Үнэт цаасны арилжаа нэмэгдэв
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2017 оны эхний найман сард үнэт цаасны арилжаагаар нэг их наяд төгрөгийн гүйлгээ хийгдэж, 58.3 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна. Энэ өмнөх оны мөн үеэс гүйлгээ 12 орчим хувиар буюу 879.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч захад 488.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 423.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх “Топ-20” дундаж индекс 2017 оны наймдугаар сард 14790 нэгж болж, өмнөх оноос 2331 нэгжээр өсжээ. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2017 оны наймдугаар сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 13.3 хувиар өссөн дүнтэй гарсан байна.
2017 оны эхний найман сарын хугацаад хувьцаа, Засгийн газрын бондоос гадна компанийн бондын арилжаа идэвхжжээ. “Сүү” ХК зургаадугаар сард “Сүү” бонд гаргаж анхдагч захаас зургаан тэрбум төгрөг босгосон юм. Улмаар тус компанийн бондын хоёрдогч захын арилжаанд “Сүү” бонд идэвхтэй арилжигдсан хэвээр байна. Түүнчлэн нэр бүхий хоёр компани Хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах хүсэлтээ ирүүлээд байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.