Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон Орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон Орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон Орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Төрийн банк Засгийн газрын “ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

-Саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс банкуудтай хэрхэн хамтран ажиллах болсон талаар товч танилцуулаач.

Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж манлайлан ажилладаг. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ны хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй гурван их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хоёр их наяд төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийн зээл, Монголбанкны нэг их наяд төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Эдгээр зээлийн тодорхой хэсэг Төрийн банкаар дамжих юм. Манай банкны хувьд орон даяар салбар нэгжтэй, дэд бүтэц сайтай учраас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй.

Иймд бид Бизнес төлөвлөгөөндөө тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх “Үндэсний банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд дээрх зээлүүдийг түргэн шуурхай, хүртээмжтэй олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Та сая дээрх зээлүүдтэй уялдсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярих боломжтой юу?

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь иргэдийн амьжиргааг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог чухал салбар. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 62,263 жижиг, дунд аж ахуйн нэгж ажиллаж байна.  Эндээс харвал энэ салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарыг санхүүгийн болон бизнесийн сургалтад хамруулж, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч, бойжуулж байх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм. Иймд бид зөвхөн зээл олгоод зогсохгүй санхүүгийн болоод гинжин сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй технологийн компаниудыг дэмжин хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт Улаанбаатар хотод 217 мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан байдаг. Эдгээр өрхүүдийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгох шаардлагатай. Үүний  нөгөө талд барилгын компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэж байж цогц хөтөлбөр болох юм. Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд барилгын салбарт 6740 аж ахуйн нэгж үйл явуулж байна.

Гуравдугаарт Төрийн банк бол орон даяар үйл ажиллагаа явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ утгаараа  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол улсын хэмжээнд 344 мянган малчин өрх байна. Мөн тариаланчид байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын байр бий болгогч баялаг бүтээгчдээ Засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг мэдэгдсэн Төрийн банк ч энэ тал дээр идэвх санаачлага гарган цар тахлын үед баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана гэсэн үг.

-Цар тахлаас шалтгаалан үргэлжилсэн хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхэд тун хэрэгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Хөл хорионы үед банкны салбарууд хаалгүй ажилласан. Төрийн банкны хувьд хэрхэн ажиллав?

Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон ч төлбөр тооцоо нэг хором ч зогсож болохгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь олгохгүй бол иргэдийн амьжиргаа тасалдах эрсдэлтэй.

Иймд Төрийн банк бүх салбар нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө авдаг 100,647 харилцагчид банкны төлбөрийн карт үнэ төлбөргүй олгосон. Үүний хажуугаар цахим банкны үйлчилгээ буюу Гялсбанканд онлайнаар бүртгүүлэх боломжийг харилцагчиддаа нээж өгсөн. Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян”-хаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур 600 ахмадад дэмжлэг үзүүлэн ажилласнаас гадна Гялсбанк үйлчилгээнийхээ жилийн хураамжийг чөлөөлж, харилцагчиддаа онлайнаар золгох уриалгыг явууллаа. Арваннэгдүгээр сарын 11-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш Төрийн банк ажилтнууд болон иргэдээ эрсдлээс хамгаалан ажиллаж ирсэн. Халамж тэтгэвэр тараах үеэр манай баг хамт олон халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж иргэдэд халамжийг 100 хувь тарааж чадсан байдаг. Шүүмжлэх хүн олон байсан ч сайшаасан нь бүр олон бий.

-Энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг нь зээлийн хүү болоод байна. Танай банк зээл хойшлуулалт болон зээлийн хүү бууруулах тал дээр ямар бодлоготой байгаа вэ?

Төрийн банкны хувьд зээлийн хүүг үе шаттай бууруулан ажиллаж байгаа. Бид өнгөрөгч онд 11 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан бол Сар шинийн өмнөхөн дахин 13 нэр төрлийн зээлийнхээ хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа. Үүнд харилцагчдын хамгийн их авдаг зээлүүд болох цалин, малчны, орон сууцны, бизнесийн зээлүүд багтаж байгаа юм. Мөн өнгөрөгч онд Цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.44 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлсөн байна.

-Иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал шаардлагатай ажлуудыг хийж байгаа юм байна. Сая 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хүрээнд Төрийн банк IPO хийх үү?

Энэхүү хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк 2022 оны  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Иймд Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм. 

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623865
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up