Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Авлигын шаварт шигдсэн эдийн засаг

2018 оны 3 сарын 10
Arslan.mn

Хориод жилийн өмнө чөлөөт зах зээлийг зорин хөдөлсөн монголын эдийн засаг гэх ачааны машин, агаарын бохирдолтой уралдан өтгөрч буй авлигын мананд төөрөн явсаар эдүгээ шаварт суучихаад, хөдөлгүүрээ хичнээн янгинуулан зүтгэсэн ч шавраасаа гарах байтугай, улам доош суун шигдсээр байна. 

Бизнесийн орчинг бүрхсэн өтгөн манан

Бизнесийн орчин авлигатай байгааг хүн бүр ярьдаг ч, яг ямар авлига, хаана ямар түвшинд байгаа, өөрчлөгдөж байгаа эсэхийг судалж, тодорхой хэмжээ багцаа гаргах шаардлагатай юм. Яг тийм судалгааг олон улсын жишиг аргачлалд үндэслэн Азийн сангаас 2012 оноос хойш долоон удаа зохион байгуулжээ. “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн дагуу 2017 оны 10 сард авлига нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Тус судалгаанд 100% дотоодын хөрөнгө оруулалттай, том, жижиг, дунд хэмжээний 330 компанийг санамсаргүй байдлаар сонгон оролцуулсан ажээ. Судалгаанд оролцогчид Монгол улсын бизнесийн орчинд буй болсон авлигын нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаа гэж 2012 онд тал нь хэлж байсан нь жил бүр өссөөр 2017 онд бараг 60 хувь болжээ.

4002a043b33bcb8ff1101b04eb20e662.png

2012 онд 27.2 хувь нь сэтгэл хангалуун байсан бол 2016 онд 12.1 хувь болж 2 дахин буурчээ. Энэхүү судалгаанд анхаарал татсан нэг зүйл бол бизнесийн орчинд өгсөн  үнэлгээ нь жижиг, дунд, том компаниудынх тун ойролцоо байгаа нь бизнесийн орчинг үнэхээр сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг асуухад талаас илүү нь татвар дэндүү өндөр байгааг онцолжээ. Араас нь зөвшөөрөл, лиценз олголт 23 хувь, зээл авах боломж 21 хувь, ажиллах хүчний мэргэжлийн чадвар хангалтгүй гэж 17 хувь нь үзжээ.

2ed09f2b3165e7d9a54a10eed83f357e.pngХарин бизнесийн орчинд бэрхшээл учруулж буй байгууллагаар нь асуухад гаалийг 27.6 хувь нь, татварын газрыг 22.7 хувь, мэргэжлийн хяналтын газрыг 18.2 хувь нь нэрлэв.

fb36aae5821a601674432cb692f2e797.pngДүгнэж харвал, монголын бизнес эрхлэгчдийн нуруун дээр төрөөс олон төрлийн татварын ачаа үүрүүлчихээд, төлөхийг шаардан ташуурдаж буй дүр зураг гарч байна. Мөн төрийн үйлчилгээний шат дамжлага олон, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дутмаг, тодорхой бус журам, зохицуулалтуудаас болж жижиг-дунд бизнес эрхлэгчид цаг хугацаа алдахгүйн үүднээс авлигатай холбогдох нь түгээмэл болжээ.

Судалгааны өөр нэг ач холбогдол нь сүүлийн 6 жилийн өөрчлөлтийг тодорхой харуулж, харьцуулах боломж өгч буйд оршиж байна. 2012-2017 оны хооронд төрийн байгууллага дахь авлигын нөхцөл байдалд ямар нэг  ахиц дэвшил гараагүй, бүр улам дордсон ажээ.

4b0a323e3125ec0172e889a8f08eafa6.png

Жишээ нь төрийн байгууллагуудад авлига маш өндөр гэж 2012 онд судалгаанд оролцогсдын 42.1 хувь нь хэлж байсан бол 2017 онд 48,5 хувь болж өсчээ. Тэгвэл нэлээд их гэж 2012 онд 40 хувь нь үзэж байсан бол 2017 онд 35,8 хувь болж бага зэрэг буурчээ. Гэвч маш их, нэлээд их гэсэн хоёр хариултыг нийт оролцогчдын 80 хувь өгсөн нь авлига аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг нотолж байна.

Шавраас сугарах нь 

Төр засгийн зүгээс авлигатай тэмцэх талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь ямар ч үр дүнд хүрэхгүй байгааг энэ судалгаа харуулж байна. 2012 онд огт үр дүнгүй гэж 19.4 хувь нь үзсэн бол 2017 онд 41.8 хувь болж нэмэгджээ. Бага зэрэг үр дүнд хүрдэг гэж  2012 онд 39.1 хувь нь үзэж байсан бол 2017 онд 29.7 хувь болсон байна. Үүнээс харахад бараг 70 хувь нь төр засаг авлигын эсрэг ажиллаж чадахгүй байна гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтийн хамгийн гол үндэслэл нь авлигад холбогдсон өндөр дээд албан тушаалтнуудтай ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаатай холбоотой юм.

Нэгэнт л төр засгийн зүгээс авлигатай тэмцэж чадахгүй байгаа юм бол бизнесийнхэн өөрсдөөсөө бас эхэлж болно. Учир нь авлига бол өгч авч буй хоёр талын үйлдэл юм. Гэтэл харамсалтай нь манай бизнесменүүд авлигатай тэмцэх талаар ямар нэгэн алхам хийхгүй байгааг энэ судалгаа бас харуулав.

Танай компани авлигатай тэмцэх ямар нэгэн алхам хийсэн үү гэдэг асуултад 2012 онд 71.5 хувь нь үгүй гэсэн  бол, 2017 онд 73.0 болж бүр өссөн ажээ.

1c5530443587fca6a6e8fd0a2f72307f.png

Мөн танай байгууллагад авлигатай тэмцэх дотоод журам байдаг уу гэж асуухад 2012 онд 74 хувь нь үгүй гэж хариулсан бол 2017 онд 81.2 хувь болж өсчээ. Авлигын талаар мэдээлэл өгч байсан уу гэхэд 2012 онд 81.8 хувь нь, 2017 онд 90.6 хувь нь үгүй гэж хариулжээ.

Уг нь бизнесийнхэн авлига өгөх ёсгүй, өгч болохгүй гэсэн соёлыг бий болгож чадвал нөхцөл байдалд нөлөөлнө. Бизнесүүд авлигатай тэмцэхгүй, уг үндсээр нь алга болгохгүй бол маш их цаг, санхүүгийн нөөцөө алдан авлига өгч, асуудлаа шийдэхийг оролдсоор байх болно. Энэ судалгаанаас харахад бизнесийн байгууллагууд төсвийнхөө 10 орчим хувийг бизнесийн үйл ажиллагаатай нь огт холбоогүй зүйлд зарцуулдаг гэжээ.

Эдийн засгийн хувьд ийм их үр ашиггүй зардал гаргасаар байх уу, эсвэл зогсоох уу гэдэг чухал асуулт монголын бизнесийн өмнө тулгараад байна.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа гэдэг.  Авлига хэмээх харанхуйг ялах арга бизнесийнхний өөрсдийнх нь гарт байна. Нэгэнт л гэрэл ассан бол харанхуйг дийлж болно.

Монголын авлигын эх үүсвэр нь улс төрийн намын санхүүжилт нууц байгаатай холбоотой. Ээлжлэн ба эвсэн төрийн эрхийг барьж ирсэн МАНАН-аас санхүүжилтээ ил тод болгохыг иргэд шаардсаар байгаа ч эдүгээ тэд нүдэн балай, чихэн дүлий дөмбийсөөр авлигын аварга могойд ороогдсоор байна.

Манай төр засаг авлигыг зогсоож чадсан цагт л эдийн засаг “шавраасаа” сугарч, хөгжил цэцэглэлийн замдаа жигдрэх юм. Тэр цаг хэзээ ирэх нь иргэд бидний шаардлагаас гадна, бизнес эрхлэгчдээс мөн хамаарах ажээ.

Эх сурвалж: jargaldefacto.com/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54730
1 эможи
keyboard_arrow_up