Төгрөг чангарах нөхцөл бүрдэж эхэллээ
Төгрөг он гарснаас хойш 4.4 хувиар суларсан ч 8 дугаар сарын 23-аас хойш тогтворжиж эхэллээ. Учир нь валютын ханшид нөлөөлөгч эдийн засгийн суурь хүчин зүйл, үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч, хүлээлт өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Тухайлбал, гадаад худалдаа, валютын урсгал талаас харвал экспортын хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлаас 3 дахин нэмэгдэж, төлбөрийн тэнцлийн алдагдал 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 300 сая ам.доллараар сайжирсан. Мөн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих үүднээс Олон улсын байгууллагуудаас 300 сая ам.долларын тусламж, дэмжлэгийг үзүүлээд байгаа нь ийнхүү ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлжээ.
Тэгвэл цаашид төгрөг чангарах нөхцөл бүрдэхээр харагдаж байна. Учир нь эдийн засаг дахь мэдээллүүдээс үзэхэд Монгол Улсын Засгийн газар энэ долоо хоногт бага хүүтэй буюу 5.3 хувийн хүүтэй 600 сая ам.долларын “номад” бондыг олон улсын зах зээлд босгосон нь манай улсын Гадаад валютын нөөцөд томоохон дэмжлэг болох бөгөөд Монгол Улс 2022 оныг дуустал гадаад өр төлбөрийн дарамтгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс гадна бас нэгэн өөдрөг мэдээлэл бол манай улс ФАТФ олон улсын санхүүгийн байгууллагын саарал жагсаалтаас энэ сард гарахаар байгаа тухай мэдээллийг албаныхаас өгч байгаа нь ханшинд мэдээллээс үүдсэн эмзэг байдлыг бууруулахад таатай хүлээлтийг үүсгэж байна.
Түүнчлэн зээлжих зэрэглэл тогтоодог Fitch агентлаг ч мөн төгрөг чангарах төлөвтэй байгааг ээлжит тайландаа тусгажээ. Тодруулбал, төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшийн төлөвөө өмнөх таамгаасаа 25 төгрөгөөр бууруулж ₮2825 гэж тооцсон байна. Өмнө нь 2850 байна гэж үзсэнтэй харьцуулахад төгрөг илүү чанга байна гэж төсөөлжээ. Учир нь манай улсын экспорт сэргэж байгаа нь төгрөгийг дэмжинэ гэж үзсэн байна. Мөн инфляц нам дор байгаа нь эерэг төгрөг чанаграхад эерэг нөлөөлнө гэжээ.
Эдгээр мэдээллээс үзэхэд төгрөг цаашдаа чангарах төлөвтэй байна