Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийг энгийнээр: Төрөөс хэрэгжүүлдэг эдийн засгийн бодлого

2017 оны 9 сарын 22

Сангийн бодлого

Аливаа улс оронд нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгах зорилгоор 2 төрлийн эдийн засгийн бодлогыг төрөөс хэрэгжүүлдэг. Нэгт, засгийн газраас явуулж буй эдийн засгийн бодлого буюу сангийн бодлого юм. Сангийн бодлого нь иргэд компаниудын төлж буй татварын мөнгөөр бүрдэж буй  улсын төсвөөр хэрэгждэг тул төсвийн бодлого ч гэж нэрлэгддэг. Жишээ нь ихэнх сургууль цэцэрлэгийн зардал, эмч цагдаа нарын цалин, улсын төсвөөр баригдаж буй зам гүүр, цахилгаан станц  гэх мэт дэд бүтцийн томоохон ажлууд ч үүнд хамаарна.

Нийгэмд зайлшгүй хэрэгтэй ч, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжгүй ажлуудыг (цэрэг, цагдаа г.м.) санхүүжүүлэх нь сангийн бодлогын нэг үндсэн чиглэл болдог. Түүнчлэн, татварын бодлогоор дамжуулж эдийн засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл болон хэрэглээг зохистой түвшинд байлгах нь сангийн бодлогын гол үүрэг юм.

Эдийн засгийн идэвхжил удааширч, хямрал нүүрлэсэн үед засгийн газрууд тѳсвийн хэрэглээ, хөрөнгө оруулалтаа нэмэх замаар ажлын байр бий болгох, бараа үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгаа дэмжих үйл ажиллагааг явуулдаг. Харин эдийн засгийн үйл ажиллагаа идэвхтэй өрнөж, компаниуд өндөр ашигтай, татварын орлого сайн байвал засгийн газрууд мөнгөө хадгалж, ирээдүйд учирч магадгүй хүндрэлийн үед зарцуулах хуримтлалыг үүсгэх нь оновчтой алхам гэж үздэг. Ингэснээр ажлын байр хадгалагдах, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөл бүрддэг.

Мөнгөний бодлого

Төрөөс хэрэгжүүлж буй нөгөө нэг эдийн засгийн гол бодлого нь төв банкуудын хэрэгжүүлдэг мөнгөний бодлого юм. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал буюу инфляцийг нам дор, тогтвортой байлгахад чиглэдэг. Монгол Улсын төв банк болох Монголбанк нь инфляцийг 8%-аас дээшгүй байлгахыг зорьж ажилладаг.

Үнэ тогтвортой байх нь нэн түрүүнд бидний халаасанд буй мөнгөний худалдан авах чадвар буюу иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй. Түүнчлэн, компаниудын хувьд бараа үйлчилгээ үйлдвэрлэхэд шаардлагатай зүйлсийн үнэ, эсвэл борлуулж буй бүтээгдэхүүний үнэ нь ирээдүйд хэр тогтвортой байх вэ гэдэг чухал. Үнэ цаашид тогтвортой байх, таамаглаж болохуйц байвал бизнес эрхлэгчид илүү оновчтой бизнесийн төлөвлөгөө боловсруулж, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэнэ. Иймд, үнэ тогтвортой байх нь зах зээл дээр арилжаа наймаа, үйлдвэрлэл хэвийн явагдах үндэс суурь болдог.

Төв банкууд инфляцийг тогтвортой байлгахын тулд ашигладаг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм. Бодлогын хүү нь арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Мөнгө хэвлэх эрхтэй төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа улс орнуудад бодлогын хүүг эсдэлгүй хүү гэж ч нэрлэдэг. Энэхүү эрсдэлгүй хүүтэй харьцуулагдаж зах зээл дээрх бусад арилжааны хүү тогтдог учир бодлогын хүүг хөтөч хүү гэж нэрлэх нь ч бий.

Бодлогын хүү өндөр үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл гаргахын оронд төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл гаргах нь түгээмэл. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг. Ийнхүү төв банкууд бодлогын хүүг өөрчлөх замаар эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засгийн идэвхжилд нөлөөлөхийг зорьдог.

Төсөв, мөнгөнийн бодлогын уялдаа

Иргэдийн орлого, амьжиргаа тогтвортой, эдийн засгийн орчин савлагаа багатай байснаар нийгмийн сайн сайхан байдал дээшилнэ эдийн засагчид гэж үздэг. Үүний тулд төрөөс хэрэгжүүлж буй төсөв болон мөнгөний бодлого нь хоорондоо уялдаатай байх, төв банк засгийн газартайгаа оновчтой хамтарч ажиллах нь чухал. Энэ нь нэг талаас эдийн засгийн хямралыг давж туулах, харин нөгөө талаас эдийн засаг хэт халахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлж, ажилгүйдэл бага түвшинд, үнийн өсөлт нам дор бөгөөд тогтвортой, эдийн засгийн өсөлт тогтвортой байхад чухал ач холбогдолтой юм.

Гэхдээ энэ нь тѳсѳв болон мѳнгѳний бодлого цуг байна гэсэн үг биш юм. Харин ч ихэнх улс орнууд энэхүү 2 бодлогыг тусад нь салгаж, засгийн газраасаа хараат бус тѳв банктай байхыг чухалчилдаг. Учир нь зарим засгийн газрууд сонгогчдод таалагдах, улмаар дахин сонгогдохын тулд бэлэн мөнгө тараах, халамжийн хэт хавтгай бодлого явуулах тохиолдол бий. Гэхдээ татварын мөнгөөр бүрддэг улсын төсөв хязгаартай тул эдийн засагт хор уршигтай иймэрхүү бодлогуудыг  үргэлж санхүүжүүлэх боломж тэр бүр үгүй. Харин засгийн газруудад мөнгө хэвлэх эрх нээлттэй үед энэ үйлдэл боломжтой тул эдийн засагтаа аюултай сөрөг үр дагавар үүсгэсэн тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй бий.

Иймд өнөөдөр ихэнх улс орнуудад мөнгө хэвлэх эрхийг улс төрөөс салган, бие даасан тѳв банкинд хариуцуулдаг болжээ. Ингэснээр үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мѳнгѳний бодлогыг мэргэжлийн эдийн засагчид хэрэгжүүлэх боломжийг олгосон.

Ардчилсан нийгэмд засгийн газрууд улстөрийн сонгуулиар сонгогдож, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байж л амжилт олдог бөгөөд зарим амлалтууд эдийн засагтаа тийм ч сайн үр дүн авчрах албагүй байдаг. Харин төв банк сонгогчдод таалагдах түр зурын бодлого явуулах бус, эдийн засгийг тогтвортой, эрүүл байлгахад чиглэсэн урт хугацааны бодлого явуулдаг мэргэжлийн байгууллага байх нь чухал гэдэг үзэл өнөөгийн жишиг болжээ.
 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47327
0 эможи
keyboard_arrow_up