ШҮҮХ ХУРАЛ: ХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Даажамба, “Бэрэн групп“ ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар Хонконг руу хамт зорччихоод ирсэн
Завсарлага дууссанаар Хөгжлийн банкны зээлдэгч нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.
Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах асуудал үргэлжилж буй юм.
Прокурорын зүгээс нотлох баримтад тусгасан байгаа “Бэрэн групп”-ын зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр "МИАТ ТӨХК"-ийн 780 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд зорчигч Б.Даажамба нь "289 248 01 10 189" дугаартай билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр "Аеро маркет" ХХК-аас 1,980,700 төгрөгийн бэлэн мөнгөөр, зорчигч Б.Мөнхтөр нь "289 241 020 58 93" дугаартай билетийг 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр тасалбар түгээгүүрийн төвөөс 1,825,100 төгрөгөөр, "Бэрэн групп" ХХК-аас 4,608,600 төгрөгийг шилжүүлж тус худалдан авсан.
Зорчигч Б.Даажамба, Б.Мөнхтөр нар нь дээрх билетээр 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ОМ298 дугаартай нислэгээр Хонконг-Улаанбаатар чиглэлд зорчсон талаар мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба, "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нар Хонконг-Улаанбаатар чиглэлд хамт зорчсон талаарх нөхцөл байдал харагдаж буйг цохон тэмдэглүүлье.
Мөн Хил хамгаалах газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичгээр Б.Даажамбын Монгол Улсын хилээр орсон гарсан талаар лавлагаа ирүүлсэн байдаг. Үүнд И1019954 дугаартай гадаад паспортоор 2018 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буцаж ирсэн.
Харин Б.Мөнхтөр нь 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буцаж орж ирсэн гэх нотлох баримт байна" гэв.