МОНГОЛБАНК: Инфляцын өөрчлөлтийн ШАЛТГААН МОНГОЛБАНК: Инфляцын өөрчлөлтийн ШАЛТГААН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Инфляцын өөрчлөлтийн ШАЛТГААН

2021 оны 11 сарын 03

Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж,  инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.    

Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны 9-р сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 байв. Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн хурдтай өсөлт тайлбарлаж байна. Тодруулбал:

  • Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өссөн байна;
  • Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын 4 нэгж хувийг бүрдүүлсэн байна;
  • Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.

Зураг 1. Улс орнуудын инфляц болон тэдгээрийн зорилтоос давсан хэмжээ

Зураг 2. УБ хотын жилийн инфляц (бүрэлдэхүүнээр)

Эх сурвалж: Bloomberg, OECD

Эх сурвалж: ҮСХ

Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:

  • Эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө: Вакцинжуулалт нэмэгдэн, хөл хорио суларч  эдийн засгууд нээгдэхийн зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор сэргэлтийг дэмжиж байгаа нь эрэлт талаас худалдааны түнш орнуудын инфляцыг нэмэгдүүлж байна
  • Түүхий эд, материалын үнийн нөлөө: Дэлхийн эдийн засаг сэргэн аж үйлдвэрлэл нэмэгдэж түүнийг даган түүхий эд, материалын их хэмжээний эрэлт үүслээ. Ирэх улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь үйлдвэрлэгчийн зардал нэмэгдэх, улмаар үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, Брент маркын газрын тосны дундаж үнэ энэ оны 9-р сард $78.5/баррель болж өмнөх оны мөн үеэс 92 хувиар өсжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нөлөөгөөр дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, 9-р сард инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлэв.
  • Хүнсний инфляц: 2020 онд цар тахлын нөлөөгөөр улс орнуудын хүнсний бус инфляц буурсан боловч хүнсний үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. Цаашид дэлхийн зах зээл дээрх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
  • Тээвэр, логистикийн түгжрэл: 2021 оны 9-р сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортлогдож буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс 9-р сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ.  Түүнчлэн, 1) цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал үүссэн, 2) далайн тээврийг орлох хямд өртөгтэй тээврийн хувилбар үгүй, 3) төлөвлөсөн далайн тээвэр цуцлагдах эсвэл хойшлогдсоноос шалтгаалж далайн боомтуудад бөөгнөрөл үүсэх, 4) “КОВИД-19” цар тахлын үед дэлхийн худалдаа харьцангуй богино хугацаанд эргэн сэргэж байгаа зэрэг нь ачаа тээвэр удааширч, үнэ нэмэгдсэн гол шалтгаан болж байна.

Эдийн засгийн дотоод орчинд инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг дэлгэрүүлж авч үзвэл:

  • Махны үнэ 7-р сараас эхлэн улирлын хандлагаараа хямдарч байгаа хэдий ч 9-р сарын байдлаар инфляцын 1.8 нэгж хувийг бүрдүүлж, нөлөө нь харьцангуй өндөр байв; 
  • Хатуу түлшний бүлгийн үнэ инфляцыг 0.8 нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэв. Үүнд түлшний модны үнэ жилийн 35 хувь өссөн нь нөлөөлөв; 
  • Үйлчилгээний үнэ 9-р сарын байдлаар инфляцын 1.4 нэгж хувийг бүрдүүллээ. Үүнд, 1) боловсролын үйлчилгээ, тэр дундаа хувийн бага, дунд, их сургуулийн төлбөр нэмэгдсэн, 2) хот доторх такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн 3) нийтийн хоолны үйлчилгээний үнэ өссөн зэрэг нь нөлөөлөв.

Монголбанкны төсөөллөөр инфляц богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар зорилтот түвшнээс давах хэдий ч 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжихоор байна. Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж буй бөгөөд бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632434
1 эможи

keyboard_arrow_up