Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажуулав
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ өнгөрсөн пүрэв гарагт зарласныг Монголбанк мэдээлэв.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгааг дараах үндэслэлүүдээр тайлбарлажээ. Үүнд:
-Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4 хувиар багассан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 2021 онд 6.7 хувь, 2022 онд 7 хувьд хүрэхээр байна.
-Монгол Улсад энэ оны 4 дүгээр сараас Ковид-19-ийн тархалт нэмэгдэж эхэлсэн ч гадаад сектор, улсын төсөв, гадаад өр зэрэгтэй холбоотой үзүүлэлтүүд 2021 оноос сайжирч байгаа тул эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Уг сэргэлтэд Монгол Улсын вакцинжуулалтын түвшин, төсвийн зарцуулалтын арга хэмжээ, дэлхийн эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй эрдэс бүтээгдэхүүний экспортын өсөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.
-Монгол Улсын вакцинжуулалтын түвшин бусад хөгжиж буй улстай харьцуулахад их байгаа нь цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулж байна. Монгол Улсын нийт иргэдийн гуравны хоёр хувь нь вакцины нэг тунг хийлгэсэн бөгөөд 60-аас дээш хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
-Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дунд хугацаанд эдийн засгийн төлөв харьцангуй таатай байх нь. “Таван толгой”, “Оюу толгой”-н уул уурхайн төсөл дэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 2024 он хүртэл дунджаар 6.8 хувь орчимд байх аж. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ээр ижил төстэй бусад улстай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд өндөр байхаар төсөөлж байна.
-Монгол Улсын Засгийн газар гадаадын хөнгөлөлттэй санхүүжилтийг амжилттай татсанаар зарим өндөр дүнтэй гадаад өрийн эрсдэлээ багасгаж чадлаа. Тухайлбал, Монгол Улсын нийт гадаад өрийн урсгал дансанд эзлэх хувь 2020 онд 181 хувьд хүрч 2019 оны түвшнээс өссөн ч уг үзүүлэлт 2021 онд 159 хувьд хүрч багасахаар байна.
-Монголбанк 2020 оны 8 дугаар сард Хятадын ардын банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2023 он хүртэл амжилттай сунгасан нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгалаа гэжээ.