Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Туяаран гялалзаж байсан Монгол Улс эдийн засгийн бие даасан байдлаа алдаж болзошгүй

2014 оны 10 сарын 15

Саяхан л Монгол Улс жинхэнэ адислагдсан орон мэт байж, эдийн засгийн өсөлт нь ­­2011 онд 17 хувь илүү, 2012-2013 онуудад бараг 12 хувьд хүрч дэлхийг шагшуулж байсан билээ. Уул уурхайн хувьд, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ таван жилийн өмнө 2000 ам.доллар орчим, харин өнөөдрийн түвшинд 4000 ам.долларт хүргэнэ гэж амлаж байсан юм.

Франц, Герман, Испанийг нийлүүлснээс том газар нутгийнх нь дор гурван их наяд ам.доллараар хэмжигдэх их баялаг байгаа гэж бодохоор гуравхан сая хүн амтай тус орны нэг иргэнд өчнөөн их ам.доллар оногдохоор байна гэж төсөөлөхөд үл итгэм. Онгон дагшин газар нутаг нь чанараа гээж, агаарын бохирдлоороо дэлхийд хоёрт орж байгаа нийслэл Улаанбаатар хотод гэхэд, улстөрчид нь баяжицгаан, тансаг машинууд, өндөр цамхагууд дүүрэн аж.

Гэвч өнөөдөр нөгөө гоё туяарч байсан байдал нь алга болжээ. Монголын эдийн засаг төлбөрийн тэнцлийн хямралтай тулгарч, хатуу валютын нөөц эрс багасан, төгрөгийн валюттай харьцах ханш навс унав. Хамгийн их орлого олж байсан нүүрсний борлуулалт Хятадад эрэлт хэрэгцээ багассаны улмаас үнэ нь ихэд буурчээ. Бас нэг нөлөөлсөн хүчин зүйл нь, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд бий болсон сөрөг уур амьсгал юм. Үүнд шинэчлэлийн Засгийн газар буруутай хэмээн иргэд нь үзэж байна.

Их Британи-Австралийн хүчирхэг нэгдэл болох Rio Tinto-гийн хяналтад байдаг Оюутолгойгоос Монгол Улс ашиг олох эсэх нь эргэлзээтэй хэвээр. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллан, Хятад руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа тохиолдолд энэ нь ДНБ-ий гуравны нэг хэсгийг бүрдүүлж чадах юм. Энд сонирхуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалтад зургаан тэрбум ам.доллар зарцуулагдсан аж.

Rio Tinto болон 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газрын хооронд татвараас бултсан гэх торгуультай холбоотой маргаан үүссэний улмаас уг төслийн явц зогсонги байдалд ороод байгаа бөгөөд Монголын ардчилал маргааныг даамжруулж байна хэмээн үзэж байгаа бололтой. Мөн авлигын хэрэгтэй холбоотойгоор Засгийн газар 100 гаруй лицензийг хурааж авсан нь гадаадын олон хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ, түгшүүр үүсгэсэн байна. Энэ мэтчилэнгээс болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд асар ихээр буурчээ. Азаар сүүлийн үед, Rio Tinto болон Монголын Засгийн газрын хооронд хэл амаа ололцох шинж илэрч эхэлсэн байна.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд, барилгын материалын үнийн өсөлтийг бууруулах зорилготой “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, мөн иргэдийн урт хугацааны зээлийг 18 хувиас найман хувь хүртэл бууруулах ажлуудыг санаачлан эхлүүлсэн боловч банкны системийн доголдол, төсвийн зардлын өсөлт зэргээс болж төдийлөн санаанд хүрэхүйц байдлаар хэрэгжихгүй байна. Энэ сард нээлтээ хийсэн УИХ-ын чуулганаар зардлыг яаралтай хязгаарлах талаар яригдаж эхлээд байгаа бөгөөд банкуудын чанаргүй зээлийн хэмжээ одоогоор таван хувиас доогуур байгаа ч алсдаа нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Монгол Улс өмнөд хөршийн “өгөөмөр” тусламжийн ачаар хямралыг давах магадлалтай ба өнгөрөгч наймдугаар сард Хятадын хөгжлийн банкнаас авсан зээлээр хатуу валютын нөөцөө өсгөсөн байна. Мөн 1990 оны ардчилсан хувьсгалаас өмнө Монголын “дарга” байсан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч найрсгаар хандаж байгаа.

Өмнө нь, Монгол Улс удаан хугацаанд Баруунтай “найзлан”, Орос, Хятадаас зайгаа барьсан маягтай байсан билээ. Одоо харин хоёулантай нь эв түнжин сайтай байхыг хичээж байна. Орос-Хятадын байгалийн хий дамжуулах хоолой болон төмөр замыг Монголын газар нутгаар дайруулан татах асуудал энд яригдах нь ойлгомжтой. Хятадын уул уурхайн улсын компаниуд орж ирснээр Монголд үзүүлэх Хятадын нөлөө улам нэмэгдэх хандлагатай бөгөөд ингэснээр Монголын эдийн засгийн бие даасан байдал ямар нэг хэмжээгээр алдагдаж болзошгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10140
0 эможи
keyboard_arrow_up