Б.Лхагвасүрэн: Орлого нь хумигдсан ѳрх, бизнесүүдийн зээлийн эргэн тѳлѳлтийг түр хойшлуулснаар дампуурал, хүндрэлийн эрсдэл буурна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа.
-Ковид 19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ?
Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг оны эхнээс хэрэгжүүлээд явж байна. Энэ удаад дотоодод халдвар тархсан шинэ нѳхцѳл байдлыг харгалзан Мѳнгѳний бодлогын хороо шокыг зѳѳлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа. Нэгт, мѳнгѳний бодлогын хүрээнд бодлогын хүүг дахин 2 нэгж хувиар буулгаж түүхэн доод 6 хувьд хүргэсний зэрэгцээ, 8.5% байсан банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6% болгов. Хоёрт, макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, эргэн тѳлѳлтийн хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гуравт, ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүллээ. Эдгээр нь санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрүүдээс гадна бизнесийн зээл болон хэрэглээний зээл, ипотекийн зээлүүдийн үндсэн өр болон хүүний төлөлтийг хойшлуулсан өмнөх арга хэмжээ, шийдвэрүүдийг дээрх хугацаатай нийцүүлэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
-Зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлѳх шийдвэр болов уу. Бусад зээлийн хувьд яах вэ?
Цар тахлаас болж орлого нь хумигдсан ѳрх, бизнесүүдийн зээлийн эргэн тѳлѳлтийг түр хойшлуулснаар санхүүгийн дарамт нь зөөлөрсөнөөр дампуурал, хүндрэлийн эрсдэл буурна. Монгол улсын санхүүгийн салбар банкны салбар дээр тогтож байгаа гэдэг утгаар банкны харилцагч, олон нийтээс хүсч байгаа, мөн танхим зэрэг олон нийтийн байгууллагаас гаргаж байгаа саналыг харгалзан тодорхой хугаацаанд зээлийн үндсэн өр, хүүг төлөхгүй байхаар хугацаа сунгаж байгаа нь том дэмжлэг болно гэж харж байгаа. Зөвхөн ипотекийн зээлийн хувьд сая шийдвэр гарснаас хойш богинохон хугацаанд 34 мянган иргэний 2 их наяд орчим төгрөгийн зээл хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээд байна. Эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна. Харин дотоод нөхцөл маань өнгөрсөн сарын дундаас эрс өөрчлөгдлөө. Гол нь дотоод дэгдэлтийн эрсдлээ маш хурдан хяналтандаа оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг ажиллаж эхэлнэ. Хүндрэлийн үед иргэд зээлд тѳлѳх мѳнгѳѳ хэрэглээндээ зарцуулж ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг ч давхар дэмжих юм. Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгуллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр.
- Мѳнгѳний бодлогын хорооны хурлаас ЖДҮ бол уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна. Тѳв банк эдийн засгийг дэмжихийн хуучин үнэ тогтворжуулах хөтөлбөрт шилжив үү гэх болгоомжлол байна?
Шуудхан хэлэхэд үгүй. Энэ хэрэгслийн онцлогыг товч тайлбарлая. Нэгт, репо санхүүжилт нь Тѳв банкны уламжлалт бодлогын арга хэрэгсэл бѳгѳѳд Ковид 19-ийн үед хугацааг уртасгаж, барьцаа хѳрѳнгөний төрлийг өргөжүүлснээр нѳхцѳлийг нь илүү уян хатан болгосон. Хоёрт, хүү, хэмжээ нь төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцѳлөөр макро орчин болон зах зээлийн төлөвтэй уялдуулан Мөнгөний бодлогын хорооноос улирал бүр тодорхойлох учраас зах зээлд том гажуудал үүсгэх эрсдэл бага, ханшид үзүүлэх дарамт нь бага байх болно. Гуравт, банк ЖДҮ болон уул уурхайн бус экспортын чиглэлээр олгосон өөрийн зээлийн багцыг үнэт цаасжуулж, тэр хэмжээгээр энэ санхүүжилтийн хэрэгслээр урт хугацаатай эх үүсвэр авна. Банкууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлж зээлээ олгох тул экспортыг дэмжих зорилгодоо чиглэсэн үр дүнтэй санхүүжилт байх болно гэж хүлээж байгаа. Ер нь макро агуулгаараа энэ бол банкнаас олгох зээлийн тасалдлыг арилгах зорилготой арга хэмжээ гэж ойлгож болно. Хөл хорионы дэглэм нь дийлэнх бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээг хязгаарладаг. Энэ нь эргээд зах зээлийн эрсдлийг нэмэгдүүлж, банкны шалгуураар зээлдэгч хэт эрсдэлтэй харагддаг учир зээл гарахгүй байгаа энэ үед төв банкнаас эх үүсвэр нийлүүлж шаардлага гарч байна. Нөгөө талаас харьцангуй хямд хүүгээр дээрх салбаруудын зээлүүдийг дахин санхүүжүүлэх бололцоог олгоно.
- Цар тахлын хүнд үед маш их дэмжлэг шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг их өрнөж байна. Тухайлбал, зээлийн хүүг зогсоох гэдэг ч юм уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү?
Хамгийн гол зарчим бол эрсдэл болон зардлаа талууд хуваалцах ёстой. Бас эдийн засаг, санхүүгийн цаашид тогтвортой үргэлжлэх харилцаа, үүрэг хариуцлага, түүнтэй холбоотой урт хугацаанд баримтлах ёстой үндсэн зарчмаа эвдэж болохгүй. Тухайлбал, зээлдэгч-зээлдүүлэгчийн харилцааны хувьд нэг нь хожих эсвэл эрсдэлгүй байх тухай асуудал огт байж болохгүй. Банк болон зээлдэгч хоёр эрсдэл болон алдагдлаа хуваалцах тал дээр зөвшилд хүрэх нь чухал. Төрийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлж мөн чадах хэмжээгээр хуваалцахыг зорьж байна. Энэ агуулгаар бодлогын шийдвэрүүд гарч байгаа. Ерөнхийдөө бол бодлогын хүү, төгрөгийн эх үүсвэрийн хувьд заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж улмаар зээлийн нөхцѳлийг зөөлрүүлэх, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Эцэст нь зээлдэгч, зээлдүүлэгч аль аль нь хожно. Банкинд богино хугацаандаа ачаалал үүсэх эрсдэл бий. Энэ тохиолдолд Төв банк банкуудын хувьд эцсийн зээлдүүлэгчийн хувьд тогтвортой байдлыг нь дэмжиж ажиллана. Мөн ковид19-ын дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн асуудлыг байнга бодолцож тооцож байх нь Төв банкны үүрэг гэдгийг мартах учиргүй.
- Оны эхэнд 11% байсан бодлогын хүү одоо түүхэн доод түвшин 6%-д хүрснээр инфляц ѳсѳх эсвэл тѳгрѳгийн ханш унах дарамт ихсэхгүй юу?
Ковид-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр эдийн засаг саарах эрсдэл нэмэгдсэн үед бодлогын хүүг шийдвэртэй алхмаар буюу 2 нэгж хувиар бууруулах орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон. Инфляц сүүлийн саруудад бага түвшинд (10-р сарын байдлаар 2.4%) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөл харагдаж байна. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж харж байна. Төгрөгийн ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, энэ хүнд үед экспортын орлого харьцангуй сайн байлгах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байна, энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд Ковидыг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд бий. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна. Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангахад түвшинд байгаа бөгөөд энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах болов уу гэж хүлээж байгаа.
-Цар тахлын үед Тѳв банк дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?
Үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөөц төлөвлөгөө маань анх удаа амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Тооцоо, судалгаа, хурал уулзалт, дата хандалт, баримт бичиг боловсруулалт, танилцуулга гээд ер нь виртуал байдлаар ихэнх ажлаа зохион байгуулж ирлээ. Монголбанк ямар ч нѳхцѳл байдалд үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлаа хадгалж, хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа хангахын тѳлѳѳ ажиллана. Бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, тѳлбѳрийн системийн найдвартай байдлыг хадгалах, банк, санхүүгийн зах зээлийн тасралтгүй үйл ажиллагаа болон эмиссийн үйлчилгээ зэрэг Тѳв банкны үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжилж байна. Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллуулах, зайлшгүй оффист ажиллах ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мѳрдѳх зэрэг үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна.
-Эдийн засгийн ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ?
Монголбанкны сүүлийн төсөөллөөр ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувь гэж үзэж байна. Цар тахлын дотоод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улирал дахь хөл хорионоос илүү ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэнд их чухал. Ер нь дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдаж байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна.
Ярилцсанд баярлалаа!