МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах талаар ШИЙДВЭР ГАРААГҮЙ байна
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан найман хувийн орон сууцны зээлд хамрагдсан иргэд зээлийн эргэн төлөлт хийх хугацааг 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хоёр удаа сунгасан билээ. Хамгийн сүүлд зээл төлөлтийг хойшлуулж, сунгасан хугацаа 2021 оны долдугаар сарын 1-нд дуусах юм. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацааг дахин сунгах эсэх талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. УИХ ковидын хуулийн хэрэгжих хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж шийдлээ. Монголбанкнаас УИХ-аар баталсан хуультай нийцүүлэн энэ асуудлыг шийдвэрлэнэ. Бидний хувьд үүсч байгаа нэг асуудал бий. Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэхдээ зээлийн эргэн төлөлтөөр дараагийн хүнд шинэ зээл олгох байдлаар санхүүжүүлдэг. Тэгэхээр эргэн төлөлтийг хойшлуулаад байхаар ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхэд, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд саад учирч байгаа. Одоогоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах талаар шийдвэр гараагүй байна." гэлээ.
Монголбанкны Эрсдэлийн үнэлгээний захирал Бархүү: Хэрэглээний зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулсан хугацаа мөн долдугаар сарын 1-нд дуусч байгаа. Үүнээс хойш яах вэ гэдэг асуудлыг өнөөдөр Монголбанкны хяналт шалгалтын зөвлөлд танилцуулсан. Удахгүй шийдвэрийг танилцуулах байх. Ипотекийн зээлийн асуудлыг Энхжин захирал танилцуулсан. Хэрэглээний зээлийн үндсэн төлбөрийг сунгахдаа олон хүчин зүйлийг харгалзаж үзэх шаардлагатай байгаа. Жишээ нь, зээлдэгч нарын зээлээ төлөх чадвар, ААН-үүдийн үйл ажиллагаагаа явуулж байгаа байдал, банкуудын нөхцөл байдлыг харгалзан үзнэ.