Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Хэрэглээний зээлийг сунгахтай холбоотой асуултуудад хариулав

2020 оны 5 сарын 13

Arslan.mn

Хэрэглээний зээлийг сунгахтай холбоотой асуултуудад Монголбанкнаас хариулт өглөө. 

- Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Гэвч энэ шийдвэр өнөөг хүртэл банкуудад хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөг хүртэл яагаад хангалтгүй байна вэ?

- 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулдаг байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан (https://www.mongolbank.mn/news.aspx?id=2472&tid=1).

Харин Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4-р сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байна. Энэ шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжээд явна. Өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарын хүрээнд байгаа зээлүүдийн хувьд зээлийн гэрээний нөхцөлөө өөрчлөөд явж байгаа.

- Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?

- Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсөж болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй.

- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

- Иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно.

- Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?

- Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүссэн. Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд хэвийн зээлийн ангиллыг өөрчлөхгүй байх 90 хоногийн хугацаанд (7-р сарын 31-нийг хүртэл) багтаан банкууд зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ.

- Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ?

- Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж банкуудад хүргүүлсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх банкууд дээр хэрэгжээд явна.

- Хэрэглээний зээл авсан бүх зээлдэгчид зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах уу?

- Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас (i) зээлийн эргэн төлөлт доголдсон, (ii) орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

- Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болж, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?

- Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай.

- Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүүнүүд багтдаг вэ?

- Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.

- Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?

- Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.

- Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?

- Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно.

-Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?

- Болно. Ялангуяа өмнө нь өндөр Өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч Өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

- Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?

-Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм.

Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.

- Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?

- Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
5
617025
12 эможи
keyboard_arrow_up