Д.Баттулга: Төрийн банк гурав дахь удаагаа репо хэлцэл хийж, гадаад эх үүсвэр АМЖИЛТТАЙ татлаа
Өмнөх хоёр удаагийн Репо санхүүжилтийн хүрээнд 1 хувийн хүүтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бизнесийн зээл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийг шинээр гаргаж, 2020 онд 11 зээл бүтээгдэхүүн, 2021 онд 26 зээлийн бүтээгдэхүүний хүүгээ бууруулсан.
Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал Д.Баттулгатай ярилцлаа.
-Төрийн банк гурав дахь удаагаа гаднаас репо санхүүжилт хийлээ. Уг санхүүжилтийг авснаар Төрийн банкны хөрөнгө оруулалтын ямар боломжууд нэмэгдэж, тэр нь бизнесийн салбарт яаж нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа вэ?
Бид анх ING банктай репо хэлцэл хийж эх үүсвэр татаж байсан бол сүүлийн 2 жилд Нидерландын Вант улсын Фронтклэйр /Frontclear B.V./ байгууллагаас хоёр болон гурав дахь удаагийн репо санхүүжилтийг авлаа. Нөгөө талаас Төрийн банканд итгэх итгэл илүү нэмэгдсэн нь шинэ хэлцэл хийх бүрт санхүүжилтийн хүүг бууруулж чадаж байгаагаас харж болохоор байна.Төрийн банкны хувьд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилго тавин ажиллаж байна.
Энэхүү репо санхүүжилтийг авснаар бид харилцагчдад бага хүүтэй, сайн нөхцөлтэй бизнесийг дэмжих болон эко зээлийг санал болгох боломжтой болох юм. Өмнөх хоёр удаагийн репо санхүүжилтийн хүрээнд бид сарын 1 хувийн хүүтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бизнесийн зээл, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлийг тус тус шинээр гаргаж, 2020 онд 11 зээлийн бүтээгдэхүүн, 2021 онд 26 зээлийн бүтээгдэхүүний хүүгээ бууруулсан. Энэ удаагийн санхүүжилтээрээ эдгээр зээлүүдээ үргэлжлүүлэн олгохоос гадна, эдийн засгийг дэмжих зорилтот зээлийн бүтээгдэхүүнүүдийн нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна. Корона вирусын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаад байсан бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сэргээж эхэлж байна. Тэдний хэрэгцээнд нийцсэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зээлийг бага хүүтэйгээр олгосноор эдийн засаг сэргэж, ажлын байр нэмэгдэж, бизнес эрхлэгчид болон иргэдийн орлого нэмэгдэнэ гэж харж байна.
- Репо санхүүжилт авахад Төрийн банкны ямар үзүүлэлтүүд түлхэц болсон бэ? Өмнө авсан хоёр удаагийн санхүүжилтийн түүх сайн байсан гэсэн үг үү?
Төрийн банк нь Монголбанкнаас тавигддаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг маш сайн ханган ажиллаж байна. Тэр дундаа хамгийн чухал үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт өндөр байгааг Фронтклэйр байгууллагаас онцлон авч үзэж байгаа. Мөн өмнөх хоёр удаагийн санхүүжилтийг бид цаг хугацаанд нь сайн төлсөн зэрэг нь гуравдахь удаагийн репо санхүүжилтийг авахад гол түлхэц боллоо. Фронтклэйр байгууллагаас биднийг сайнаар үнэлж гуравдахь удаагаа репо санхүүжилтийг олгохдоо санхүүжилтийн хүүг өмнөх санхүүжилтээс бууруулсан гэдгийг дахин онцолмоор байна.
- Төгрөгөөр илэрхийлсэн үнэт цаасыг барьцаалан гадаадын зах зээлээс санхүүжилт босгох талаар тодорхой тайлбарлаач?
Төрийн банкны эхний репо санхүүжилт нь төгрөгөөр илэрхийлсэн үнэт цаасыг барьцаалж байсан бол хоёр дахь болон гурав дахь санхүүжилтийн хувьд Монгол Улсын Засгийн газраас Олон улсын зах зээлд гаргасан евро бондыг барьцаалснаараа онцлог юм. Тухайлбал, манай банк өөрийн эзэмшлийн МУ-ын ЗГ-ын евро бондыг барьцаалан репо хэлцэл хийн ам.долларын эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн юм. Банкны системд болон Төрийн банкны хувьд энэ төрлийн санхүүгийн хэрэгсэл ашиглаж эх үүсвэр татан төвлөрүүлсэн хэлцлийн түүхийг амжилттай бичиж байна гэж бодож байна.
- Төрийн банкийг хамгийн эрсдэлгүй банк гэж иргэд итгэдэг. Энэ талаар албан ёсоор тодорхойлсон үнэлгээ байдаг уу?
Төрийн банкны хувьд хамгийн эрсдэлгүй банк байх зорилт дэвшүүлэн ажилладаг. Энэ ажлын хүрээнд үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэх, гадаад зах зээл дээрээс хямд эх үүсвэр татах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Төрийн банк нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаар 2015 онд зээлжих зэрэглэлээ тогтоолгосноос хойш жил бүр зээлжих зэрэглэлээ шинэчлүүлэн ажиллаж 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Төрийн банкны хэтийн төлөв “Тогтвортой”, зээлжих чадамжийн үнэлгээ: “В3” гэсэн үнэлгээтэй байгаа Төрийн банкны хувьд татан төвлөрүүлсэн хөрөнгийн бүтэц иргэдэд төвлөрсөн, эрсдэл бага тогтвортой эх үүсвэрийг хадгалж, зээлийн багцын өндөр хувийг иргэдэд олгосон зээл эзэлж байгаа нь гол нөлөө үзүүлсэн.
Төрийн банк нь гадаадын 20 орчим банктай идэвхтэй хамтын ажиллагаатай. Эдгээр банкууд дахь гадаад валютын данснуудаар дамжуулан бүх төрлийн валютын гүйлгээг харилцагчдынхаа болон банкны өөрийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна.
Үүнээс гадна бид 2020 онд ОХУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкнаас (МБЭС) 11 сая ам.долларын бага хүүтэй хадгаламжийн эх үүсвэр татсан. Одоогоор гадаадын хоёр банкнаас санхүүжилт татан төвлөрүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар хэлцлийн түвшинд явж байна.
- Төрийн банкны зээлийн бодлого, баримталж байгаа стратегийн талаар тодорхой яривал?
Бид бага дунд орлоготой иргэд, малчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Төрийн банкны баримталж буй зээлийн бодлогын хувьд хямд эх үүсвэр татах замаар зээлийн хүүгээ бууруулан харилцагчийнхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа.
2021 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгоход анхаарч, ногоон зээл, хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлж, зорилтот бүлэгт чиглэсэн шинэ зээлийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн бид 2020 онд 11 төрлийн зээл, 2021 онд 26 нэр төрлийн зээлийн жилийн хүүгээ 1.2-4.8 хувиар бууруулсан.
- Дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд бизнес сайн хөгжих шаардлагатай. Харин бизнес хөгжихөд зээлийн үүрэг их. Тэгвэл зээл үр ашигтай байхын тулд зөвлөх үйлчилгээ хэрэгтэй. Олон улсад банкууд зээл олгосон байгууллагадаа тусалдаг. Танайх ийм байдлаар ажиллах уу?
Төрийн банкны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд Бизнес инкубатор төвүүдийг байгуулахаар тусгасан байгаа. Бид харилцагчдадаа мэдээлэл, зөвлөгөө өгч, санхүүгийн боловсрол олгох үүднээс ном, материалыг тогтмол хэвлэж, сургалт хийдэг. Эхний ээлжинд өнгөрсөн жил ямар сегментийн харилцагчдаа илүү дэмжих вэ? гэдгээ тодорхойлоод эмэгтэй бизнес эрхлэгчиддээ зориулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, одоогийн байдлаар 400 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгоод байна. Мөн 2021 онд барилга, тээврийн бизнес эрхлэгч болон Үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэрэгцээ шаардлагатай байгаа бизнес эрхлэгч нараа дэмжин эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, тээврийн бизнесийн зээл, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлсэн.
- Тээврийн бизнесийн зээлийн бүтээгдэхүүний талаар тодруулж яриач? Барьцаа хөрөнгөний хувьд яах вэ?
Уул уурхайд ашигладаг том оврын тээврийн хэрэгсэл, хот хоорондын хүн болон ачаа тээвэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бизнес эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгж хөдлөх хөрөнгөө барьцаалаад энэ зээлийг авч болно. Хэрэв тухайн харилцагч тээврийн хэрэгслээ хил дамнасан тээвэрт хэрэглэдэг бол заавал фидуцийн гэрээ хийхгүйгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалаад машинаа өөрийн нэр дээр авах боломжийг олгож байгаа.
- Инноваци, дижитал шилжилтийн чиглэлд хийж буй ажлууд, үүн дээр ямар манлайлал үзүүлэх вэ?
Төрийн банк Монгол орон даяар банк, санхүүгийн цогц үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажилладаг. Бид Монгол Улсад анх удаа хэрэглээний төлбөрийг зайнаас гар утсаараа, болон гэрээсээ телевизээ удирдан төлөх үйлчилгээг нэвтрүүлж байсан.
Цар тахлын эрсдэлээс харилцагчаа сэргийлэх зорилгоор бид харилцагчдадаа Гялсбанкны эрхээрээ E-Mongolia.mn системд нэвтрэн орж, Төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж олгосон. Мөн ДАН системийг ашиглан харилцагчийг таньж баталгаажуулан Гялсбанкны үйлчилгээнд онлайнаар бүртгүүлэх, өөрийн эрхийг сэргээх, бүртгэлтэй мэдээллийг солих боломжийг хөгжүүлж, зайнаас данс нээх үйлчилгээг нэвтрүүлсэн.
Энэ гуравдугаар сарын сүүлээр бид системдээ шинэчлэл хийж олон улсын дансны нэгдсэн дугаарлалтын IBAN стандартад шилжсэн. Мөн бид мэдээлэл, технологийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг шат дараатай нэвтрүүлж байгаа. Жишээлбэл, Төрийн банкны олон улсын бүх картууд өндөр нууцлал бүхий EMV чиптэй, олон улсын PCI DSS стандартыг хангасан байдаг.
Түүнчлэн, Төрийн банкны интернет банк үйлчилгээ болох Гялсбанк нь данс картаа удирдах, төлбөр тооцоогоо гүйцэтгэх, хэрэглээний төлбөр болон бусад бүх төрлийн төлбөрүүд төлөх, төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг банкны салбараар үзүүлж буй нийт үйлчилгээний 60 гаруй хувийг хурууны хээ болон царай таних технологи ашиглан цахимаар авах боломжийг бий болгосон.
Төрийн банк нь цаашдаа ч техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн Гялсбанк үйлчилгээгээ хөгжүүлэн сайжруулж илүү хялбар, илүү шуурхай банкны бүх төрлийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран онлайнаар авах боломжийг бүрдүүлэн ажиллах болно. Зээлийн хүсэлт, карт захиалгыг ч онлайнаар авч байгаа нь дижитал шилжилтийн нэг хэсэг. Монгол Улсад цахим гарын үсэг хэрэглээнд нэвтэрснээр Гялсбанкаараа банкны бүхий л төрлийн үйлчилгээг зайнаас авах боломж нэмэгдэх юм.
- Өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хийж бүтээсэн ажил, зээл олголт, хөрөнгө оруулалт харилцагчдадаа өгсөн үр өгөөжийн тухай?
Нэгдүгээрт, Төрийн банк Монгол Улсын бүх сум суурин газарт байрлах 500 гаруй салбар нэгж, 4000 ажилтнаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг хүртээмжтэй хүргэдэг. Тухайлбал, 2.3 сая хүн Төрийн банканд харилцах, хадгаламж нээж, 1.1 сая хүн карт эзэмшиж, 500 мянган хүн Гялсбанк үйлчилгээг ашиглаж байна. Мөн нийт халамж олголтын 80 гаруй хувь, тэтгэврийн 50 орчим хувийг дангаар олгож байна. Үүнээс гадна хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувь манай банкаар хийгддэг.
Хоёрдугаарт, Банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны үйлчилгээг эрсдэлгүй хүргэхээр түүчээлэн ажиллаж байна.
Гуравдугаарт, банкны үйл ажиллагаагаар дамжуулж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Жишээ нь, бид халамж олголт, хэрэглээний төлбөр төлөлтөөс харилцагчаасаа нэг ч төгрөгийн шимтгэл авахгүй байгаа. Мөн халамж, тэтгэвэр, хүнс талоны картыг харилцагчдадаа төлбөргүй өгч байна. Түүнчлэн, өнгөрсөн жил “Хүрээлэн” амьд ертөнцийн төсөлтэй хамтраад Эко карт гаргасан. Энэ картын хураамжийн орлогоос тодорхой хэмжээ нь тус төсөл рүү шилждэг. Үүгээрээ хүүхэд багачуудад Монголын орны байгаль, ан амьтдын талаар мэдлэг өгөхийг зорьдог. Яагаад гэвэл хүн мэддэг зүйлээ илүү хайрладаг.
Манай банкны харилцагчдын 99 хувь нь иргэд. Тэгэхээр бид байгууллагаас илүүтэй иргэд, малчид руу чиглэсэн зээлийн үйлчилгээг түлхүү санал болгодог. Иргэд дотор хувиараа бизнес эрхэлдэг хүн маш олон. ААН-ийн хувьд жижиг, дунд үйлдвэрүүдтэй нягт хамтарч ажилладаг. Тухайлбал, 2016 онд малчны зээлийн дундаж хүү 28-29 хувьтай байхад манай банк малчны зээлийнхээ хүүг 18 хувь болгож бууруулсан, Мөн 2018 онд Монголд анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэр татаж, зээлийн хүүгээ бууруулж байсан. Түүнээс хойш зээлийн хүүгээ шат дараатайгаар тогтмол бууруулж байгаа.
- “Ажлын байрыг дэмжих зээл” олголт ямархуу байна вэ?
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна.
Төрийн банк нь 2021 оны наймдугаар сарын 09-ны байдлаар нийт 8,146 зээлдэгчид 387 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.