Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!

Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголбанкны хувьд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилд банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж ирлээ.

Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, өрийн дефолтод орохоос зайлсхийх хөтөлбөр, арга хэмжээг Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаа. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляци зорилтот 8 хувийн түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5%-иас давж, гадаад валютын нөөц 9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Энэ нь дэлхий даяар тархсан коронавирус (Ковид-19)-т цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн чадавхи, дархлааг бий болгох суурь болж байна. Эдийн засгийн хүндрэлийг сөрөг нөлөө багатайгаар даван туулах зорилгоор Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын сан (ОУВС)-ын Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улс хамрагдаж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээрийг эцэслэн тохирлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, дэлхийн банк болон бусад доноруудын дэмжлэг, санхүүжилт үргэлжлэн орж ирэхээр хүлээгдэж байна.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Холбогдох тайлангаа 2020 оны 1 дүгээр сард болсон ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн БНХАУ-д зохион байгуулсан хурал болон 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар амжилттай танилцуулж, хамгаалав. Үүний үр дүнд ФАТФ-аас ирүүлсэн тайлангаар Монгол Улс өгөгдсөн 6 ажлын үүрэг даалгавраа хангалттай биелүүлсэн гэдэг үнэлгээг ирүүллээ. Цаашид Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээг авах бөгөөд үүний дараа ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах асуудал шийдэгдэнэ.

Монголбанкнаас эдийн засагт тулгарч буй сорилтыг хохирол багатай даван туулахад шаардлагатай бодлого, арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид санхүүгийн зуучлалыг тасалдуулахгүй байх, эдийн засгийн идэвхжилийг дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно. Энэ зорилтыг амжилттай ханган биелүүлэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг ерөөе!

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН

2020 оны 6-р сарын 02

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617502
2 эможи
Монголбанк
Б.ЛХАГВАСҮРЭН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up