Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Банкууд яана аа

2014 оны 3 сарын 14

Энэ долоо хоногийн дундуур Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийхдээ иргэдийн дундаж орлого өссөн гэв. Гэхдээ өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүн гээд байгаа. Тэгэхээр 10-12 дугаар сарын үед судалж үзэхэд манайхны цалин нэмэгдээд, дунджаар 900 мянган төгрөгт дөхсөн байсан юм байх аа.

 

Үүнээс үзвэл иргэдийн амьдрал дээшлээд ч байгаа юм шиг. Дээрээс нь Засгийн газраас бүх зүйл сайхан байна, эдийн засаг өсч байгаа. Улс орны эдийн засаг хүндрээгүй, сайхан байгаа гэж хүч нэмээд байгаа. Зарим сайд нь “Сайхан байна гээд бодоод байвал муудахгүй шүү дээ” гэх ухааны юм яриад байдаг. Ингээд бодохоор амьдрал сайхан ч байгаа юм шиг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт говийн хоёр аймгаар явж, иргэдтэй уулзахад амьдрал хүндэрч байгааг амтай болгон л ярьж байна.

Яг үнэндээ бизнес эрхлэгчид, жирийн иргэд өвдөглөх шахчихаж. Мөн сүүлийн үед иргэд олноороо ажлаасаа халагдаж байгаа сураг дуулдаж байна. Ядаж байхад ихэвчлэн банкны зээлтэй хүмүүс ажлаасаа халагдах, цомхотголд орох нь их байгаа гэнэ шүү. Үүнийг эдийн засгийн хүндрэл гэж харахгүй, “болж байна, сайхан л байна шүү дээ” гэж харах ямар ч арга алга. Банкны зээлтэй хүмүүс ажлаасаа халагдахаар амьдрал ахуй нь хэцүүдэж л таарна.

Түүнээс гадна банкууд яана аа. Зээлтэй хүн ажлаасаа халагдчихаар чанаргүй зээлийн хувь хэмжээ төдий чинээгээр нэмэгдэнэ. Түүнээс улбаалаад банкны салбарын “ганхалт” улам нэмэгдэх нь дамжиггүй. Ер нь тодорхой хэмжээнд ганхаад эхэлчихсэн. Эрх баригчид л огт савлаагүй, банкны салбар эв эрүүл, сав саруул байгаа учраас санаа зовох хэрэг­гүй гээд байгаа болохоос. Зарим нь “Банкны салбар сайн байгаа гээд л бодчих.

Тэгвэл муу ч байсан сайн болно” гэж хэлэх нь холгүй бай­на. Ачир дээрээ асуудал арай өөр байгаа гэдгийг сөрөг хүчний зүгээс гаргаж тавиад байгаа юм. Зарим мэдээлэлд банкны чанаргүй зээ­лийн хэмжээ 500 тэрбум давсан тухай ч дурьдагдаж байна. 

Гадаадын хэвлэлүүдээр ч Монголын банкны салбар ганхаж бай­гаа талаар элдэв “явган” мэдээлэл “таваргах” болсоор удаж байгаа. Нөх­дүүд хэчнээн “цоо эрүүл” гэж гөрдөөд, сайн сайхан юм бод гэж уриалаад, Ганданд очиж ном уншуул гэж мухар сүсэглээд ч нэмэр алга. Бүх зүйл нүдэн дээр ил харагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт хүндэрч эхэллээ.

2014 онд бүсээ чангалах хэрэгтэй гэдгийг ч хэлээд байна. Яг ийм үед хүмүүс ажилгүй болно гэдэг асар том эрсдлийг дагуулж байгаа хэрэг. Өнөөдөр банкны зээлтэй хүмүүс ажлаасаа ихээр халагдаж байна гэдгийг баталж, нотлох гээд байх ч шаардлага байхгүй. Ойлгож ядаад байх юмгүй. Монголын жирийн ард иргэд тэр чигээрээ ямар нэг зээлтэй байна. Орон сууц, машин, цалингийн зээл гээд л хөвөрч өгнө.

Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа цалингийн зээлтэй байгаа тохиолдол энэ улсаар дүүрэн бий. Гэтэл эдийн засаг хүндрээд, ажлаасаа халагдаад ирвэл айл ч, банк ч хэцүүдэх болчихоод байна. Тиймээс төр засаг “Эдийн засаг хүндрээгүй, банк санхүүгийн байгууллагууд “цоглог” байгаа, ард түмэн минь сайхан болно гээд л бодоод бай” гэж хэлчихээд зүгээр суухын оронд бага ч болов арга хэмжээ авч, иргэдээ бодмоор байна.

Магадгүй нөхдүүдийн хэлээд байгаа шиг банкуудын “бие” эрүүл саруул байж болох юм. Гэхдээ байдал энэ янзаараа үргэлжлээд байвал “өвчлөх” юм биш үү. Тэгвэл тэр үед нь эмчлэх “эм тариа” олдохгүй, өндөр халуурч, хэвтэрт орчих вий дээ. Тэр үед хэчнээн “Амьдрал сайн байна, бүх зүйл зүгээр, ажил орлого хэвийн, эдийн засаг хүндрээгүй” гэж бодоод, хэлээд ч сайхан болохгүй. Тэр ч битгий хэл Чингис хаан өөрийн биеэр тэнгэрээс бууж ирээд ч дийлэхээсээ өнгөрсөн байвал яана вэ.  Тиймээс сайхан зүйл ярьж, эдийн засаг өссөн, банкууд эрүүл саруул гэж нотлох гэж оролдохынхоо оронд нэг ч болов хүнийг ажлаас халуулахгүйн төлөө ажиллаасай билээ, энэ төр засаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
737
0 эможи
keyboard_arrow_up