Б.Лхагвасүрэн: Инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар түр хугацаанд нэмэгдэн хэлбэлзэл үүсч байгаа хэдий ч Төв банк инфляцыг тогтворжуулах зорилгоо биелүүлнэ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц нэмэгдэж байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?
-Инфляцын хөдөлгөөнийг ерөнхийд нь харвал 2019 оны сүүлээс тогтворжиж, алгуур буурах хандлагатай болж ирсэн. 2020 онд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжил суларсны зэрэгцээ зарим бараа, бүтээгдэхүүний үнэд зохицуулалтын арга хэмжээ авсантай холбоотойгоор инфляц 2-3 хувьд хүрч буурсан. Харин энэ оны 4 дүгээр сараас мах, хатуу түлш, шатахуун гэсэн цөөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор инфляц цар тахлын өмнөх үеийн түвшин рүү хүрч сэргээд байна. Жишээлбэл, 2021 оны 6 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.1 хувьтай байгаа бөгөөд үүнийг задлан харвал махны үнэ 2.1 нэгж хувь, хатуу түлш 0.5 нэгж хувь, шатахуун 0.4 нэгж хувь буюу үндсэндээ нийт инфляцын 3.0 нэгж хувь буюу 40 хувийг бүрдүүлсэн байна. Хүнсний болон хүнсний бусаар ангилан авч үзвэл хүнсний инфляц 13.1 хувь, хүнсний бус инфляц 4.7 хувьтай байна.
-БНХАУ-тай залгаа хилийн боомтууд дээр саатал үүссэнтэй холбоотойгоор зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ хөөрөгдөх хандлага бий болж байгаа нь хэрэглээний үнэ өсөхөд нөлөөлж байна. Цаашид иймэрхүү байдлаар нийлүүлтийн тасалдал, доголдлын улмаас инфляц хөөрөгдөж, Төв банкны зорилтоос давах тохиолдолд Төв банк бодлогоо чангаруулах уу?
-Мөнгөний бодлогын төлөвийн хувьд таны асуусантай холбогдуулж хэлэхэд, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага юм. Энэ ч утгаараа зарчмын хувьд хэрэглээний сагснаас нийлүүлэлтийн шалтгаантайгаар үнэ нь өөрчлөгдсөн бараа бүтээгдэхүүнийг ялган эдийн засгийн идэвхжил, эрэлтийн өсөлттэй хамааралтай инфляцыг тооцож, мөнгөний бодлогын шинжилгээ, шийдвэр гаргалтанд ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт, тээвэр зэрэгтэй холбоотой үнийн өсөлтийн хувьд тухайн шалтгааныг нь шийдвэрлэснээр үүнтэй холбоотой үнийг тогтворжуулах нь зүйтэй. Ингэснээр эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ. Таны хэлсэнчлэн хилийн боомтууд дээрх саатлын улмаас тээвэр, логистикийн зардал нэмэгдэж, зарим импортын барааны үнэ өсөх хандлага энэ оны 4 дүгээр сараас ажиглагдаж эхэлсэн нь импортын барааны үнийн өсөлтөөс харагдаж байна.
-Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтөд мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх боломж хомс гэдгийг тодруулж өгнө үү?
-Нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан удирдах оролдлого нь шалтгааныг эмчлэхгүй. Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь эдийн засгийн хэт халалт болон хөрөлтөөс үүдэлтэй инфляцад хариу үйлдэл үзүүлж, зорилтот түвшний орчимд тогтворжуулахад чиглэгддэг. Түүнчлэн, бодлогын хүүний хариу үйлдэл нь дор хаяж 3-4 улирлын дараа бодит эдийн засагт нөлөөлдөг тул түр зуурын шинжтэй инфляцын өөрчлөлтөд Төв банк хариу үйлдэл үзүүлэх нь буруу юм. Иймд дунд хугацаанд инфляц зорилтоос хэр хазайхаас хамаарч бодлогын төлөвийг өөрчлөх шаардлага үүснэ. Бидний тооцооллоор нийлүүлэлтийн болон нэг удаагийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ирэх улирлуудад инфляц нэмэгдэх боловч дунд хугацаанд инфляц Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Товчхондоо, нийлүүлэлтийн шалтгаантай уялдуулж бус эдийн засгийн сэргэлттэй уялдуулж бодлогын тохиргоог хийнэ.
-Тэгвэл эрэлтийн шалтгаантайгаар үнэ хөөрөгдөх эрсдэл хэр байна вэ? Инфляцын төлөвт нөлөөлөх хүчин зүйлс, цаашдын эрсдэлийн талаар авч үзвэл?
-Эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх ч харьцангуй алгуур байна гэж харж байна. Харин зөвхөн Монгол Улсыг бус дэлхий нийтийг хамарсан тээвэр, логистикийн асуудал нь инфляцын цаашдын төлөвт голлох эрсдэлийг үүсгэж болзошгүй байна. Энэ жилийн хувьд оны эцэс рүү инфляц Төв банкны зорилтын дээд интервал болох 8 хувьд хүрэх хэдий ч ирэх оны сүүлийн хагаст голч зорилт 6 хувийн түвшин рүү буурна. Одоогийн байдлаар эрэлтийн шалтгаантай инфляцын хувьд суурь инфляцын дарамт сэргэж байгаа ч харьцангуй бага байна. Тухайлбал, нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт Монголбанкны хүлээлтээс өндөр гарсан, үүнтэй уялдуулан төсөөллөө ч нэмэгдүүлсэн. Үүнтэй уялдуулан Төв банк репо санхүүжилтийн хэмжээг 350 тэрбум төгрөгөөс 250 тэрбум төгрөг болгож бууруулсан. Энэ нь бодлогын тохиргоог нийлүүлэлтийн инфляцтай уялдуулж бус эдийн засаг, эрэлтийн сэргэлттэй уялдуулж, түүнээс шалтгаалсан инфляцтай уялдуулж хийх дохио юм.
-Дэлхийн улс орнуудад бас инфляц нэмэгдэх хандлага бий болж байна. Одоогоор Монголбанкны хувьд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах нөхцөл үүсч байна уу? Цаашдын бодлогын төлөвийг хэрхэн харж байна вэ?
-Тийм ээ. Дэлхийн ихэнх улс орнуудын хувьд энэ оны 4 дүгээр сараас инфляцын түвшин нэмэгдэх хандлага ажиглагдлаа. Тухайлбал, инфляц АНУ-д 2.6 хувиас 5.3 хувь, эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнууд буюу OECD-ын улсуудад 3 дугаар сарын инфляц 2.4 хувь байсан бол 4, 5 дугаар саруудад харгалзан 3.3-3.8 хувь, Европын орнуудын хувьд 3 дугаар сард 1.3 хувь байсан бол 6 дугаар сард 1.9 хувь болж өссөн байна. Eвропын орнуудын инфляцын түвшин цар тахлаас өмнөх үеийн түвшин рүүгээ очсон дүр зурагтай байгаа бол OECD болон АНУ-ын инфляцын түвшин 2008 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. АНУ-ын төв банк үүний шалтгааныг эдийн засгийн сэргэлт болон дотоодын шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр 2 хувь орчимд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
Дэлхийн улс орнуудад инфляц нэмэгдэж эхэлснийг эрэлт болон нийлүүлэлтийн хэд хэдэн нийтлэг шалтгаантай холбон тайлбарлаж байна. Цар тахлаас шалтгаалан улс орнууд 2020 оны эхэн үеэс эхлэн хөл хорио тогтоосноор ААН, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлаж, эдийн засгийн идэвхжлийг сааруулсан. Харин энэ оны эхнээс хүн амыг вакцинжуулах үйл явц эрчимжиж, хөл хориог бүрэн болон хэсэгчилсэн байдлаар сулруулснаар эдийн засаг сэргэж, эрэлт талаас суурь үеийн нөлөөгөөр болон түр зуурын шинжтэйгээр инфляц нэмэгдсэн. Нийлүүлэлт талаас түүхий эд, бараа материалын үнийн өсөлт инфляцыг хөөрөгдсөн байх талтай гэж төв банкууд үзэж байна. Гэхдээ энэхүү инфляцын өсөлтийг дэлхийн төв банкууд түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд бодлогын хүүг яаран өсгөхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Монголбанкны хувьд мөн адил нийлүүлэлтийн болон нэг удаагийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө ирэх оноос арилж, инфляц 2022-2023 онд тогтворжино гэж үзэж байгаа бөгөөд цаашдын бодлогын арга хэмжээ инфляц дунд, урт хугацаандаа зорилтоос хэт хазайхгүй байх, ужгирсан инфляцыг өдөөхгүй байхад чиглэгдэж, бодлогын тохируулгыг хийж ажиллана.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.