Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ногоон зээл утааг багасгахад тусална

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд байгаль орчны төлөө ногоон зээлийг идэвхтэй дэмжиж, хөгжүүлж байна. Харин манай улсад ногоон зээл олгох үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ гэдгийг энэ нийтлэлээр үзүүлэхийг зорилоо. Засгийн газар, БОАЖЯ түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болсноо өнгөрсөн наймдугаар сард зарласан билээ. Гэр хороолол дахь 200 мянган өрхийг 2030 он гэхэд  “Ногоон зээл”-ээр хангах бүрэн бололцоо бий гэдгийг яамныхан онцолж байсан юм. Агаарын бохирдлыг шийдэхийн тулд гэр хорооллын айл өрхүүд ханан пийшингээсээ салж, дэлхий нийтийн тренд болж буй “ногоон” тодотголтой эрчим хүчний хэмнэлттэй хурдан хугацаанд халдаг технологийн дэвшилтэт цахилгаан халаагуурыг хэрэглэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа билээ. Тухайлбал гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүмүүс ногоон зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. Хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд зээл авахаас гадна тухайн иргэнд, банк шалгуураа тавина. Банкны шалгуурын хувьд шаардлагыг бууруулсан, ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээс гадна  ганцхан зээлээ эргэн төлөх боломжтой гэдгээ л нотлоход болох зохицуулалттай байна. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологийг сонгосон байх шаардлагатай юм байна.

Ногоон зээл жилд 8-9 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолыг баталснаар нийслэлийн хэмжээнд  дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна. Энэ оны  байдлаар 44 мянга гаруй  агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч болон бусад дагалдах хэрэгсэлд 3.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон бөгөөд Засгийн газраас уг зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлжээ.

Өнгөрсөн есдүгээр сараас ХАС банк, Хаан банк, Төрийн банкаар дамжуулан цахилгаан зарцуулалт багатай, хананы цахилгаан халаагуур, шөнө дулаан халаагуур, гэр байшингийн дулаалгын материал, эко жорлон зэрэг бараа бүтээгдэхүүнд 40 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Мөн хоногт 100-аас дээш тооны жуулчин хүлээн авах хүчин чадалтай ААН-д бохир ус цэвэршүүлэх байгууламж, ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж, дулаалга, халаагуурын бараа бүтээгдэхүүнд 200 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа аж.

Одоогоор ногоон зээл олгож байгаа гурван банк байна. Төрийн банкны хувьд “Эко боловсрол олгох аян”, “ТоС” хөтөлбөрийг хэрэгжүүлэн “Ногоон зээл”-ийн үйлчилгээг нэвтрүүлжээ. “Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төсөл”-ийн зээл нь сарын 1.5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэй бөгөөд есөн хувийг нь хариуцагч төлж, үлдсэн есөн хувийг улсын төсвөөс төлөх аж.

ХААН Банкны хувьд монгол гэр болон, байшинд зориулсан төхөө­рөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн найман хувийн хүүтэй өгөх бол аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, мөн жилийн найман  хувийн хүүтэйгээр олгодог.

Мөн Хасбанктай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллагуудаас цахилгаан болон бусад халаагуурыг “Эко Хэрэглээний Зээл”-ээр авах боломжтой аж. Мөн нэг давуу тал нь хуучин зуухтай бол зуухаа хураалгаад 150 мянган төгрөг авах боломжтой аж. Одоогийн байдлаар ногоон зээлд 20 гаруй иргэн ААН хамрагджээ. Хас банкны хувьд хамтран ажилладаг нийлүүлэгч долоон байгууллагатай бөгөөд хэрэглэгч тэр байгууллагуудын бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой аж. Түүнчлэн “Ногоон зээл” хөтөлбөрт хамрагдаж, бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж ахуйн нэгжүүд гааль, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломж эдэлдэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610147
0 эможи

Зочин
2019-11-07 12:24
keyboard_arrow_up