Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 16

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.06.12--2014.06.16 /

 

СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Алтанзул: Хуулийг шинэчилснээр далд эдийн засаг хумигдана

Хуульд ямар цоорхой байгаад, түүнийг буруугаар ашиглаад байна вэ гэдгийг оношилсны дүнд эцсийн хэрэглэгч төлсөн татвараа хянадаггүйгээс бүх асуудал үүсэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч хяналт тавивал татварын бодлого зөв хэрэгжиж эхлэх юм байна гэж үзсэн. Тиймээс бусад улс оронд өргөн хэрэглэдэг эцсийн хэрэглэгчийг урамшуулдаг системийг сонгосон. Хоёрдугаарт, нэр томьёо, үг хэллэгийн хувьд зайлшгүй шинэчлэх ёстой.

 Шинэчлэлийн гол асуудал нь НӨАТ-ын механизмыг сайжруулж, бүгд эрх тэгш байдлаар татвараа төлье гэдэг зарчимд суурилж байгаа учраас эцсийн хэрэглэгчдээр дамжуулаад далд эдийн засаг тодорхой хэмжээгээр хумигдах юм. Тиймээс далд эдийн засгаас мөнгө илрэх ч иргэдэд 20 хувиараа эргээд буцаан олголт өгөх учраас улсын төсвийн орлого хэт буурах, эсвэл өсөх нөхцөл үүсэхгүй.    /“Өнөөдөр” сонин 2014 оны 6 дугаар сар 12/

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг эсэргүүцсэндээ шилэн дансны тухай хуулийн төслийг унагаагүй

Тэрбээр “Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног богино, давчуу хугацаа ч гэсэн АН-ын бүлэг эдийн засгийн эрхзүйн орчныг эрүүлжүүлэх талаар тодорхой ажлуудыг амжуулах ёстой. Өнөөдрийн энэ эдийн хүндрэл бидэнд нэг зүйлийг ойлгуулсан. Юу вэ гэхээр Монгол улсад бизнесийн орчныг төрөөс хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх эрхзүйн орчин бэлэн байгаагүй нь сүүлийн үед тодорхой болж байна” гэлээ.            

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шилэн дансны тухай хуулийг Засгийн газраас дахин өргөн барьж байгаа. Уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ. Өмнө өргөн бариад унасан Шилэн дансны тухай хуулиар буруу тайлбар хийсэнд харамсаж байна гэж бүлгийн дарга тайлбар хийсэн юм. / “Монголын үнэн” сонин 2014 оны 6 дугаар сар 10/

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эдийн засгийг идэвхжүүлж байна гээд хуулийг халтуурдан баталж болохгүй

Нийгмийн харилцаа буюу итгэлцлийн мөн чанарыг ард түмнээрээ ойлгох түүн дундаа улс төрчид сайтар ойлгох нь нэн чухал. Тиймээс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, өөрөөрөө явж буй бизнест төр битгий оролцоочээ гэсэн байр сууриа хадгалан төрийн гох дэгээ болсон зүйлсээ суллахаас эхлүүлээд маш их ажил хүлээж байна. 

Уул уурхайн салбарын эрхзүйн орчин савлагаатай байгаагаас уг салбарт хүндрэл бэрхшээл бий болж хөрөнгө оруулалт татарсан. Эдийн засгийг идэвхжүүлж байна гээд хуулийг халтуурдаж баталж болохгүй.  / “Өдрийн сонин” сонин 2014 оны 6 дугаар сар 12/

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Зуу хоногт улсын битгий хэл, компанийн эдийн засаг ч босдоггүй юм

Юм үйлдвэрлэдэггүй, өөрсдөө баялаг бүтээдэггүй улс  орны эдийн засаг хямрахгүй яах юм бэ. Мөнхөд ийм бэрхшээлтэй явна. Яг үнэндээ бол манай эдийн засаг Нарантуул зах, ямааны ноолуур хоёр дээр л тогтож байгаа. Одоо 100 хоног нь наадмын өмнө хойно таарч байгаа. Ийм үед монголчууд юу бодож, юу ярьдаг билээ дээ. Уг нь энэ 100 хоногийг платформоо л зөв тавихад зориулаасай. Түүнээс буй долларыг тэгж буулгана, эдийн засгийг ингэж босгоно гэж долоо хоног бүр худлаа хэлэх, хоосон онолдож улс төрд удаан амьдардаг, улстөрчид гарч ирдэг уламжлалт PR хийх хэрэггүй. Энийг юм хийж, юм бүтээж үзсэн хүмүүс л ойлгоно. / Үндэсний шуудан 2014.06.12/

МҮХАҮТ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш: Уул уурхайн болон бусад салбарын гадаад худалдааг үндэсний валютаар хийх боломжийг судалж байна

Төмөр зам гол орлого буюу нийт орлогынхоо 80 хувийг транзит тээврээс олж байгаа. Манай экспорт л зогссон болохоос транзит тээвэр явагддагаараа яваад харин ч нэмэгдэж буй. Цаашдаа ч нэмэх хүсэл байна. Манай улсаас Ази, Номхон далайн орнууд руу Тяньжинаар гардаг. Тэгвэл ОХУ-ын Хабаровск мужийн далайн боомтоор гарах боломжтой юм байна. Энэ талаар судалж эхэлсэн. Нэг боомтын хараат байхаа болино гэсэн үг. /Ардчилал  2014.06.13 /

“Голдон файл” компаний захирал А.Цолмонтуяа: НӨАТ монгол улсын эдийн засгийн статистик мэдээллийн тогтолцоог үгүй болгосон

 НӨАТ-ын хууль нь Монгол улсын нийгмийн зохион байгуулалт, баялаг бүтээгчдийн бизнесийн үйл ажиллагаанд суурилсан байдаг. Бодит хэрэгжилтийг нь дүгнэж хэлэхэд Монгол улсын эдийн засгийг зохион байгуулалтгүй, эмх замбараагүй болгосон.

НӨАТ-ын одоо мөрдөж буй хууль хэрэгжсэнээр Сангийн яам эдийн засгийн бодит  мэдээлэлгүй болсон. Бодит статистик мэдээлэлгүй болно гэдэг бол улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Өнөөдөр монгол улсад эдийн засгийн статистик мэдээллийн тогтолцоо ч үгүй байна. Иймд одоо л бид дуугарахгүй бол маргаашийн орон зайд амьдрах нь эргэлзээтэй.

 НӨАТ-ын эцсийн үр дүн нь улсын төсөвт борлуулалтын орлогын 1,8 хүртэлх хувийн татвар цуглуулах л үүрэгтэй. Тэгэхээр үүнийг худалдааны албан татвар болгох  хэрэгтэй. Тэгээд л дээрх хэмжээний орлогыг төсөвтөө цуглуулаад авчих. Заавал олон оролцоотой механизм хэрэггүй.  /“Ардчилал” сонин 2014 оны 6 дугаар сар 12/

Энх-Эсэн компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхөө: Хямрал удаан үргэлжилбэл өлсгөлөн нүүрлэх нь гарцаагүй болчихлоо

Өнөөдөр манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад болон дотоодын компаниудын захирлууд уулзалдаж хямралын асуудлаа ярилцаж байна. Эдийн засгийн хямрал гэж дээр дооргүй сандраалдаж байгаа энэ үед төр засаг бидний дуу хоолойг сонсохоор болсон нь таатай. Миний бодлоор төгрөгийн ханш унаагүй. Яг л байх ёстой хэмжээндээ ирсэн гэж бодож байна.  Гэтэл нөгөө талд нь ард түмний авч байгаа цалин өсөөгүйгээс эдийн засаг, нийгэм хямарлаа гэж харагддаг.

Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахад дэндүү их хөөсрөлттэй харагдаад байгаа нь үнэн. Төр бизнест хэтэрхий их оролцоод байгаа учраас эдийн засагт хөөс болон элдэв хямрал амархан үүсч байна. / Улс төрийн тойм 2014.06.13 /

Сэтгүүлч: Лангуу нь хоосорсон дэлгүүр буюу Хөрөнгийн бирж

 -Хөрөнгийн бирж өнгөрсөн онд компанийн бонд болон анхдагч зээлийн арилжаа хийгээгүй байна-

 Үнэт цаасны зах зээл эдийн засгийн өсөлтөөс шууд хамаарч мөчлөг дагах хандлагатай байгаа юм. Эдийн засгийн өсөлт өндөр жилүүдэд зах  зээлийн үнэлгээ, хувьцааны үнэ ханш, арилжааны үнийн дүн өсч идэвхжих болон хэт халах үзэгдэл ажиглагддаг. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт буурахад үнэт цаасны зах зээлийн үнэлгээ дагаад уруудаж байна.

 Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тооцоогоор өнгөрсөн онд бүртгэлтэй хувьцаат компани 323 байна. Эдгээрийг өмчийн хэлбэрээр нь аваад үзвэл төрийн өмчийн оролцоотой 30, төрийн өмчит 23, хувийн өмчит 270 байгаа юм. Гэтэл хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаа нь арилжаалагдахгүй байгаа компанийн тоо өсөх хандлагатай болжээ. Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, үйл ажиллагаа нь зогссон компаниудыг биржийн бүртгэлээс хасах гэнэ.  /“Ардчилал” сонин 2014 оны 6 дугаар сар 10/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4487
0 эможи
keyboard_arrow_up