Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийг “өргөх” хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт амин чухал

2014 оны 12 сарын 16

Энэ оны статистик судалгаагаар хөдөө аж ахуйн салбар манай дотоодын нийт бүтээгдэхүүний 15,9 хувь, экспортын орлогын 12,5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 33,5 хувийг хамарч байна гэжээ. Өөрөөр хэлбэл, бусад салбарыг бодвол байнгын тогтвортой өсөлт үзүүлж, олон ажлын байр бий болгож байна гэсэн үг.

Эдийн засагт ийм нааштай үзүүлэлт үзүүлж буй эл салбарыг өргөжүүлэхэд санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүдийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх шаардлагатайг эдийн засагчид хэлж буй. Тэгвэл уул уурхайгаас илүүтэй монголчуудыг хөгжил рүү хөтлөх хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх боломж, одоогийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг сайжруулах санал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцах “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүд” зөвлөгөөн өнөөдөр боллоо. Банкны систем үүсч бэхжсэний 90 жил, Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг зөвлөгөөнийг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа “Хөдөө аж ахуйн салбарт санхүүжилт маш чухал. Монгол Улс хөдөө аж ахуйн арвин түүхтэй. Харин газар тариалан бидэнд шинэ мэт боловч, чамлахааргүй туршлага бий. Иймд үндэсний үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт чухал юм” хэмээсэн.
Өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн салбарыг Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, урамшууллын бодлогоор дэмждэгээс бус хувийн хэвшлийнхний санхүүгийн тусламж оролцоо, тун бага байдаг аж. Тиймээс хөдөө аж ахуйн салбар дахь зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн оролцогч малчин, тариаланч, ногоочдод тохирсон тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэйг чуулга уулзалтын төлөөлөгчид онцолж байлаа. Энэ талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас тодруулсан юм.

-Эдийн засагчид уул уурхайгаас илүүтэй хөдөө аж ахуйн салбар илүү өгөөжөө өгөх салбар гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хөдөө аж ахуй бол том үйлдвэрлэл. Гэхдээ энэ салбарт Засгийн газрын бус санхүүгийн байгууллагын тусламж дэмжлэг, оролцоо бараг байхгүй. Өнөөдөр Монгол Улсын төсвийн хоёр орчим, гадаадын хөрөнгө оруулалтын 0,04 хувь л зарцуулагддаг. Тиймээс бидний зорилго Засгийн газрын дэмжлэгийг тодорхой түвшинд барих, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудыг хөдөө аж ахуйн салбарт түлхүү оролцуулах, мөн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, тохирсон тусгайлсан зээлийн бүтээгдэхүүн гаргах ёстой юм. Жишээ нь, малчид, ногоочдын гэх мэт. Ингэж чадвал энэ салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх юм.

-Гэхдээ хөдөө аж ахуйн салбар байгалийн араншингаас их хамааралтай болохоор хөрөнгө оруулагчид эрсдэлтэй бизнест тооцдог байх л даа?
-Үнэндээ, байгаль цаг уур, малын гоц халдварт өвчин, төрийн бодлогын залгамж халаа гэсэн гурван зүйлийн эрсдэлээс улбаалан хүмүүс энэ салбарт хөрөнгө оруулдаггүй. Жишээ нь, сайн, муу малчны хооронд их зааг бий. Наад зах нь, зуданд сайн малчны мал үлддэг бол муугийнх нь хот харладаг. Тэгэхээр малчдаа жигд сайн болгох хэрэгтэй. Яаж сайн болгох вэ гэхээр нэгд, малчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах. Өөрөөр хэлбэл, малчдын хөдөлмөрийг механикжуулах, гар хадуураар хийдэг байдлыг халах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, малын үүлдэр болон зоо техникийн цаашлаад мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах, урьдчилан сэргийлэх ариутгал тарилга сайн хийдэг байх хэрэгтэй байна.

-Ер нь, энэ салбар дахь зээл олголт, хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд ямар ажил хийж байна?

-Засгийн газраас энэ салбарыг улсын төсвийн мөнгөөр хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулал өгөх зэргээр байнга дэмжиж ирсэн. Тиймээс цаашдаа арилжааны банк, даатгал, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйчилгээг хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэх шаардлагатай байна. Нэг ёсондоо, төр ачаагаа хөнгөлж, хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгөх ёстой юм. Ийм боломжийг яаж өгөх вэ гэж өнөөдөр ХХААЯ, Монголбанк, арилжааны банк, төрийн бус байгууллагын 160 гаруй төлөөлөгчид хэлэлцэж байна.

Үнэхээр ч өнөөгийн байдлаар нийт арилжааны зээлийн хоёр хувийг л хөдөө аж ахуйн салбар эзэлдэг. Энэ нь, ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөгт эргэлддэг гэсэн үг. Эл салбарт санхүүжилт төвлөрснөөр хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл тэлж, экспортыг хэтдээ нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм. Зөвлөгөөнд оролцогчид санхүүжилтээс гадна даатгалын систем, салбарын хөдөлмөрийн бүтээмж, гар аргаас техникийн дэвшил рүү шилжих замаар чанар, бүтээмжээ дээшлүүлэхэд анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдэж байлаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх гол санхүүгийн үйлчилгээ бол түрээс. Орон нутагт хөрс суурийг нь зөв тавьж өгсөнөөр хууль эрх зүй болоод банк санхүүгийн үйлчилгээ сонгодог утгаар тавигдах гэнэ. Нөгөөтэйгүүр, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүст тулгарч буй эрсдэлийг бууруулснаар арилжааны банкуудын итгэл нэмэгдэж, санхүүжилтийг нь шийдэхэд гацаа үүсэхгүй аж. Үүний жишээ нь ч Монголбанк, Засгийн газартай хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөр. Эл хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн санхүүжилтийн энгийн бөгөөд түгээмэл хэрэгсэл болох бараа, бүтээгдэхүүний агуулахын санхүүжилтийг нэвтрүүлсэн юм. Цаашид эдгээр хөтөлбөр цэвэр зах зээлийн зарчимд суурилсан хэлбэрт бүрэн шилжиж, тогтвортой ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14043
0 эможи
keyboard_arrow_up