Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хувийн хэвшлийг дэмжинэ

2014 оны 12 сарын 08

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурал өнөөдөр болж байгаа билээ. Тус хуралд шийдлийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг илгээлт хүргүүлсэн байна. Уг илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр уншиж, гардуулав.
Ерөнхий сайд илгээлтдээ, “МҮХАҮТ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч гол байгууллага. Тиймээс ч үе үеийн Засгийн газартай хамтран ажиллаж улс орныхоо хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гадаад, дотоодод нэр хүнд бүхий байгууллага хэмээн хүндэтгэн үздэг.
Миний бие Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан 2 жилийн хугацаанд МҮХАҮТ, төрийн бус бусад байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” үнэлгээний үндсэн чиглэлүүдээс гадна хилийн боомтын үйл ажиллагааг шат дамжлаг бага, хүнд сурталгүй, шуурхай болгох, тусгай зөвшөөрлийг зохист хэмжээнд хүртэл багасгах, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилго бүхий хэд хэдэн чиглэлээр Та бүхэнтэй хамтран үр бүтээлтэй ажилласандаа сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо би Улсын Их Хурлын Чуулганы индрээс Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг эдийн засаг байх болно” хэмээн тодорхойлж эдийн засгийн хүндрэлээс бид хувийн хэвшил, хувийн бизнесийг дэмжсэн бодлогоор л гарах болно гэдгээ илэрхийлсэн билээ.
Эдийн засгийн хүндрэлийн учир шалтгааныг системээр нь зөв оношлож, түүнээс гарах бодлогоо макро болон бусад түвшинд нарийвчлан гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тууштай явуулахад хувийн хэвшлийнхний санаа бодол, идэвхтэй хамтын үйл ажиллагаанд Засгийн газар тулгуурлах болно.  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан уулзалт дээр чухал олон санаа гарсан бөгөөд ийм цуврал уулзалтыг цаашид ч үргэлжлүүлнэ. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн гишүүн аж ахуйн нэгжүүдийн дунд салбар, салбарын төлөөллүүд байгаа. Эдгээр төлөөллийг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах Эдийн засгийн Үндэсний зөвлөлд оруулах, улмаар салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцоог нь хангах, хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллахыг шинээр томилогдох сайд нарт үүрэг болгоно.
Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүх талаар хөгжүүлэх, Засгийн газрын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлэх болно. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувийн хэвшлийг дэмжих замаар төсөв, мөнгөний бодлогын салбарт болон бусад чиглэлээр хийх ажлуудаа Засгийн газраас удахгүй УИХ-д өргөн барьж олон нийтэд танилцуулна.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас гадна Та бүхнээс бас шалтгаалах ажил бий. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд компанийн засаглалаа сайжруулах, хүний нөөцийн бодлогоо зөв зохистой хэрэгжүүлэх, гадна дотны хөрөнгө оруулалт татах замаар шинээр нөөц бололцоо  бий болгох нь эхний ээлжинд зайлшгүй хэрэгжүүлэх зорилт болох учиртай. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудал нь төр засгаас гадна бас та бүхний гарт байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Засгийн газар төрийн өмчийг эзэнжүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн менежментийг нэвтрүүлэх  зорилгоор “Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн төслөө улам сайжруулан УИХ-д өргөн барих гэж байна. Засгийн газар саяхан төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд төрийн төлөөллийг төрийн захиргааны байгууллагын удирдлага, албан тушаалтан хэрэгжүүлж байсныг өөрчилж, хувийн хэвшлийн удирдлага, салбарын мэргэжилтнээр хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхтэй оролцоо маш чухал байна.
Яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлэх чиг үүргийн давхардлыг арилгаж, хувийн хэвшилд учруулдаг хүнд суртал, дарамтыг багасгах, шат дамжлагыг цөөлөх, хэрэгцээгүй олон хяналт шалгалтыг эрс багасгахажлаа улам эрчимжүүлэх болно. Засгийн газраас бизнесийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн чиглэлээрх мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний оролцоотой салшгүй холбоотой явагдана гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Хувийн хэвшлийнхний эх орныхоо хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр улам өргөжин тэлэх болтугай” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13475
0 эможи
keyboard_arrow_up