчин чадал нэмэгдүүлэхэд 19.2 тэрбум төгрөг,
  3. Эрчим хүчний яам-“Амгапан" дулааны станц барихад 3.0 тэрбум төгрөг,
  4. “Мон-Лаа” компани-Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлдээ 5.6 тэрбум төгрөг,
  5. “Эрдэнэс Таван толгой" ХК- 372.2 тэрбум төгрөг,
  6. “Багануур” ХК- Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөхөд 18.6 тэрбум төгрөг,
  7. “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-Геологийн төв лабораторидоо 0.4 тэрбум төгрөг,
  8. “Кью Эс Си” ХХК- Төмөртэй ордоос Хандгайт хүртэлх төмөр замд 133.7 тэрбум төгрөг,
  9. “МИАТ” ТӨХК- Тээврийн үйл ажиллагаанд 152.6 тэрбум төгрөг,
  10. ТОСК Буянт-Ухаа-1, 2, аймаг бүрт 1000 айлын хөтөлбөр, Шинэ яармаг орон сууцны хороолол, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор-292.0 тэрбум төгрөг,
  11. “Пи Ай ЭМ ЭМ” ХХК- Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол-24.9 тэрбум төгрөг,
  12. “МАК Цемент” ХХК Хөх цавын цемент -133.2 тэрбум төгрөг,
  13. “Монполимет” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК-126.6 тэрбум,
  14. “Эрэл" ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл- 70.4 тэрбум төгрөг, АН,
  15. “Бэрэн групп” ХХК -Барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 32.0 тэрбум төгрөг, АН,
  16. “Хөтөл” ХХК- Хөтөлийн цемент үйлдвэрлэл төсөлд 84.8 тэрбум төгрөг.
АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛАН 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

Хөгжлийн банк нь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны 11 банктай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 13 хөтөлбөрийн 1,619 төсөл хэрэгжүүлэгчид 1.2 их наяд төгрөгийн зээлийг олгожээ.

Эдгээр банкаас “Голомт” банкаар хамгийн их буюу 397.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банкаар 318.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Энэ дүн нь нийт дамжуулан зээлийн 60 хувьтай тэнцэх ажээ. Энэ хоёр банкнаас зээл авсан компаниудыг танилцуулъя.

Худалдаа хөгжлийн банкнаас дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд:

  1. “Баатарууд тэнгэр” ХХК-Мах хөтөлбөрийн хүрээнд 7.0 тэрбум төгрөг
  2. “Баатрууд тэнгэр” ХХК -ЖДҮ-ийн ЗЭЭЛИЙН ХүрЭЭНД 2.0 тэрбум төгрөг
  3. “Дархан мийт фүүдс” ХХК-Экспортыг дэмжих, импортыг орлох 300 тэрбум төгрөгийн хүрээнд 2.0 тэрбум төгрөг,
  4. “Дархан мийт фүүдс”-Мах хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг,
  5. “Макс хотелс” ХХК, “Макс ложинг” ХХК АСЕМ-ийн хүрээнд нийт 27.0 тэрбум төгрөг
  6. “Монос фупп” ХХК экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.9 тэрбум төгрөг тус тус авсан байна.

Голомт банкаар дамжуулан зээл авсан томоохон аж ахуйн нэгжүүд гэвэл

  1. “Номадс резиденс” ХХК - АСЕМ-ийн хүрээнд 13.5 тэрбум,
  2. “Эхийн шүүдэр” ХХК-экспорты гдэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд 5.8 тэрбум төгрөг,
  3. “Сүү ХХК”-Голомтын таван салбарын зээлийн хүрээнд 6.0 тэрбум төгрөг тус тус авчээ.

Зээл авсан МАН, АН-ын гишүүдийн нэрс:

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 2024 он хүртэл тооцоолжээ. Нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.654.4 тэрбум төгрөг, 2022 онд 16664.7 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй жилүүд байхаар байгаа гэнэ.

2016 оны наймдугаар сарын 16-ны байдлаар олгосон зээлүүд 2016-2024 онуудад нийт 5,558.6 тэрбум байхаар тооцжээ.Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээлийн 59 хувийг төрийн өмчит компаниудад олгосон бол үлдсэн 41 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Үүнээс 17.5 хувь буюу 259.8 тэрбум төгрөг нь МАН-ын гишүүдтэй холбоотой байгаа юм.

Харин 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөг нь АН-ын гишүүдтэй холбоотой ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг гэгдэх “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан аж.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани 122 тэрбум төгрөг, “МАК цемент” 110 тэрбум төгрөг, С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийг тус тусдаа авсан байдаг аж.

Эндээс эхлэн МАН-ын гишүүдийнХөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийн нэрс цаашаа цувардаг байна. Харин Ардчилсан намаас гэхэд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нараас эхэлдэг. “Монроуд” компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарынх гэдгийг иргэд мэднэ.

АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай.

“Хурдны зам” компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

“Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Б.Анар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609883
0 эможи

Зочин
2019-10-31 11:59
keyboard_arrow_up