Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Амартүвшин: Хөгжлийн банк чанаргүй зээлийн хэмжээг багасгахаар ажиллаж байна

2019 оны 11 сарын 28

Arslan.mn

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, "Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ” нэртэй нийтлэл гарсан. Энэ талаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй хүмүүсийн тухайн мэдээлэл гарсан. Энэ нь  хэр үндэслэлтэй вэ?

-Сонинд гарсан нийтлэлийг нь уншсан. Та бүхэн анзаарсан бол 2016 онд Хөгжлийн банканд Засгийн газраас хийсэн шалгалтын мэдээлэл байна билээ. Тухайн үеийн зээлийн үлдэгдлийн багцын тоон мэдээлэл байсан. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн. Энэ хугацаанд зээлээ бүрэн төлж дуусгасан аж ахуйн нэгжүүд бий. Хөгжлийн банкны баланс, зээлийн багц, хууль дүрмийг 2016 оноос хойш ихээхэн өөрчилсөн. Тухайлбал, 2016 онд Хөгжлийн банкны зээлийн багц зургаан их наяд төгрөг байсан. Үүнээс 3.3 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 350 гаруй төсөл хөтөлбөр байсан юм. Харин 1.2 их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулан 1600 гаруй ААН-д зээл олгосон. Мөн Хөгжлийн банкнаас 17 төсөл хөтөлбөрт 1.6 их наяд төгрөгийн зээл шууд олгосон. Банк 2016 оны жилийн эцсээр улсын төсөвтэй холбоотой бүх төсөл хөтөлбөрийг Сангийн яаманд шилжүүлсэн байна. Хөгжлийн банкнаас шууд зээл авсан аж ахуйн нэгжийн зарим зээл бүрэн хаагдаж зарим нь графикийн дагуу төлөөд явж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 200 сая ам.долларын зээлийг 2012 – 2019 он хүртэл ашиглахаар гэрээ байгуулсан ч 2018 оны 10 дугаар сард хугацаанаасаа өмнө бүрэн төлсөн байна. Мөн Геологийн төв лаборатори ТӨҮГ, "Пи Ай Эм Эм" ХХК, "Багануур" ХК-иуд зээлээ бүрэн төлсөн. Гэтэл сонинд гарсан нийтлэлд дээрх байгууллагууд Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй мэтээр ташаарсан байна.

Түүнчлэн УИХ, Засгийн газраас Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд "Монголын төмөр зам" ТӨХК-д хамаарах 506.2 тэрбум төгрөгийн,  "Амгалан дулааны станц" ХХК-д хамаарах 191.9 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн Газарт шилжүүлсэн.

Зээлээ хуваарийн дагуу болон хугацаанаас нь өмнө төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүд ч байна. Тухайлбал, Монцемент үйлдвэр манайхаас 65 сая ам.долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33.4 сая ам.долларыг төлж, 31.6 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд валютын зээл авснаас ханшийн эрсдэлд ордог. Өөрөөр хэлбэл, зээлээ хуваарийн дагуу төлсөн ч ханш өсөөд байхаар монгол төгрөгөөр багц нь буурдаггүй эрсдэл томоохон аж ахуйн нэгжүүдэд бий. Жишээлэхэд, ТОСК ТӨХХК-ийн зарим зээлийг валютаар өгчихсөн. Зээл төлөгддөг ч валютын ханш өссөн гээд багц нь буураагүй мэт байдлыг бий болгож байна.

 -Зээлийн эргэн төлөлт хэдий хэмжээнд байгаа бол?

-Арилжааны банкаар дамжуулж олгосон 1600 гаруй аж ахуйн нэгжийн 1.2 их наяд төгрөгийн зээл хуваарийн дагуу төлөгдөөд өнөөдрийн байдлаар, багцын үлдэгдэл 380 гаруй тэрбум төгрөг байна. Эдгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны эцсээр дуусахаар байна.

-Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн багцын хувь хэмжээ багассан уу. Одоогоор хэдэн хувьтай байна?

-Хөгжлийн банк 2016 онд нийт 6.8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, зээлийн багц зургаан их наяд төгрөг байсан бөгөөд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь өндөр байсан. Үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд, 190.0 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажиллалаа. Мэдээж чанаргүй зээл их байгаагаас шалтгаалж банкны эрсдэлийн санг нэмэх зэргээр банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл бий.

Өнөөдрийн байдлаар, банкны актив хөрөнгө 4.2 их наяд төгрөг, зээлийн багц 2.7 их наяд төгрөг, чанаргүй зээлийн хэмжээ хагас жилээр 11.9 хувьтай байна. Бид богино, дунд хугацаанд чанаргүй зээлийн хувь хэмжээг багасгахаар идэвхтэй ажиллаж байна.

-Сонинд гарсан мэдээлэлд, 13 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчлийн талаар дурьдсан байсан?

-13 их наяд биш. Тухайн үед 2016 оны ажлын багийн дүгнэлтээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Хөгжлийн банкны удирдлагад гарсан зөрчлийг арилгах, хууль зөрчсөн бол хуулийн байгууллагад шилжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу холбоотой материалыг хуулийн байгууллагуудад шилжүүлсэн.

-Засгийн газраас энэ онд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилтэй зээлийн эргэн төлөх явц ямар түвшинд байна вэ?

-Хөгжлийн банканд авсан зээлээ хугацаанд нь төлөгдөхгүй хэдэн төсөл байна. Тэдгээрийг ЗГХЭГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн. Зарим төсөл нь цаанаа хэвийн ажиллаж байгаа ч зээлээ төлөхгүй, ханшийн эрсдэлд орсон, ажил нь доголдсон, зээлээ зориулалт бусаар ашигласан зэрэг асуудлаар зээлээ хугацаанд нь төлөгдөхгүй байна. Энэ нь банкны ажилд сөрөг нөлөөлж байна. Оны эцэст эрсдэлийн санг нэмж байгуулах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид Засгийн газраас дэмжлэг авч, хуулийн байгууллагатай хамтран бодитой үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

С.Мөнхбаатар

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610997
0 эможи

keyboard_arrow_up