Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс өрсөлдөх чадвараараа гурван жил дараалан сүүлээсээ хоёрт бичигдэв

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

Швейцарын Позанна хотод төвтэй Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс /International Institute for Management Development, IMD/ гаргадаг дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ. 

Сингапур 2010 оноос хойш анх удаа уг жагсаалтыг тэргүүлснийг IMD-гийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээнд онцолсон байна. Тус улс байраа ахиулж нэгдүгээрт бичигдэхэд дэвшилтэт технологийн дэд бүтэц, мэргэшсэн ажиллах хүчний хүрэлцээтэй байдал, цагаачлалын таатай хууль тогтоомж болон бизнес эрхлэх таатай нөхцөл чухал нөлөө үзүүлсэн гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. 

Жагсаалтын хоёрдугаарт, Хон Конг орсон бол АНУ тэргүүлэх байр сууриа алдаж, гуравдугаарт бичигдсэн байна. Америкийн өрсөлдөх чадварт нефтийн өндөр үнэ болон өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийн экспорт суларсан явдал, ам.долларын тогтворгүй ханш сөргөөр нөлөөлжээ. Харин дөрөвдүгээрт, Швейцар, тавдугаарт, АНЭУ, зургаад Нидерланд, долоод Ирланд, наймдугаарт Дани, есдүгээрт Швед, аравдугаарт Катар оржээ. 

Энэ жилийн хувьд газрын тос, хий үйлдвэрлэгч улс орнуудын өрсөлдөх чадвар нэлээн хэдэн байраар ахисан байна. Тухайлбал, Саудын Араб 13 байраар дээшилж, 26 дугаарт бичигдсэн бол Катар 2013 оноос хойш анх удаа эхний 10-т багтав. Түүнчлэн Индонез 32 дугаар байраас дээшилж, 11 дүгээрт бичигдсэн бол АНЭУ анх удаа эхний тавд багтсан байна. 

Азийн орнуудаас өнгөрсөн жил 30-д орж байсан Тайланд энэ жил 25 дугаарт бичигдсэн бол өнгөрсөн жил 25-д байсан Япон Улс 30 дугаарт бичигдсэн байна. Ерөнхийдөө Ази, Номхон далайн улс орнуудын үзүүлэлт харьцангуй сайн байгааг ажиглагчид онцолж байна. Учир нь энэ бүс нутгийн 14 улс орны 11 нь өрсөлдөх чадварын үзүүлэлтээ хадгалсан, сайжруулсан дүнтэй байгаа ажээ. 

Харин жагсаалтын сүүлийг Венесуэл Улс мушгижээ. Өмнөд Америкийн тус улсын эдийн засгийн хувьд гол дөрвөн шалгуурын гурвынх нь үзүүлэлт хамгийн муу гарчээ. Харин Монгол Улс сүүлээсээ хоёрт буюу Венесуэлийн өмнө бичигджээ. Өнгөрсөн жил Монгол Улс 63 улсаас 52.6 оноогоор (100 онооноос) 62 дугаарт эрэмбэлэгдэж байсан. Мөн 2017 онд ч гэсэн манай улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62 дугаарт бичигдсэн билээ. 2016 онд ч гэсэн сүүлээсээ хоёрдугаарт бичигдэж байсан юм. Харин 2014 онд 57 дугаарт буюу Грек, Аргентин, Хорват, Венесуэлийн өмнө орж байв. 

IMD дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтыг 1989 оноос хойш жил бүр гаргаж байгаа юм. Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо эдийн засгийн байдал, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 260 орчим шалгуур үзүүлэлтийг ашигладаг байна.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604133
0 эможи

keyboard_arrow_up