Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын худалдааны бодлогыг ДХБ-аар хэлэлцүүлэв

2014 оны 11 сарын 03

Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөл (ХБХХЗ)-ийн 2014 оны 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдийн хуралдаанаар Монгол Улсын худалдааны бодлогын тухай илтгэлийг 2 дахь удаагаа хэлэлцүүлэв. ДХБ байгуулах тухай хэлэлцээрт зааснаар гишүүн орнууд нь дэлхийн худалдаанд эзлэх худалдааны нийт хэмжээнээсээ хамааран 2, 4, 6 жил тутам худалдааны бодлогоо ДХБ-ын ХБХХЗ-өөр хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Монгол Улс нь 6 жил тутам хэлэлцүүлнэ. Энэхүү үүргийн дагуу Монгол Улснь худалдааны бодлогоо ДХБ-аар 2005 онд анхны удаа хэлэлцүүлсэн болно.

Хуралдааны гол зорилго нь дурдсан хугацаа (2005-2014)-нд Монгол Улсын гадаад худалдааны бодлогод гарсан өөрчлөлтүүдийг ДХБ-ын гишүүн орнуудын анхааралд сонордуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулахад оршино. Хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат манай улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого болон олон талт худалдааны хэлэлцээн дэх манай улсын оролцоо зэрэг асуудлаар илтгэл тавив.

Хуралдаанд манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнууд болох БНХАУ, ОХУ, АНУ, Европын Холбоо, Канад, Япон, БНСУ, Австрали, Турк зэрэг нийтдээ ДХБ-ын 40 орчим гишүүн улс орны төлөөлөгчид оролцож манай улсын худалдаа, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтынорчин зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийв. Энэхүү хуралдааны үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ДХБ-ын Ерөнхий захирал ноён Роберто Азеведо, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Петр Драганов, Олон улсын худалдааны төв(ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалес нартай уулзаж, манай улсын худалдаа, эдийн засгийн байдлыг товч танилцуулж, тус байгууллагуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар ДХБ-ын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс нь олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжин ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд, цаашид Монгол Улсын худалдааны чадавхийг бэхжүүлэхэд тус байгууллагын зүгээс үзүүлж буй техник туслалцааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлэв. ОУХТ-ийн Ерөнхий захирал хатагтай А.Гонзалес худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр манай улстай хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн НҮБ-ын ХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.Драганов худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр манай улстай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан, цаашид өргөжүүлэх боломж байгааг дурьдаж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11295
0 эможи
keyboard_arrow_up