МОНГОЛБАНК: “Мөнгө, санхүү баялаг” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ
Эдийн засгийн судалгаа, шинжилгээний “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүлийн 2021 оны №24 дугаар хэвлэгдлээ. Энэ дугаарт, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг, Монголбанкны гадаад сектор хариуцсан эдийн засагчдын бэлтгэдэг Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймын сүүлийн дугаар, судлаач Б.Баярдаваа, Б.Дуламзаяа нарын “Монгол Улсын гадаад секторын шинжилгээ”, доктор Б.Батхишигийн “Адам Смитийн онол ба мөнгө, зээлийн харилцаа, докторант Б.Батжаргалын “Ковид-19 цар тахлын үеийн тэтгэврийн бодлого, сургамж”, эдийн засагч Э.Бямбажавын “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалд”, магистрант С.Бат-Оргилын “Зээлийн хүүнд нөлөөлж буй хүчин зүйлийг шинжлэх нь” зэрэг судалгааны ажлууд нийтлэгдэв.
Түүнчлэн ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн улсын их сургуулийн профессор Кузьмин Ю.В.-ийн “Проблемы и экономические риски российско-монгольских отношений и национальные интересы России” зэрэг сонирхолтой өгүүлэл, нийтлэл, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дэмчигийн Моломжамцын 100 насны ойд зориулсан “Дэмчигийн Моломжамц. Монгол төрийн нугараагүй ноён нуруу” номонд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Д.Моломжамц нарын нийтлүүлсэн дурсамж зэргийг хэвлэсэн ажээ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын тогтвортой хөгжил, цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар санал бодлоо илэрхийлсэн судлаач, эрдэмтдийн өгүүлэл, нийтлэлийг энэ оны есдүгээр сарын 1-ний дотор багтаан ирүүлбэл сэтгүүлийн №25 дугаарт төлбөргүй хэвлэгдэх боломжтой юм.
Та бүхэн https://www.mongolbank.mn/list_sudalgaa.aspx?id=4 холбоосоор орж, тус сэтгүүлийн бүх дугаарын цахим хувилбартай танилцаж болно.