Монголбанкны хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны үйл ажиллагааны талаар тус албаны захирал Д.Баянзулын мэдээллийг сонсов.
Уг алба нь сүүлийн жилүүдэд Монголбанкны гадаад, дотоодын хөрөнгийн санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, хамгаалалтын арга хэрэгслийг газар хэлтэс, бүх нэгж, албадад нэвтрүүлэх талаар томоохон ахиц гаргаж, эрсдэлийн удирдлагын орчин цагийн чиг хандлага тэргүүний арга барил хийгээд "Ковид-19" цар тахлын улмаас гадаад, дотоодын зах зээлд үүсэж буй нөхцөл байдлыг харгалзан санхүүгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах чухал ажлуудыг эхлүүлсэн байна. Харин Монголбанкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлага, түүний боловсон хүчний хангамжийг нэмэглдүүлэх, гадны хүчин зүйлсийн, ялангуяа төрийн дээд шатны удирдлагаас санхүүгийн эрсдэл үүсгэж болох шийдвэрт хориг тавих чадамжтай болох эрх зүй, удирдлагын бүтэц бий болгоход хувь нэмрээ оруулж ажиллахыг Хяналтын зөвлөлөөс анхааруулав.
Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар тус албаны захирал С.Ганбаярын мэдээлэлтэй танилцаад Хяналтын зөвлөлийн зүгээс Монголбанк нь Монгол улсын банк, санхүүгийн байгууллагад итгэх итгэлийг сайжруулж, төрийн үйлчилгээг сайжруулахын тулд хийж буй мэдээлэл цуглуулж нууцыг сайтар хадгалж ард түмний итгэлийг авч ажиллаж байгааг зүйтэй гэж үзэв. Цаашид энэ зээлийн мэдээллийн ажлыг чанаржуулж, нэгжийн зохицуулах чадварыг бий болгох, програм хангамж зэрэг дээр бүтцийн, зарчмын бодлогын ямар шинэчлэл хийх ёстой вэ гэдэгт тодорхой нарийвчлан судалж үзэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг өгөв.
Монголбанкны Хяналтын зөвлөл нь нийтийн хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын гадаад өр, төлбөр түүний барагдуулалт, үйл ажиллагааны явцтай танилцлаа. Цаашид судалгаан дээр тулгуурлаж, бодит тоо баримт дээр үндэслэн нийтэд зөв мэдээлэл өгөх тал дээр хэрхэн хамтарч ажиллаж болох, бодлогын баримт бичиг болгох талаар санал солилцов.
Монголбанкны гадаад салбарын мэдээллийн хүртээмж, нээлттэй байдал, цар хэмжээ сайжирч, олон улсын жишигт нийцтэй болж буйг тэмдэглэхийн хамт өрийн удирдлага, бодлого боловсруулахад банкны статистик мэдээллийг оновчтой ашиглах, зээлийн эргэн төлөлтийг хангах эх үүсвэр бий болгоход төр, нийгмийг чиглүүлж ажиллахын чухлыг Хяналтын зөвлөлийн гишүүд онцлон ярилаа. Ялангуяа, нийт зээлийг багасгах, дахин санхүүжилт хийх, хүүгийн зардал өсөх нөхцөл бүрдэхээс ямагт урдчилан сэргийлж байх нь Төв банкны үүрэг болжээ гэж үзлээ.
Түүнчлэн хурлаар дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон банкинд ажиллаж буй Монголбанкны эрх хүлээн авагчдын ажлын үр дүн болоод цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов. Монголбанкны Хяналтын зөвлөлийн зүгээс хууль, эрх зүйн асуудал зөрчигдөж, иргэдийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаанд учирч буй саад бэрхшээлийг зохих шатны холбогдох газруудад уламжилж ажиллах, мөн дампуурсан банкны эздийг, зээлдэгч нарыг хохирол барагдуулахад хэрхэн татан оролцуулах, зээлдэгчдийг дэмжин өр төлүүлэх арга механизмыг боловсронгуй болгох, олон улсын туршлага судлах талаар анхаарч ажиллахыг санал болгов.
Мөн Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дондогийн хүсэлтийн дагуу танин мэдэхүйн хүрээнд төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаар асуулт хариулт явагдаж, мөнгөний бодлого болон макро зохистой бодлогын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Эх сурвалж: Монголбанк
|