Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Банкны салбарт АЮУЛЫН ДОХИО өгсөн ОУВС-гийн ээлжит МЭДЭГДЭЛ

2018 оны 11 сарын 23

Arslan.mn

Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-гийн ажлын хэсгийн мэдэгдлийгөчигдөр бид бүрэн эхээр нь хүргэсэн билээ. 

Тэгвэл тус мэдэгдэлд анхаарал татахуйц хэд хэдэн ноцтой өгүүлбэрүүд багтаад байна.

Тухайлбал "Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны арванхоёрдугаар сарын эцэс хүртэл дахин хөрөнгөжүүлэх хугацааг олгосон. Энэ хугацаанд өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудад Төв банкнаас оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно" гэж зааж өгчээ. 

Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй байгаа 2-3 банк хэрвээ он дуусахад өөрийн хөрөнгийн хүрэлцээгээ хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй бол тун эрсдэлтэй нөхцөл байдалд хүрэх нь байна. 

ОУВС-гийн энэ удаагийн мэдэгдэлд ийнхүү тодорхой, хатуу хугацаа зааж оруулж ирсэн нь Монголбанканд дарамт болж, үйл ажиллагаанд нь шууд хөндлөнгөөс оролцсон болчимгүй үйлдэл гэдгийг салбарын эдийн засагчид онцолж байна. 

Зарим эх сурвалж, хүндрэлтэй байгаа 2-3 банкны нэгнийх нь хувьд гэхэд аль хэдийнээ Монголбанкны Хяналт шалгалтын алба ажиллаж эхлээд байгаа бөгөөд нэр бүхий банкны асуудлаар өнөөдөр 16:00 цагаас Монголбанк хуралдаж, шалгалтаа үргэлжлүүлж, дараагийн арга хэмжээг авах эсэхийг шийдэх нь. Харин өнөөдөр асуудал нь хэлэлцэгдэх нэр бүхий банкны тухайд он дуусах хүртэлх хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэр бий болгох хэлэлцээг амжилттай хийгээд байгааг iKon.mn-нд мэдэгдсэн бөгөөд тэд он дуусах хүртэлх хугацаанд Монголбанкнаас дараагийн арга хэмжээнд шилжихгүй байхыг хүсжээ. 

ОУВС-гийн #18 дахь мэдэгдэлд мөн "Эрх баригчид чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх" гэж зааж өгчээ. 

Үндэсний Статистикийн Хорооны аравдугаар сарын тайланд Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны аравдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 603.1 (44.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 788.7 (67.2%) тэрбум төгрөгөөр буюу огцом өссөн тухай мэдээлжээ. 

Тодруулбал, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өссөн байна. 

График, Чанаргүй зээл, эх сурвалж: ҮСХ

 

Монголбанк сар бүр Банкуудын нэгдсэн балансын гол үзүүлэлтүүдийг танилцуулдаг ч одоо хүртэл аравдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулаагүй байна.

Зарим эх сурвалж арилжааны банкуудын 2018 оны эхний 10 сарын байдлаарх нэгдсэн үзүүлэлт асар их алдагдалтай гараад байгаа талаар мэдээлж байгаа юм. 

Энэ нь Активын Чанарын Үнэлгээтэй холбоотойгоор банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагын хугацаа тулсантай холбогдож, салбар их хэмжээний ашиггүй гарсантай холбон үзэж байна. 

Ямартай ч банкны салбарт хүндрэлтэй гэгдэж буй 2-3 банкны асуудал 2018 оныг дуусахад яах нь тодорхой болох нь. 

Энэ тухай Монголбанкны хариуцах албан тушаалтнууд он дуустал ямар нэгэн мэдээлэл гаргахгүй гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд хэллээ. 

 

Эх сурвалж:  IKON.MN                                       ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN             
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597500
0 эможи

keyboard_arrow_up