Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүүг бууруулах өрсөлдөөнийг дэмжинэ

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье. 

-Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, арван хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10-аас 9 хувь болгож буурууллаа. Үүний хамгийн гол шалтгаан нь гадаад эдийн засгийн орчин, түүнээс улбаатайгаар дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэнтэй холбоотой.

Хоёрдугаарт, энэ манай эдийн засгийн гол улиралтай давхцаж байгаа нь ойрхон хугацаанд дараалан шийдвэр гаргах шалтгаан юм. Түүнчлэн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах бололцоог олгов. Энэ нь өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг шокийг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой. Бодлогын хүү 11-9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм.

-Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч, буурч байна шүү дээ. Нөхцөл байдлыг төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Монголбанкны зүгээс 2018 оны сүүлээс эхлээд олон нийт, бизнес эрхлэгчдэд гадаад эдийн засгийн орчин таагүй байх нь гэдгийг анхааруулсан. Гэхдээ шалтгаан нь бидний бодсоноос өөр байлаа. Ковид үүсээгүй байсан ч ер нь гадаад орчин муудахаар байсан гэсэн үг. Гэхдээ ийм гүнзгий хүнд биш байх байсан. Ковид-19 вирусээс улбаалсан энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн идэвхжил, худалдаа, санхүүгийн зах зээлд доргио үүсгэж, маш гүнзгий уналт, тодорхой бус байдалд хүргэлээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн хандлагын тайлангаас харахад гурван сарын өмнө +3 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байсан дэлхийн эдийн засгийн өсөлт –3 хувь болж, 6 хувийн өөрчлөлт бий болж байна. Энэтхэг, Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн 2/3-ийг бүрдүүлдэг 10 том эдийн засаг энэ онд 5-9 хүртэлх хувиар агшихаар байна.

Оны эхнээс хөрөнгийн зах зээл дээр үнүүд 20-30 хувиар, таваарын үнүүд дунджаар 20 гаруй хувиар, үүний дотор металлын үнүүд 15 орчим хувиар унаж, эрчимтэй хөгжиж буй орнуудаас валют их хэмжээгээр америк руу шилжиж, тэдгээрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 10 гаруй хувиар ам.долларын эсрэг суларч, эрсдэлийн үнүүд 3-4 дахин нэмэгдсэн, хөгжиж буй улс орнуудын Засгийн газрын зээлжих хүү 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүслээ.

-Сэргэлт хэдий хугацааны дараа эхлэх вэ?
-
Одоогийн нөхцөл байдлаас харахад сайнаар бодоход энэ оны II хагаст сэргэлт эхлэх нэгмдэл таамаглалтай. Гэхдээ энэ хямрал өмнөх хямралуудаас шалтгаан, үр дагавар, хямралаас гарах жор нь ялгаатай болохоор тааварлахад маш хэцүү. Эдийн засгийн бус шалтгаанаас хамааралтай. Тэр вирус, түүний тархалт, түүнийг эмчилэ,х хяналтдаа оруулж чадах эсэхээс сэргэлт хамаарна. Аль ч улс хэчнээн мөнгө нийлүүлээд хөл хорио бүрэн тавигдаагүй бол, тавигдсан ч хүмүүсийн айдас болгоомжлол арилаагүй тохиолдолд эдийн засгийн бодлогын үр нөлөө сул байх болно.

Тухайлбал, 2008/09 оны хямрал бол санхүүгийн зах зээлээс улбаалан эрэлтийг агшаасан хямрал байсан.  Энэ удаагийнх бол өвчний нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ үлдсэнээр эдийн засгийн идэвхжил, үйл ажиллагаа зогсож байгаа. Энэ нь эрэлтийг эрс бууруулж, улмаар нийлүүлэлтийн суваг тасарсан. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээр 2008, 2009 оных шиг хүчтэй доргио үүсч, хөрөнгийн үнэ цэнүүд унасан.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ХҮҮ 17 ХУВЬ БАЙНА

-Гуравдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болгосон. Тодорхой хугацааны дараа буюу өнгөрсөн даваа гарагт дахин 1 нэгж хувиар буурууллаа. Тэгэхээр өмнөх удаагийн нэг хувийн бууралт хангалтгүй байсан уу?

-Бодлогын хүүгийн бууралтын үр дүн 14 хоног эсвэл нэг сарын дотор гарахгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн харилцаанд амьдарч, бизнес хийж байгаа. Тэгэхээр бизнесийн харилцаанд өөрчлөлт гарч байж, үр дүн нь гарна. Бид яагаад гуравдугаар сараас хойш дахиад нэг сарын дараа бодлогын хүүг бууруулсан бэ гэхээр эдийн засгийн төлөв байдлын муу нөхцөл байдал хүлээснээс давж байна. Өөрөөр хэлбэл хоёр гуравдугаар сарын төлөвт үндэслэн эдийн засгийн өсөлтийг энэ онд 4 орчим хувь буюу II улирлаас байдал сайжирахаар хүлээж байсан.

Зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өснө. 

Хятадын хувьд таамаглал биелсэн боловч Европ, Америкийн  нөхцөл байдал муугаар эргэсэн. Шинэчилсэн нөхцөлөөр хоёрдугаар улирлыг дуустал дэлхий нийтэд энэ вирусийн нөхцөл байдал хүнд хэвээр байх нь. Америк, Европ хоёр улс сайнаар бодоход хоёрдугаар улиралдаа багтаад вирусийн тархалтыг хяналтдаа авснаар гадаад орчныг даган дотоод орчин сүүлийн хагаст сэргэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сэргэлтийг нэг улирлаар хойшлуулсанаар эхний хагас бүхэлдээ ЭЗӨ хасах байж, сүүлийн хагаст сайжрах ч эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож буурууллаа.

Бодлогын хүүнээс гадна Монголбанкнаас заавал байлгах нөөц, банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү, банкуудын төв банк дахь хадгаламжийн хүүг бууруулахын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг арилжааны банкуудад олголоо. 

-Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү буурах уу?  

-Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсны зорилго нь бизнесийн идэвхжлийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм.

Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурай гүйцэтгэхийн тулд төв банкинд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.  Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстойӨнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11%-иас 9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13%-иас 10% болж буураад байна.

-Бодлогын хүү бууруулснаар өөр ямар боломжууд бий болох вэ?
-
Бодлогын хүү буурч, зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсч байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн зээлийн хүү, зээлийн хугацаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ зээлдэгчдэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүснэ. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой. 

Үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна уу?

-Бид нэг талаас банкуудыг санхүүгийн механизмаар маш хүчтэй шахаж байгаа. Эдийн засгийн хувьд тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед зээл олгохыг шахах нь тэднийг тодорхой хэмжээнд эрсдэл үүрэхийг шаардаж байна гэсэн үг. Нөгөө талдаа шинэ зээл гаргахдаа банкууд хөшүүн байж болох талтай тул зээлийг банкинд эргүүлэн татагдахаас илүү зээлдэгчийн гар дээр нь үлдээх зорилгоор эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээг макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна.

Түүнчлэн банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулах зорилгоор Төв банкнаас зээл авах нөхцөл үүсвэл энэ хэрэгцээг илүү хямд хангах үүднээс санхүүжилтийн хүүгээ 13-10 хувь болгов. Банканд зээл олгох барьцаа хөрөнгийн жагсаалтыг ч бас нэмэгдүүлсэн.

-Зээлийн хугацааг 12 сараар сунгасан үндэслэл юу вэ?
-
Хямралын үед, эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал бий болоход бидний хэллэгээр эдийн засагт “Зээлийн тасалдал” бий болдог. Нэг ёсондоо санхүүгийн байгууллага эрсдэлээ бага байлгахыг зорьдог. Харилцагчийн хадгаламжийг татаад, зээл болгож байгаа учраас харилцагчийн мөнгийг эрсдэлгүй байлгахын тулд зээлээ эрсдэлгүй байлгах ёстой. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зээл гаргах шалгууруудаа чангатгаад, зээл олголтоо эрс багасгадаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл байгаа учраас банкны зээл рүү татагдаад байгаа мөнгөн хөрөнгийг аль болох эдийн засагт нь үлдээх бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр ярьсны дагуу бизнесийн болон хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш арилжааны банкуудад дөрөвдүгээр сарын эхээр авсан мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бүтцэд өөрчлөлт орсон байна.

-Хугацаа сунгаж байгаа нь мэдээж тодорхой хэмжээнд эргэн төлөлт нь хүндэрч байгаа зээлүүдэд хамаарах байх? Зээлдэгч энэ боломжийг яаж ашиглах вэ? Яаж хэрэгжих вэ?

-Хүндрэлд орсон зээл хамаарна. Зээлдэгч аль болох эрт банкиндаа хүсэлтээ гаргах ёстой. Ажилгүй болсон, ажлын цаг багассан, эсвэл гэр бүлийн гишүүн ажилгүй болсон гэх зэрэг мэдээллээ арилжааны банкиндаа өгнө. Ингэснээр зээлдэгч Монголбанкнаас олгож байгаа хугацаанд харьцангуй зээлийн дарамт багатай байх боломж бүрдэнэ. Хэрэгжилтийн хувьд энэ маш том ажил болно. Тухайлбал, зээлдэгчийн тоо 1.2 сая байхын зэрэгцээ олон хүн цуглуулахгүй байх, цахим хэлбэрээр зохион байгуулах гээд банкууд дээр ачаалал их байгаа.

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад Монголбанк тодорхой хэмжээний арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж байна. Цаашид юун дээр анхаарах вэ?
-
Нэгд, тодорхой бус байдал өндөр байгаа тул эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг аль болох хэмнэх, хамгаалах шаардлагатай. Хоёрт, манай эдийн засгийн дотоод идэвхжилийг эцэстээ гадаад урсгал тодорхойлох учраас гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, тухайлбал экспортоо сэргээх, 1-р улиралд алдсан экспортоо нөхөх. Гуравт, хөрш орнууд, донорууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх. Дөрөвт, ААН, өрхийг дампуурал хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд бий болгосон бодлогын зарчмуудаа хадгалж хамгаалах, зах зээлийн үндсэн зарчмуудаа хадгалах нь чухал гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616163
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up