Монгол улсад гадаадын зургаан банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна
Монгол Улсад одоогийн байдлаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Standard Chartered”, ING, Японы “Sumitomo Mitsui Banking Corporation” “Tokyo Mitsubishi” банк болон Хятадын банк төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байгаа гэж Монгол банкнаас мэдээллээ. Хуульд заасны дагуу гадаадын банкны төлөөлөгчийн газар нь санхүүгийн шууд үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий салбар нэгж юм. Эдгээр гадаадын зургаан банкны төлөөлөгчийн газраар дамжуулж Монгол Улсад 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Энэ нь манай орны гадаадын шууд хөрөнгө оруулалтанд эерэг нааштай үр дүнг үзүүлж байгаа юм. Хятадын банкны төлөөлөгчийн газарт Монгол Улсын 40 орчим аж ахуй нэгж гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ гаргасан гэдгийг эх сурвалж онцоллоо. Харин одоогийн байдлаар зөвхөн Туушин компанид 25.1 сая ам.долларын зээлийг олгоод байгаа гэв. Хятадын банк манай орны уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бөгөөд одоогийн байдлаар төлөөлөгчийн газраа салбар болгон өргөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байна.