Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Чанаргүй зээл, халамж 2 дахин өссөн 2018 он

2018 оны 12 сарын 17

Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин 1.2 сая төгрөгт хүрсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос өгсөн. Үүний дараа статистикийн байгууллага ард иргэдийнхээ бодит амьдралаар даажигнан тохуурхлaа гэсэн шүүмжлэлийг хүртэв. Статистик мэдээллүүд нь тухайлсан бодох аргачлалтай байдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Мэдээж хүн бүрт тохируулан мэдээлэл гаргах боломжгүй учир дундаж хэмээн тодотгодог байх.

Arslan.mn

Энэ оны гуравдугаар улирлын статистикийн судалгаанд 40 мянган аж ахуйн нэгжийн 651.1 мянган ажилчныг хамруулжээ. Дээр хэлсэнчлэн нийслэлийнхний дундаж цалингийн хэмжээ 1.2 сая төгрөг байгаа бол төвийн бүсэд дундаж цалин 861 мянга, хангайн бүсэд 851 мянга, зүүн бүсэд 764 мянга, баруун бүсэд 670 мянган төгрөг байна. Энэ нь улсын дунджаас 170-360 мянган төгрөгөөр бага үзүүлэлт аж.

Харин төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшилд ажиллагсдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 140.5-198.4 мянган төгрөгөөр их байна гэв. Тэгвэл орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагч 761.3 мянга, төрийн бус байгууллагынхан 821.1 мянга, төсөвт байгууллагад ажиллагсад 769.3 мянган төгрөгийн цалинтай бол хоршоонд ажиллагсдынх 493.5 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 210.7-538.3 мянган төгрөгөөр бага байгаа аж.

Статистикийн мэдээллээс харахад боломжийн цалин хөлстэй амьдраад байгаа мэт боловч нөгөө талдаа байгууллагууд санхүүгийн чадамжгүй болж, эдийн засгийн уналтад өртөж байгааг илтгэх тоо баримт харагдана. Тухайлбал, банк санхүүгийн салбарт тааруухан үзүүлэлт байгааг онцлов. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөг болж өмнөх сараас 106.6 тэрбум төгрөгөөр, харин өмнөх оны мөн үеэс 911 тэрбум төгрөгөөр өссөн байх юм.

Нийт экспортын хэмжээ өмнөх сараас 126.1 сая ам.доллараар, импорт 28.6 сая ам.доллараар тус тус буурчээ.

Түүнчлэн энэ оны эхний арваннэгдүгээр сард хөдөлмөрийн биржид шинээр ажил хайж 5.9 мянган хүн бүртгүүлсэн байгаагийн 50.7 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, халагдсан хүмүүс байгаа нь компаниуд санхүүгийн чадамждаа тааруулан хүний нөөцөө танаж байгааг харж болно. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57 хувь нь 15-34 насны ид хөдөлмөрлөх насны залуучууд байсаар байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 9.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл, халамж хоёр зуузай холбон хоёр дахин өссөн нь эдийн засгийн нөхцөл байдлыг төвөггүй тодорхойлж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598345
0 эможи

keyboard_arrow_up