Өмгөөлөгч С.Ялалт: Шийдвэр эцэслэгдвэл банкууд иргэдэд 1 хувийн шимтгэлийг буцаан олгоно
Давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарсан. Энэ талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар/ШӨХТГ/ болон өмгөөлөгчдийн зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө.
Хуульч, өмгөөлөгч С.Ялалт "ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлагын дагуу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлбэл өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгох, ирээдүйд олгох зээлээс шимтгэл авахгүй байх үр дагавар үүсэж байгаа.
Хэрэв албан шаардлагыг банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулаад албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ нь зээлдэгч нарын 2021, 2022 онд авсан ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал.
Үүнээс өмнөх онд авсан ипотекийн зээлийн шимтгэлийн тухай ярихад иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа шимтгэлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Иргэд шүүхэд сайн дураараа "Шимтгэл үндэслэлгүй аваад байна" гэх нэхэмжлэл гаргаад арилжааны банкийг Дээд шүүх дээр хоёр удаа ялаад, шимтгэлээ буцааж авсан.
Тэгэхээр 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй байгаа" гэв.