Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Ганзориг: Эдийн засгийн өсөлт үргэлжлэх бүрэн боломжтой

2014 оны 11 сарын 08

Монголбанкнаас ирэх оны Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн билээ.

Эдийн засгийг хэрхэн амжилттай удирдахаас хамаарч иргэдийн амьдрал, улс орны ирээдүй хэрхэх вэ гэдэг шийдэгдэнэ. Тиймээс цаг үеийн олон асуудлаар эдийн засагч, судлаач, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцаж, үзэл бодлыг нь сонслоо.

 

- 2015 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлсэн. Хүмүүс янз бүрийн байр суурьтай байна лээ. Та энэ талаар өөрийн бодлоо илэрхийлнэ үү?

-Ирэх онд инфляцийг барьж, мөнгөний бодлогынхоо арга хэмжээнүүдийг авч ажиллана гэсэн байгаа. Мэдээж бодлогын хүүгээ ашиглана, банк хоорондын зах зээлд Монголбанкны зүгээс оролцоно, гадаадын банкуудтай төгрөгөөр своп хийх тухай асуудлыг ярьж байна. Үүн дээр нааштай үр дүн гарах байх. Ингэснээр нөөцөө бид барьж чадна. Импортын хэмжээ буурч байна, гадаад худалдааны балансын алдагдал мэдэгдэхүйц буурчихлаа.

Одоо гадаадын хөрөнгө оруулалт ороод ирмэгц л төв банкны нөөц эргээд нэмэгдэж эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Монголбанкны хувьд 2014 оныг бодоход 2015 он харьцангуй амархан, харьцангуй таатай жил байхыг үгүйсгэхгүй.

-Төсөв, мөнгөний бодлого хэрхэн уялдах ёстой вэ. Эдийн засагчид мөчлөг сөрж уялдах ёстой гэж хэлдэг. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

-Эдийн засгийг удирддаг үндсэн хоёр бодлого бий. Нэг нь Засгийн газрын зүгээс буюу Сангийн яам хэрэгжилтийг нь хангадаг төсвийн бодлого, нөгөө нь Монголбанкнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлого юм. Энэ хоёр бодлогоор дамжуулж төр чөлөөт зах зээлтэй эдийн засагт нөлөөлж, тохиргоо хийж байдаг.

Манай улсын хувьд энэ хоёр бодлого бусад улстай адилхан хэрэгжээд явдаг. Гэхдээ уялдаа холбоо нь заримдаа алдагддаг. Жишээ нь эдийн засаг их өсөлттэй, бидний ярьдгаар халалт үүссэн үед төсвийн болон мөнгөний бодлогыг чангаруулж, эдийн засагт оруулах мөнгөний хэмжээг багасгах хэрэгтэй байдаг. Энэ хоёр ингэж уялддаг. Гэтэл манай улсын түүхэнд мөнгөний бодлогоо хумих үед төсвийн бодлогоо тэлэх зэрэг хоёр бодлого нь зөрсөн нөхцөл байдал үүсэж байсан. Энэ төдийлөн зөв биш. Төрөөс явж байгаа бодлого нэгдсэн координацитай байх ёстой. 

-Манай улсад орж ирдэг валютийн урсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 гаруй хувиар татарсан статистик байна. Валютийн урсгал ийн багассан нь төлбөрийн тэнцэлд улмаар ханшид нөлөөлж буй. Үүний шалтгааныг та юу гэж бодож байгаа вэ?

-Ер нь экспорт өндөр, экспорт нь импортоосоо ялимгүй бага байх нөхцөл манай улсын хувьд ашигтай, долларын орж ирэх урсгал нь эерэг утгатай байна. Ингэхээр Монголбанкны валютийн нөөц байнга нэмэгдэж эдийн засгийн хүчин чадал сайжирч байдаг.

Гэтэл Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй явж байгаа учраас маш их хэрэглээтэй. Энэ хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас импорт маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тийм учраас бид гадаадад их хэмжээний доллар төлж ирлээ. Зөрүүлээд бид нүүрс, алт, зэсээ экспортлоод доллар оруулж ирэх ёстой байтал нүүрсний экспорт сүүлийн хоёр жил хүндрэлтэй нөхцөл байдалд орсноос болж экспорт, импортын зөрүү үүссэн. Импорт нь экспортоо давж гарсан байдалтай байгаа. Ингээд бид сүүлийн хоёр жилийн хугацаанд импортод дөрвөн тэрбум орчим долларын алдчихаад байна. 

Өмнө  нь гадагшаа гардаг доллар маш бага, гадаадаас орж ирэх доллар хэдэн тэрбумаар яригддаг байсан. Гэтэл гадаадаас орж ирэх доллар оны эхний есөн сарыг харахад тэрбум хүрэхгүй, өмнөхөөсөө буурсан байгаа юм.

Манай улс гадаад худалдааны балансын алдагдал болон экспорт импортын зөрүү дээр үүсээд байгаа алдагдлыг хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа мөнгөөр нөхөж ирсэн. Гэтэл хоёр баланс хоёулаа алдагдалтай болчихоор маш хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн юм. 

-Тэгвэл нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Үүний хариултыг олоход заавал эдийн засагч байх хэрэггүй. Маш энгийн. Экспортоо нэмэгдүүлнэ, импортоо бууруулна, гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн ийм гуравхан л арга байна. Хэлэхэд амархан хийхэд маш хэцүү юм байна гэдгийг сүүлийн хоёр жил бид харлаа.

Монгол руу орж ирсэн хөрөнгө оруулалт яагаад ингэж татарсан бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Нэгэнт хор хохирол нь учирчихсан учраас үүнийг эргүүлэхэд их хэцүү байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ онд Сингапур, Хонг Конг, Японд хөрөнгө оруулагчидтай уулзлаа. Ерөнхий сайд Орос, Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзлаа. Хөрөнгө оруулагчдыг татах гээд төр засгийн тэргүүнүүд тасралтгүй ажиллаж байна. Нэг хүнтэй уулзахад мөнгө нь маргааш орж ирдэггүй юм байна, урт процесс байдаг юм байна.

Тэгэхээр цаашид сайжруулах арга нь хэрэгжихэд маш хэцүү байгаа гэдгийг хэлье. Хэрэв эдийн засаг тогтворгүй болох юм бол гадаадаас зээл авах нөхцөл байдал үүсэж магадгүй. Ингэж дутагдаад байгаа долларыг нөхөж, эдийг засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. 

-Эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдын оруулах хувь нэмрийн талаар өөрийн бодлоо хэлнэ үү. Хүмүүс үндэсний эрх ашгаа хамгаалах нь хамгийн чухал гэдэг л дээ?

Гадаадын хөрөнгө оруулалтыг таталгүйгээр хөгжсөн улс энэ дэлхийд байхгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй Англи, АНУ хүртэл манайд ирээч ээ гээд дуудаж байдаг. Гэтэл манайхан гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрэггүй гэх маягийн юм яриад суух юм бол маш хариуцлагагүй юм байна гэдгийг бид өнөөдөр өөрсдийнхөө талхны мөнгөөр ойлголоо.

Тэгэхээр цаашид иргэд, эдийн засагчид, төрс засгийн удирдлагууд ч тэр энэ бүдүүлэг алдаагаа давтахгүй байх гэж ойлгож байна. Мэдээж үндэсний эрх ашгийг хамгаалах тухай асуудал байх нь зөв. Гэхдээ үндэсний эрх ашгаа зөрчихгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Үндэсний эрх ашгийн тухай асуудал ярихаар бүх гадаадын хөрөнгө оруулагчдын буруу юм шиг ярих нь үнэхээр тохиромжгүй.

-Инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарч байгаа гэсэн мэдээлэл байсан. Тухайлбал хөтөлбөрт хамрагдсан бараа бүтээгдэхүүний инфляцид эзлэх жин буурсан байна. Гэхдээ иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тутам л өсөж байна гэсэн бухимдалтай байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Дэлхийн ямар ч стандартаар харсан манай улс сүүлийн 23 жил маш өндөр инфляцитай яваад ирсэн. Барууны өндөр хөгжилтэй улсад жилийн инфляци нь нэг хувиас 1.5 байдаг. Японд заримдаа инфляци нь сөрөг утгатай явж байдаг. Юмны үнэ нь буурч байдаг. Тэрийгээ дифляци гэж нэрлэдэг. Энэ бол эдийн засгаа сайн тогтворжуулж, зөв удирдаж чадаж байгааг харуулж байна. 

Инфляцийн өсөлт

Бид 23 жилийн дотор инфляцийг удирдчих түвшинд хүрчих байсан. Харамсалтай нь чадахгүй байна. Инфляци дандаа хоёр оронтой тоонд эсвэл өндөр нэг оронтой тоонд явж ирлээ. Инфляци гэдэг бол эдийн засгийн өсөлтийг “алж” байдаг сөрөг үзэгдэл. Мөн бизнес эрхлэгчдэд тогтворгүй байдлыг үүсгэдэг учир болгоомжлолыг бий болгож хүмүүс хөрөнгө оруулахаа больдог, үндэсний мөнгөн тэмдэгтээс зугтаадаг, гадаадын валютыг эрхэмлэх болдог гээд инфляци шиг сөрөг үр дагавартай зүйл байхгүй. 

Гэхдээ бид инфляцитай үндэсний түвшинд тэмцэж ирсэнгүй. Төр, засгийн удирдлагууд Монголбанкыг инфляцийг барь гэж хаячихаад 2008 оноос хойш долоон жил иргэдэд мөнгө тараасан. Энэ бол улс төрийн намууд улс орны эдийн засгийн суурь хүчин чадавх, ард түмний эрх ашгийг бодолгүйгээр хийсэн алхам. Инфляци хүн болгонд хортой байтал мөнгө тарааснаар инфляцийг хөөрөгдсөн. Тэгээд бурууг нь УИХ дээр Монголбанкинд тохдог. Одоо энэ жүжиг хэнд ч сонин биш. Инфляци гэдэг бол үндэсний асуудал байхад Монголбанкыг буруутнаар цоллоод яах юм бэ. Монголбанк нь өөрөө УИХ, Засгийн газар шиг инфляцийг хянах эрхгүй, эрх мэдлийн хүрээ нь хязгаарлагдмал байгууллага.

-Монголын нефть, хийн үйлдвэрлэлийн үндэсний ассоциацын тэргүүн Л.Цэрэндаваа ярилцлагадаа “Шатахууны хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол шатахуун 2013 онд 2000 төгрөгт хүрэх байсан. Хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийг одоо зогсоовол шатахууны үнэ 1800 төгрөгт хүрч болзошгүй” гэдгийг дурдсан байсан. Та үүнд ямар дүгнэлт өгөх вэ. Хэрэв хөтөлбөрүүдийг зогсоовол эдийн засагт ямар үр дагавар бий болох вэ?

-Засгийн газар Монголбанктай хамтарч үнэ тогтворжуулах хөтөлбөр хийсэн. Үүнийг би эдийн засаг судалдаг хүний хувьд маш их дэмжиж байгаа. Яагаад гэхээр улс орны эдийн засаг хөгжихийн тулд бүхнийг чөлөөт зах зээлд даатгаж хаяж болохгүй юм байна, чөлөөт зах зээл биеэ даагаад улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжгүй юм байна, төр заавал дэмжиж оролцох ёстой юм байна гэдгийг бид 23 жилийн дараа ойлгосон. 

Үүнээс өмнө төрийн удирдлагууд чөлөөт зах зээл өөрөө мэдээд өөрөө зохицуулаад хөгжчих юм шиг ярьдаг, хэлдэг, боддог байсан. Анх удаа зоримог алхам хийсэн гэж бодож байна. 

Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэх явцдаа маш их алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ноолуурын үнэ уналаа гээд 30 тэрбум төгрөг тарааж байсан. Энэ бол эдийн засгийн аймшигтай бүдүүлэг шийдвэр, алхам байсан. Өмнө нь төрөөс эдийн засагт оролцож л байсан л даа. Гэхдээ энэ мэтээр огт буруу, сонгуулийн зорилготой алхмууд хийсэн нь алдаа байсан. 

Эдийн засгийг хөгжүүлье, инфляцийг барья, бензиний үнийг хязгаарлахын тулд компаниудад зээл өгье гэсэн шийдвэр гаргасан нь маш зөв. Монгол шиг ийм жижиг зах зээлтэй, хөгжих гэж байгаа оронд төрөөс ийм л оролцоо хэрэгтэй. Гэхдээ ямар цар хүрээнд, ямар түвшинд, хэчнээн төгрөгний зээл олгох вэ гэдэг дээр судалгаа шинжилгээ хэрэгтэй байдаг. Буруу явчихвал энэ чинь бүр хор хохирол учруулж магадгүй юм байна гэдгийг бид сая харлаа. Одоо бид бие биенийгээ буруутгаад байхын оронд алдаан дээрээ суралцаж, зах зээл дээр бүр илүү гүнзгий оролцоод явах ёстой. 

Юунд санаа зовж энэ бүхнийг яриад байна вэ гэхээр 2016 оны сонгууль болоход “Монголбанк, Засгийн газар хоёр зах зээлд орсон нь маш буруу юм боллоо” гэж жижиг сажиг алдааг нь томруулдаг шилээр харж, оноо амжилтыг нь шороогоор булж орхиод 2012 оноос өмнөх төр шиг огт зах зээлд оролцдоггүй, оролцвол сонгогчдод таалагдах гэж буруу мөнгө тараадаг процесс руугаа эргэж орох вий дээ гэж айж байна. 2016 оны сонгуулиар аль ч нам ялсан байсан зах зээлээ дэмждэг, дэмжихийн төлөө явдаг, дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн энэ алхмыг дараа дараагийн шатанд гаргаж, амжилттайгаар үргэлжлүүлэх ёстой шүү гэдгийг хатуу хэлье.

-Эдийн засгийн өсөлт цаасан дээр л байна амьдралд мэдрэгдэх юм алга гэлцдэг. Тэгвэл эдийн засагч хүнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Эдийн засгийн өсөлт амьдралд мэдрэгдэхгүй байгаа нь үнэн. Баялгийн хуваарилалт нь өөрөө буруу болохоор эдийн засгийн өсөлт баян анги дээрээ л мэдрэгдэнэ шүү дээ. 
Баялгийн зөв хуваарилалтыг хийж, зөв тогтолцоог бүрдүүлэх нь төрийн анх байгуулагдсан үүрэг нь юм. Монголын төр энэ үүргээ гүйцэтгэж чадалгүй 23 жил боллоо. 

 Баялгийн хуваарилалт нь өөрөө буруу болохоор эдийн засгийн өсөлт баян анги дээрээ л мэдрэгдэнэ шүү дээ. 

 

Дэлхий даяараа сүүлийн 500 жил баялгийн зөв хуваарилалт хийдэг тогтолцоог бодож олсон нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл дээр бидний муулаад байгаа, хөрөнгийг нь хувааж авъя гэж яриад байгаа бизнесмэнүүд чинь өөрсдөө хувьцаагаа гаргадаг. Энэ хувьцааг ард иргэд тэтгэврийн сангаараа дамжуулж авдаг. Ингээд ард иргэд үндэсний том корпорациудынхаа эзэд болдог. Ингэж л баялгийн зөв хуваарилалтыг хийдэг юм. 

Тэгэхээр зөв хуваарилалтын систем хийгээгүй төрийн бурууг зовж байж, төрийн хүнд суртлыг давж байж, өөрийн мөнгөө эрсдэлд оруулан байж ажлын байр бий болгоод, энэ улсад татвар төлөөд явж байгаа бизнесмэнүүдэд битгий тохож бай гэдгийг сануулъя.

-Төрд байгаа бизнесмэнүүдийн хувьд?

-Төрд авлига, шахаа хийдэг, хүний мөнгийг дээрэмддэг бизнесмэн ганц хоёр байж магадгүй. Үүнээс болж бүх бизнес эрхлэгчдийг битгий харлуул.

Шударга бизнесмэн төрд сонгогдоод УИХ-ын гишүүн болж болно шүү дээ. Бизнесээ босгочихлоо, одоо улс орноо товхинуулъя гээд явж байж болно. Битгий хавтгайруулаад хоёр өөр зүйлийг нэг болгож базаад, хогийн саванд хийгээд байгаач ээ гэж хэлмээр байна. 

-Манай улс дан ганц уул уурхайгаас хараат гэж хэлж болно. Энэ байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байна. Үүнээс хэрхэн гарч, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ?

-Дотоодын үйлдвэрлэл гэхээр бид жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх тухай их ярьдаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл чинь том корпорацийг дагаж хөгждөг. Том корпорацийг хөгжүүлэхийн тулд төрийн оролцоо чухал. Манайд барууны бирж дээр хувьцаагаа гаргадаг уул уурхайн том корпораци байна. Гэхдээ уул уурхайн бус том корпорацийг хөгжүүлэх хэрэгтэй.

Жишээ нь дэлхийн хэмжээний аялал жуулчлал, зочид буудлын корпораци гэдэг ч юм уу, MC Donalds шиг бургер зардаг корпораци ч байж болно. Үүнийг хөгжүүлэхийн тулд төр засаг хүүгүй зээл өгч, татварыг нь чөлөөлж, бүх талаар дэмжих хэрэгтэй. Долоон тэрбум хүнтэй зах зээл нээлттэй байхад бид бургер ч аваачаад зарсан авна. За тэгээд бургерын корпораци байгууллаа гэж бодоход үхрийн махыг нь бэлддэг, сав баглааг нь хийдэг, ажилчдын хувцасыг нь хийдэг компаниуд байгуулагдана. Энэ чинь л жижиг дунд бизнес байхгүй юу. 

-Та ирэх онд манай улсын макро эдийн засгийн төлвийг мэргэжлийн хүний нүдээр хэрхэн харж байгаа вэ?

-Ирэх оны хувьд эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайн харагдахгүй байгаа. Учир нь олон улсын зах зээл дээрх манай түүхий эдийн үнэ хэрхэн хөдлөхөөс хамаарна. Үнэ өсөх юм бол манай эдийн засаг босохдоо маш хурдан байдаг. Нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн үнэ өсөөд л ирэхэд манай эдийн засаг жижиг учраас хурдан босно. Мөн гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд амархан сайжирдаг.

ДНБ-ий өсөлт, бууралт

Тэгэхээр ирэх оны хувьд үнэ энэ маягаараа байвал төлөв байдал тийм ч сайн харагдахгүй байгаа. Төр засгийн зүгээс олон улсын үнийн хандлага, хэрэв үнэ өсөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ, гадаадаас зээл авах юм уу гэдэг төлөвлөгөөгөө гаргаж, бизнесмэнүүддээ танилцуулахгүй бол тэд чинь хүмүүсээ халах уу, үйлдвэрлэлээ зогсоох уу гэдэг төвөгтэй байдалд ирчихээд байна. 

Уг нь манай эдийн засаг өсөлттэй явж байгаа. Энэ өсөлт үргэлжлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл жижиг эдийн засаг учраас бага хэмжээний мөнгө байхад л босгоод ирнэ. 

-Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11660
0 эможи
keyboard_arrow_up