Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Болд: Төсвийг танах нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ

2014 оны 12 сарын 08

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2014 оны төсвийг тодотгоогүй байгаа. Бас орлого нь 750 тэрбумаар тасарч байна. Эдийн засагчид энэ  оны төсвийг хөөсөрсөн гэж дүгнэж  байгаа. Гэтэл ирэх онд  бас хөөсөрсөн төсөв баталчихлаа. 2015 онд төсвийн орлогыг 17 хувиар өснө гэж тооцсон. Үнэхээр ингэж өсөх боломжтой юу. Харин ч их хэмжээгээр тасрах эрсдэлтэй юм биш үү?

-Шинэ үеийн түүхэнд Монгол Улсын төсвийн зарлага орлогоосоо байнга хэтэрч алдагдалтай явж ирлээ л дээ. Төсвөөс гадуур бүртгэлтэй зардлыг нэмбэл алдагдал улам бүр өсөн нэмэгдсээр байна. Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээдгүй нь алдагдалтай болж байгаа энэ үед 2015 оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ. Төсвийн өндөр алдагдал архагшсан шинжтэй байгаа нь инфляцийг хөөрөгдөх нэг гол шалтгаан болсоор байгаа. Үүнээс гадна төр, засаг хувийн хэвшлийг ялгаваргүй дэмжихэд зориулагдах мөнгөн хөрөнгийг үр ашиг муутай зарцуулж байгаагийн илрэл болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх улсын төсвийн хувийн жин нэмэгдэх тусам тодорхой хариуцах эзэнтэй, үр ашиг бодож ажилладаг хувийн хэвшил дээр суурилсан дотоодын эдийн засаг хохирч байна.     

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, Монголын зээлжих зэрэглэл буурсан зэрэг маш сөрөг орчинд Монгол банк  мөнгөний бодлого хэрэгжүүлж  төлбөрийн тэнцлийн хүндрэлийн үед эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ийм бодлого хэрэгжүүлээгүй бол өнөөдөр байдал яаж эргэх байсан бол?

-Энэ хөтөлбөрийн зорилго нь инфляцийг нам дор байлгахаас гадна, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлээс хараат байдлыг багасгахад чиглэж байсан гэж ойлгодог. Үүний үр дүнд дотоодын эдийн засгийн зарим салбар, тухайлбал, барилга, хөдөө аж ахуй,  худалдаа, өсөлттэй  байсан.  Харамсалтай нь гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар уналтанд орсон нь улсын валютын нөөцөд сөргөөр нөлөөлж хөтөлбөрийн үр дүнг саармагжууллаа.  Хөтөлбөрийн үр ашгийг сайжруулъя гэвэл цаашид төр, засаг үнэ тогтоох харилцаанд оролцож зах зээл дээр тэнцвэргүй байдал гажуудал үүсгэхгүй байх ёстой.

-Ер нь улсын төсөв энэ хэвээр явбал бидний гадаад дахь нэр хүнд ямар байх вэ. Ерөнхий сайдын хэлж байгаачлан нэг их наядаар төсвийг танавал энэ байдал хэрхэн өөрчлөгдөнө та бодож байна?

-Монгол улсын гадаад өрийн зэрэглэлийг олон улсын мэргэжлийн байгууллагууд энэ зун бууруулсаныг та бүгд мэдэж байгаа байх. Олон шалтгааны нэг нь төсвийн алдагдал нэмэгдсэн явдал байсан. Өрийн зэрэглэл муудвал Монгол Улсад Засгийн газар болон хувийн хэвшлээр дамжин орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын болон зээлийн хүү нэмэгдэж бизнес эрхлэх зардал ихэсдэг. Иймд төсвийн зардал хамжааргатай бодит байдалдаа нийцсэн байх нь улс орны хөгжлийн зорилгод нийцнэ гэж бодож байна.

-Ирэх жил гадаад орчин сайжрахгүй, хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй, цаашлаад төсвийн зар­дал хумигдахгүй бол Монголбанкинд бодлогын ямар сонголт үлдэх вэ?

-Энэ нөхцөлд уламжлал ёсоор Монголбанк мөнгөний хатуу бодлогыг сонгох, зээлийн хүүг нэмэгдүүлэхэд хүрдэг байсан. Тийм л сонголт бий.  Монгол Улсын санхүүг чирч явдаг хос морьны нэг болох төсөв нь хадуураад ангал уруу унахаар давхивал нөгөө  морь болох мөнгөний бодлого жолоогоо татуулж хазаарлахыг оролддог байсан л даа. Энэ бодлогын хувьд  аргагүй эрхээр хийж буй мэт боловч дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг боомилж ирсэн сул талтай.

-Төлбөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт өнгөрсөн онд хямралын шинжтэй болж, 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь учир шалтгаан болсон гэж эдийн засагчид тайлбарладаг. Тэгвэл төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгаа сайжруулах ямар арга зам бидэнд  байна вэ?

-Хүн бүр мэддэг болсондоо үүнийг. Дотооддоо үр ашигтай үйлдвэрлэж эсвэл нэвтрүүлж болох үйлдвэр, үйлчилгээг Монгол улсын нутаг дэвсгэр дээр бий болгох, хамгийн гол нь Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд гаргаж худалддаг болох л ганц зам бий.

-2017 онд бид гадаад зээлүүдээ эргэж төлнө. Ингэхийн тулд  одооноос төсөвтөө суулгаж  “Засгийн газрын гадаад өрийн үйл­чилгээний цогц төлөвлөгөө”  батлах шаардлагатай гэж бодож байна. Таны хувьд юу гэж бодож байна?

-Хэн ч бодсон мэдээж зүйл.

-Өрийн удирдлагын тухай хуулинд өрийн хязгаарыг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Үүнийг нэмэх боломжтой юу?

-Гадаадаас авсан зээлийн хөрөнгөөр  үр ашиг, валют авчирах эрх зүйн орчин, засаглал, шийдвэр гаргах тогтолцоо бүрдүүлсэн нөхцөлд зайлшгүй нэмэх шаадлагатай. Дотоодын хуримтлалаар одоохондоо хол явахгүй.

-Орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн макро эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг нь сонирхмоор байна?

-Энэ хөтөлбөрийн үр нөлөөгөөр барилгын салбартай холбоотой үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бүхий л салбарыг ажилтай болгож өөд нь татсан. Үүнээс  гадна, амьдрах нөхцлөө сайжруулсан хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн сайн нөлөө үзүүлсэн.

-Сүүлийн гурван сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 25 хувиар суларсан бол евро 8.1 хувь, иен 15.1 хувь, төгрөг 1.1 хувиар суларсан гэж Блүүмберг мэдээлсэн. Эндээс харахад монгол төгрөгийн сулралт бусад улсуудтай харьцуулахад харьцангуй бага юм шиг харагдаж байна. Долларын эсрэг бусад орны валют  сулраад байгаагийн  шалтгаан  нь юу вэ?

-АНУ-д гадаадын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчин сайжирсантай холбоотой болов уу гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.БААСАНСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13447
0 эможи
keyboard_arrow_up