Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Пассив барилга гэж юу вэ?

2014 оны 5 сарын 02

Пассив барилга гэсэн нэр томъёолол, түүний норм стандарт нь барилга архитектурын салбарт хэдийнээ танигдан, одоо дэлхий даяар мэддэг болжээ. Энэ нь анх Герман улсад үүсч хөгжсөн бөгөөд одоогийн байдлаар төв Европт 20.000 гаруй сууц баригдаад ашиглагдаж байна. Дэлхийн хаа сайгүй хойд болон өмнөд Америк, Европ, Ази, Африкт пассив барилга баригдсаар байна. Ингээд уншигчиддаа пассив барилгын талаарх тоймтой мэдлэг олгохоор энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

  1. ПАССИВ БАРИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?
Пассив барилга гэдэг нь амьдралын тав тухтай нөхцлийг хангадаг, маш бага эрчим хүчний хэрэглээтэй сууц юм. Дулаан цонх, барилгын дулаалга, дулааныг эргүүлэн ашиглах нь пассив гол элемент юм. Пассив барилга бүхэн байгаль орчныг хамгаалахад бодит үүрэг гүйцэтгэдэг. Пассив барилга гадна талаасаа бусад жирийн барилгатай адилхан харагдах бөгөөд “Пассив барилга” гэсэн нэр томъёолол нь зөвхөн стандартыг тодорхойлохоос бус барилга барих тусгай нэгэн арга биш юм.
Пассив барилга хөтөлбөр нь улам боловсронгуй болж байгаа бага эрчим хүчний барилгын стандарт юм. Сайн төлөвлөлт, мөн жижиг хэсгийг ч гэсэн нэг бүрчлэн хянамгай хэрэгжүүлэх нь маш чухал. Эрчим хүчний бага хэрэглээтэй байхаар барилгаа төлөвлөх, тухайлбал агаар сэлгэлтийг ухаалгаар тоноглох хэрэгтэй. Энэхүү стандартын барилга 20 м2 талбайтай өрөөг дүн өвлийн хүйтэнд 10 ширхэг лаа, эсвэл өрөөнд байгаа насанд хүрсэн дөрвөн хүний биеийн дулаанаар л халаах хэмжээний тун бага халаалтын эрчим хүч шаарддаг. Пассив барилгыг лаагаар халаахгүй нь мэдээж ч нийт дулаандаа өчүүхнийг хэрэглэдэг, хэмнэлттэй мөн тухтай халаалтын системтэй байна.
Пассив барилга хөтөлбөр нь дэлхий даяар хэрэгжсэн ерөнхий зарчим нь хаана ч ижил. Тухайн газар орчны цаг уурын нөхцлөөс хамааран онцлог хэсгийн чанарын шаардлага өөр өөр байна. Дулаан уур амьсгалтай нутагт зуны халуунд тав тухтай байхын тулд сүүдэрлэх, цонхны агаар сэлгэлтийг зохицуулах гэх мэт пассив хөргөлтийн хэмжүүрт анхаарал хандуулна. Пассив барилга бүрийн өвөрмөц онцлог нь тухайн орчны нөхцөл байдалд тохируулсанд оршдог.
Пассив барилгын түлшний зарцуулалт
 Европын цаг агаарын нөхцлөөр Пассив барилгын стандартаар нэг квадрат метр талбайг халаахад жилд 15 кВт.ц эрчим хүч буюу 1.5 литр дизель түлш ашигладаг. Манай орны нөхцөлд хувийн орон сууцанд дунджаар 250 кВт.ц эрчим хүч зарцуулж байна.
Хэрэв Европын холбооны улсуудад баригдаж байгаа пассив барилга стандартын нөхцлийг хангах технологиор (хана хучилтын дулаан дамжуулалтын итгэлцүүр 0,13Вт/ м2К, цонхных 0,8, агаар сэлгэлтийн давтамж 0,5ц-1) Улаанбаатарт сууц барихад 1 ам метр талбайг халаах эрчим хүчний хэрэглээ 40кВт.ц.жил буюу 4 литр дизель түлш шаардагдана. 100 м2 сууцны тухайд жилд 400 литр дизель түлш буюу 740000 (2012 оны 5 сарын үнээр) төгрөгний зардал гарахаар байна. Харин цахилгаан халаалт ашиглавал жилд 4000 кВт.ц буюу 360000 төгрөг, нүүрс ашигласан нөхцөлд 1,5 тонн нүүрс буюу 150000 төгрөгний зардал гарах юм.
 Мэдээж энэ хэрэглээг үүнээс ч илүү бууруулж, бүр тэглэх ч боломжтой. Хэрэглээг маш багасгахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нарын коллектор, нарны зай, газрын гүний дулаан зэргийг ашиглаж болно. Харин 250 кВт.ц ашиглавал дээрх хэрэглээ 6 гаруй дахин ихсэж тэр хэмжээгээр ашиглалтын зардал өсч, агаарыг бохирдуулна. Тэгэхээр Пассив барилга нь эдийн засгийн хувьд ч, экологийн хувьд ч ашигтай бас таныг илүү тав тухтай орчинд амьдруулна.

Пассив барилгын давуу талууд

Тав тухтай
Пассив сууцны дулаалга нь зүйрлэвээс өлгий бөгөөд дулааныг гадагшлуулахгүйгээр барьж байдаг. Энэ нь дараах тав тухыг бүрдүүлдэг:

  • Өрөөний гадаргуунууд жигд дулаан байх;
  • Доторх агаарын нөхцлийг тогтвортой, жигд бүрдүүлэх;
  • Температурын хэлбэлзэлгүй, сийгэлтгүй байх;
  • Агаар сэлгэлтийн систем нь тогтмол цэвэр, дулаан агаарыг өгч байдаг.

Тогтвортой

  • Эрчим хүчний өндөр үр ашиг нь СО2 ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулдаг.
  • Пассив сууцны стандарт нь байгаль орчны хамгаалахад чухал оролцоотой бөгөөд байгалийн хязгаарлагдмал эх үүсвэр (нефть, байгалийн хий г.м)- ийг нөөцлөхөд тусалдаг.
  • Пассив сууцанд шаардлагатай эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой.

Хэмнэлттэй

  • Халаалтанд эрчим хүч маш бага шаардагдана.
  • Цэвэр агаарыг хялбархан аргаар автоматаар хангана

Шинэлэг

Пассив барилгын хөтөлбөр нь орчин үеийн барилгын стандарт бөгөөд архитекторууд, барилгын инженерүүдэд шинэлэг санаа нээж өгч байна. Барилгын үйлдвэрлэгчид өндөр хэмнэлт бүхий бүтээгдэхүүнийг бий болгоход анхаарч, тэдгээрийг зах зээлд гаргах тал дээр ажиллаж байна. Пассив барилгын стандартад тохирохуйц инженерийн барилга байгууламжууд бий болжээ. Тав тух болон хэмнэлтэнд оруулж буй хөрөнгө нь нэмүү өртгийг бүтээж, нэмэлт ажлын байрыг бий болгоно.

Туршилт-баталгаажуулалт

  • Хэдэн зуун пассив сууцанд шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт, туршилтыг хийсэн. Сайн үр дүнгүүдийг байнга үзүүлж байна.
  • Мянга мянган Пассив барилга баригдан, ашиглалтад орж, суугчид үр ашигтай гэдгийг баталсаар байгаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2453
0 эможи
keyboard_arrow_up