МОНГОЛБАНК: Дөрөвдүгээр улиралд 750 ААН зээлд хамрагдах боломжтой МОНГОЛБАНК: Дөрөвдүгээр улиралд 750 ААН зээлд хамрагдах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Дөрөвдүгээр улиралд 750 ААН зээлд хамрагдах боломжтой

2020 оны 12 сарын 08

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны есдүгээр сарын хурлаар уул уурхайн бус экспорт, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор банкуудад урт хугацаатай санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, төв банкнаас 2020 оны дөрөвдүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм. Энэ шийдвэрийн дагуу банкууд харьцангуй урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох боломжтой болсон.

Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжаа зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ сарын 2-ны өдөр 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосноо мэдэгдсэн билээ.

Банкууд тус санхүүжилтийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А-426 дугаар тушаалаар баталсан зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.

Шалгуур хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хүсэлт гаргаж, зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой болж буй.

Цаашид Монголбанкны зүгээс цар тахлын нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан холбогдох арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн, тухай бүр мэдээлэл өгөхөө мэдэгдсэн.

Даваа гариг (2020.12.07)-т төв банк 55 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилтийн арилжаа зарласан талаараа мэдээлэв. Цаашид жилдээ нэг их наяд төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгох бөгөөд улирал тутамд хэмжээг нь зарлах аж. Ирэх оны нэгдүгээр улирлын санхүүжилтийн хэмжээг энэ сард болох Мөнгөний бодлогын хорооны хурлаар тогтох юм байна.

Банкнаас олгох зээл хоёр жилээс дээш хугацаатай бөгөөд Монголбанкны бодлогын хүү дээр 4.5 нэгж хувь нэмэгдүүлснээс ихгүй хүүтэй байх юм. Жишээлбэл, Монголбанкны бодлогын хүү 6 хувь байгаа нөхцөлд банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байна. Төв банк энэхүү арга хэмжээний үр дүнд цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаанд нь хүндрэл үүссэн аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн дарамт буурах, цар тахлыг хүндрэл багатай давахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Зээлдэгчдэд Монголбанкнаас тогтоосон ерөнхий шалгуур тавигдах ажээ. Үүнд, зээл хүсэгчийн зээлийн үлдэгдэл хугацаа хоёр жилээс багагүй байх, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой байх, чанаргүй зээлгүй байх, зээлийн төлбөрөө төлөх чадвартай байх гэх мэт шаардлагууд багтжээ.

Зээлийн хэмжээний хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхайн бус салбарын зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон байна. Үүн дээр банк мөн нэмэлтээр өөрийн шалгуураа тавих боломжтой аж.

Монголбанкнаас санхүүжилтээр олгогдох зээлийн дээд хязгаарыг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд нэг тэрбум төгрөг байхаар тогтсон. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараар тооцвол 2020 оны дөрөвдүгээр улиралд хамгийн багадаа 750 гаруй аж ахуйн нэгж уг арга хэмжээнд хамрагдах боломжтой ажээ.

Монголбанк уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, үйл явцын талаар хэвлэлийн хурал, мэдээ, мэдэгдэл гаргах хэлбэрээр ил тод нээлттэй мэдээлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621845
1 эможи

Зочин
2020-12-08 13:02
Иргэн
2020-12-08 11:25
хүүхэд хуурч байгаа биш. Дааж давшгүй шалгуур тавиад өөрсдөө л авна
keyboard_arrow_up