Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын нэг өрх найман сая төгрөгийн өртэй

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна” Н.Батбаяр өр гэдэг үгийг өглөг гэж өөрчлөх хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлж, чуулганы танхимд доог тохуу болж байсан нь саяхан. Тэрбээр сайд ахуйдаа гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг ингэж хуульчлан нэрлүүлэх дөхөж, үүнийгээ Манжийн дарлалын үеийн мөлжлөгтэй хольж халин тайлбарлаж билээ.

Санаа нь хоёр жил гаруйн өмнө нийгэм даяар “Эх орон өрөнд баригдаж, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахад хүрсэн, Монголын нэг өрхөд олон сая төгрөгийн өр төлөх үүрэг ногдлоо” гэх айдаст автаад байсныг залруулж зөөлрүүлэх байсан юм. Тэгвэл хоёрхон жилийн өмнө ийм айдаст автаад байсан айл өрхүүдийн өр зээл өнөөдөр хэд болж өөрчлөгдсөн бэ. Монголбанкнаас гаргасан тоон мэдээллээс харахад, нэг өрхөд ногдох иргэдийн зээл энэ оны I улиралд найман сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн.

Улмаар нэг өрхийн өрийн дарамт 63.1 хувьд хүрээд байгаа аж. Энэ нь өрхийн орлого дагасан хэрэглээний өсөлттэй холбоотой.

Үүнийг дагаад банкуудаас иргэдэд олгосон орон сууцны бус хэрэглээний зээлийн хэмжээ 3.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа гэнэ. Зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж эхэлсэн бол өндөр зээлтэй иргэдийн хувьд энэ үзүүлэлт дунджаар 76 хувьтай байна.

70 ИД ШИДИЙН TOO БИШ

Өрхийн өрийн дарамтыг Монголд хэрэгжиж буй хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй зээлийн үйлчилгээн дээр авч үзье. Монголбанк арилжааны банкуудтай хамтран 2013 оноос хойш 94 мянга орчим зээлдэгчид 4.4 их наяд төгрөгийн орон сууцны урт хугацаатай зээл олгоод байгаа. Ердөө 3.8 хувь нь л чанаргүй ангилалд багтсан гэдэг сайн үзүүлэлттэй байгаа ч үнэн хэрэгтээ 38 хувьтай байсан нэг өрхөд ногдох орон сууцны ипотекийн зээлийн төлбөр 45 хувьд хүрээд байгаа аж.

Энэ бол иргэн Батын гэр бүл олж буй 100 төгрөг тутмынхаа 45 төгрөгийг cap бүр ипотекийн зээлийн эргэн төлөлтдөө тушааж байна гэсэн үг. Тэгэхээр Батын гэр бүл үлдсэн орлогынхоо 55 хувиар хоол, унаа бусад хэрэглээгээ зохицуулан амь зуудаг байх нь. Угтаа бол ипотекийн зээлийн эргэн төлөлт өрхийн орлогын 30 хувьтай тэнцэх байх шаардлагыг олон улсын төвшинд ашигладаг ч манайд 45 хувиар тогтоон хэрэгжүүлж буйг олонх эдийн засагчид онолын талаас нь шүүмжилдэг.

Амьдрал дээр ч энэ шаардлага зөрчилдөж байгааг нэг иргэн сардаа татварын дараах орлогынхоо 70 хувийг зээлдээ өгч буй дүн илтгэж байна. Тиймээс Монголбанкны Мөнгөний бодлогын хороо иргэдийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш мөрдүүлэхээр тогтсон. Зээлийн үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоожээ. Гэвч банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг л илүүд үзэх болжээ.

Иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд зээлийн сарын төлбөр нь иргэдийн нэрлэсэн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд өөрийн дотоод журамдаа тусгадаг хэдий ч үүнийг тогтмол нэмэгдүүлэх чиглэлд өөрчлөх хандлага гарах болсон байна. Тэгэхээр 70 хувийн хязгаар гэдэг нь амьдрал дээр шууд хэрэгжчих ид шидтэй тоо биш аж. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр иргэдийн сарын дундаж цалин 998,400 төгрөг байгаа. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгавал цэвэр орлого дунджаар 811,386 төгрөгтэй тэнцэнэ.

Үүнийхээ 70 хувийг зээлдээ өгчихвөл 240 гаруй мянган төгрөгөөр сардаа амьдрах хүндхэн дүр зураг харагдана. Амьжиргааны баталгаажих доод түвшин 198,600 төгрөг байгаа бөгөөд энэ нь 811 мянган төгрөгийн 24.5 хувийг эзэлж байна. Иймд иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эрсдэл нэмэгдэнэ. Дээрх тооцоог дөрвөн ам бүлтэй, хоёр хүний цалингийн орлоготой өрхийн хувьд хийхэд зээлийн сарын төлбөр нь өрхийн орлогын 49 хувиас хэтэрвэл өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ санхүүжүүлэх боломжгүй болж байгааг судлаачийн зүгээс онцолжээ.

ХАРИН 30 БОЛ ИД ШИДТЭЙ ТОО

Хамгийн эрэлттэй зээлийн шаардлагыг дахиад авч үзье. Энэ төрлийн зээлийн шаардлагыг зөөлрүүлэх талаар салбарын яам болон зарим улстөрчийн зүгээс мэдээлэх болсон. Тухайлбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 25 болгон бууруулах, зээлийн эргэн төлөлтийн бүтцийг өөрчлөх зэрэг арга хэмжээ авахаар шийдвэр гаргах төвшинд ярилцаж буй. Иргэдийн зүгээс ч өрхийнхөө өрийн дарамтыг ипотекийн зээлийн хүүтэй холбон тайлбарладаг. Найман хувийн ипотекийн зээлээр орон сууц авсан даруйдаа сарын төлбөр нь төлж буй хүүнээсээ хэд дахин бага байгааг шүүмжилж ирсэн.

Тэгвэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг тооцдог үндсэн гурван аргачлал байдгийн нэгийг нь манайх хуулбарлан хэрэглэж байгаа аж. Манайд ипотекийн зээл орж ирэхэд л сард тэнцүү төлбөр тооцох аргыг нэвтрүүлсэн. Зээлийн эргэн төлөлт нь cap бүр ижил тэнцүү тогтмол байлгах арга. Тогтмол хэмжээтэй төлөлтийн бүтэц дотор эхний жилүүдэд зээлийн хүү нь илүү их хувь эзлэх бөгөөд цаашдаа аажим буурсаар сүүлийн жилүүдэд үндсэн төлбөр өндөр болдог. Энэ аргыг ашиглахад зээлдэгчээс сард төлөх төлбөрийн ачаалал бага бөгөөд өрхийн орлого нөгөө хоёроосоо бага байх боломжтой.

Гэвч сул тал нь иргэдийн шүүмжилж буй нийт хугацаанд төлөх зээлийн хүүгийн төлбөр их буюу 101 хувь байдаг. Нөгөө нь үндсэн тэнцүү төлбөр тооцох арга. Энэ аргаар зээл төлөхөд эхний жилүүдэд эргэн төлөлтийн хэмжээ өндөр, дарамт их. Мөн cap бүр харилцан адилгүй хэмжээтэй төлбөр төлөгддөг. Уг тооцооллын арга нь *сар бүр төлөх зээлийн үндсэн төлбөр тогтмол. Зээлийн хүү эхний жилд хамгийн өндөр хувьтай эхэлж аажмаар буурдаг байна.

Энэ аргачлалаар ипотекийн зээлийг төлөхөд нийт хугацаанд төлөх хүүний нийт хэмжээ хамгийн бага буюу 80 хувь. Хамгийн сүүлийнх нь хугацааны эцэст бүрэн төлөх төлбөр. Энэ аргаар зээлийн төлөлт хийхэд хүүгийн хэмжээ нь хамгийн өндөр буюу 160 хувь бөгөөд хугацааны төгсгөлд хийх учраас голдуу бизнесийн зорилгоор авдаг зээлэнд ашигладаг аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн монголчуудын төлж чадах хувилбар нь сард тэнцүү төлбөрийн арга болж таардаг.

Харин урьдчилгаа төлбөрийг бууруулах нь алгуур зээлдэгчийн хариуцлагыг бууруулдаг байна. Өндөр урьдчилгаа төлсөн зээлдэгч төдий чинээ хариуцлагажиж, гэрээний хугацаанд хүлээж болзошгүй төлбөрийн дарамтаас урьдчилан сэргийлдэг. Мөн 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэхээр хуримтлал үүсгэх хандлага залуусын дунд бий болсон байна. Энэ мэтээр иргэдийн зээлийн өсөлт нэмэгдэх хандлага гарах болж.

Тиймээс иргэдийн амьжиргаа хамгаалах замаар чанаргүй зээлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд 70 биш 50 хувийн хязгаар тогтоож, шаардлагатай бол 30 битгий 50 хувийн ч босго тавих нөхцөл бий болж магадгүй байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593831
0 эможи

keyboard_arrow_up