Монголбанк “ХУЛГАЙ”-д оролцдог гэв үү
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдан авах харилцааг журмаар биш, хуулиар зохицуулахгүй бол хулгай гарна гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед анхаарууллаа.
Тэрбээр “Төслийн 10.7 дахь заалтад Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас үнэт цаас санхүүгийн хэрэгсэл худалдан авах харилцааг Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна гэжээ. Энэ харилцааг журам биш Үнэт цаасны тухай хуулиар зохицуулах ёстой. Хэрвээ уг асуудлыг хуульчлахгүй бол хулгай гарна.
Мөн Хөрөнгө оруулалтын банкнаас гаргах баталгаа, батлан даалт тавих шаардлага нөхцөлийг Монголбанк журмаар зохицуулна гэсэн ерөнхий ганц үг оруулжээ. Үүнийг ямар нөхцөлд баталгаа гаргах, ямар шаардлага тавих зэргээр дэлгэрүүлж оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Төрийн мөнгөний бодлого, зээлийн асуудлыг УИХ-аар тогтоох ёстой. Энэ бүрэн эрхийг Монголбанк журам гаргаад авах гээд байна.
Хөгжлийн Банкны хэргийг шалгаж байхад өөрийн банкнаас гаргасан зээлийг хамаарал бүхий этгээддээ олгодог асуудал олон гарсан. Судлаад үзэхээр Монголбанк эл асуудалдаа өөрсдөө оролцдог нь тогтоогдсон. Тийм учраас Монголбанкнаас журам хэлбэрээр олгоход миний бие итгэхгүй байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр гүйцээн боловсруулах хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: hardnews.mn
|