Банкуудад 175 тэрбум төгрөгийн, урт хугацаатай санхүүжилт олгов
Монголбанк 11 дүгээр сарын 30-нд эхний урт хугацаатай репо арилжаа зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хаан”, “Хас”, “Капитрон”, “Төрийнбанк”, “Тээвэр хөгжил”, "Богд” банканд олголоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн 9 дүгээр сарын 14-ний тогтоол, 11 дүгээр сарын 23-ны тогтоолоор уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулж урт хугацаат санхүүжилт олгохоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Улмаар энэ оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм.
Үүнийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 11 дүгээр сарын 25-ны тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулна.
Ингэснээр шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дээр дурдсан банканд хүсэлт гарган, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.
Цаашид Монголбанк цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэх аж.