ТӨРИЙН БАНК: Монгол орон даяар 6000 га газар цэвэрлэлээ
Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ-2022”-г аяныг өрнүүлж 6,000 орчим га газрыг цэвэрлэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Туул гол, Сэлбийн голын сав газар, Орон нутагт тухайн аймаг, сумын гол горхи, ундны усны сав газрыг цэвэрлэж 735 тонн буюу нийт 400 орчим автомашин хог хаягдлыг цуглуулсан байна.
Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагын бодлогоо байгаль орчингоо хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТоС хөтөлбөрийн найман зарчмын хүрээнд “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулжээ.
Тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлэхдээ:
“Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын бүх сум сууринд байрлах 500 гаруй салбарын 4000 орчим ажилтан, албан хаагчид маань бүгд нэгдэн гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг бөгөөд өмнөх жилүүдэд 5,000 орчим га газрыг цэвэрлэж байсан. Энэ дашрамд дурдахад энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд байгаль орчны доройтол буюу дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, цөлжилт зэрэг нь Олон улсын төдийгүй манай улсын хувьд ч анхаарал хандуулах том асуудлуудын нэг болоод байна. Монгол орны 80% цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний 51% нь байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй, 49% нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн судалгаа байдаг. Иймд Төрийн банк нь зөвхөн энэ цэвэрлэгээгээр тогтохгүй байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлэн харилцагчдадаа санал болгож байна.
Нийт иргэддээ хандаж Төрийн банкны хамт олон байгаль дэлхийгээ хайрлаж, Үр хойчдоо ногоон дэлхийг үлдээхийг уриалсан юм.