Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Алтанцэцэг: Ирэх зургаан сард ам.долларын ханш 2,700 орчим төгрөг байна гэсэн таамаг иргэдийн дунд бий

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, “Эн Ар Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгтэй хэрэглэгчид эдийн засагт хэр итгэдэг тухай ярилцлаа.

-Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг 2009 оноос эхлэн гаргаж байгаа. Эдийн засгийн төлөв байдлын талаарх гутранги, өөдрөг хэрэглэгчийг харьцуулж судалдаг. Тухайлбал, индексийн утга 100-аас буурвал эдийн засагт гутранги хандаж байгаа хүмүүс өөдрөгөөсөө олон хэмээн ойлгож болох. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн итгэл өөдрөг байх тусмаа эдийн засагт эергээр нөлөөлнө. Тэгэхээр 10 жилийн судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчид эдийн засгийг хэрхэн дүгнэв?

-Бид 2009-2013 он хүртэл жилд нэг удаа хэрэглэгчийн итгэлийг үнэлж, зөвхөн Улаанбаатарын өрхүүдийг хамарч судалгаа хийдэг байсан.

2014 оноос улсын хэмжээнд 1,000 өрхийг хамруулж, улирал тутам хийдэг хэрэглэгчийн итгэлийг судалдаг болсон. Манай эдийн засаг хүнд байдалтай байсан үеэс буюу 2009 оноос индексийг гаргаж эхэлсэн.

Энэ үеэс хойш өссөөр 2012 онд хамгийн өндөр утгаа аваад, 2013 оноос жилийн индекс дахин буурсан. Өөрөөр хэлбэл, өндөр байсан индекс хэвийн түвшинд хүрсэн. 2016 оны дөрөвдүгээр улирлаас эдийн засгийн байдал эргээд сайжрах хандлагатай байгааг мэдээлж байсан.

Энэ үед ойрын ирээдүйд эдийн засаг ямархуу байхыг харуулдаг ирээдүйн хүлээлтийн индекс өссөн. Харин өнөөгийн байдлын индекс буурсан байдаг. Энэ бүх хугацааны судалгаанаас дүгнэхэд эдийн засагт гарах ямар нэг өөрчлөлтийг хэрэглэгчийн итгэлийн индекс харуулж ирсэн.

Жишээлбэл, 2014-2016 онд эдийн засаг тааруухан болсныг таамаглаж, 2017 онд эдийн засаг сайжрах төлөвтэйг судалгаагаар дүгнэж гаргасан юм.

-Хэрэглэгчийн итгэл харьцангуй өөдрөг гарах боллоо. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Америк, Хятад, ОХУ гэх мэт олон оронд хэрэглэдэг түгээмэл аргыг судалгаанд ашигладаг. Америкт гэхэд хэрэглэгчийн итгэлийн судалгааг гурван өөр байгууллагаас гаргаж, илүү өргөн хүрээнд богино хугацаанд мэдээлж, хүмүүс ч их үр ашигтай хэмээн хүлээж авдаг.

Бидний хийж байгаа судалгааны хувьд хэрэглэгчид суурилсан буюу эдийн засгийн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн дийлэнх хувийг худалдаж авдаг бүлгийг судалдаг гэдгээрээ онцлог. Тодруулбал, нийт бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн 60 гаруй хувийг худалдаж авдаг хэрэглэгч судалгаанд оролцдог.

Адилхан хүмүүсийг бүгдийг оролцуулсан ч адил, түүвэрлэсэн ч адил үр дүн гардаг учраас санамсаргүй түүврийн аргаар хүмүүсийг сонгодог учраас судалгааны үр дүн нийтийг хамарч чаддаг юм.

Тэдний эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, ойрын ирээдүйн талаарх үнэлэмжийг судалж, мэдээлдэг. Хэрэглэгч өөрийн орлого, зарлагаас хамаарч худалдан авах шийдвэр гаргадаг.

Гутранги хандлагатай хэрэглэгчид удаан эдэлгээтэй буюу өрхийн төсөвт нөлөөлөхүйц бүтээгдэхүүн худалдан авах нь бага. Хэрвээ өрх бүр энэ төрлийн бүтээгдэхүүний худалдан авалтаа танаад эхэлбэл бүтээгдэхүүний эрэлт багасаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. аж ахуйн нэгж, компанид нөлөөлөх байдлаар эдийн засагт нөлөөлдөг.

Тиймээс хэрэглэгчийн өөдрөг, гутранги байх нь эдийн засгийн ойрын ирээдүйд чухлаар нөлөөлнө гэсэн үг.

-Хэрэглэгчийн итгэлийг яагаад судлах болсон бэ?

-Эдийн засаг тааруухан болж, тэр талын судалгаа зах зээлд хэрэгтэй болсон. Бусад орны энэ чиглэлийн судалгааны үр өгөөжийг ажигласан. Эдгээр шалтгаанаар анхны санхүүжилтийг “Нээлттэй нийгмийн хүрээлэн”-гээс гаргаж, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын баг санаачилж судалгааг хийсэн.

2014 оноос МУИС-ийн Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “Эн Ар Си Си" ХХК хамтарч санхүүжүүлж судалгаа хийж байгаа. Анхнаасаа судалгааг гардаж хийсэн дөрвөн судлаачаас гадна мэдээлэл цуглуулах ажилтнууд олон бий.

Мэдээлэл цуглуулах ажилтнуудад алдаа гаргахаас сэргийлж хэрэглэгчээс юу гэж асуух, юу гэж асуухгүй байх тухай сургалт явуулдаг. Буруу асуух нь хэрэглэгчийн хариултад нөлөөлж ч магадгүй шүү дээ. Дараа нь ажилтнуудыг хүмүүстэйгээ хэрхэн холбогдож байгаад хяналт тавьдаг.

-Инфляц, валютын ханш зэрэг эдийн засгийн холбоотой асуудлуудад хэрэглэгчид хэрхэн хандаж байгааг сүүлийн судалгаан дээр үндэслэн хэлнэ үү?

-Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үеэс 6.7 функтээр өссөн.

Хэрэглэгчийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээ өссөн нь ерөнхий индексэд голлон нөлөөлсөн. Харин ойрын ирээдүйн талаарх өөдрөг байдал өмнөх оны мөн үетэй ойролцоо гарсан. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт хэрэглэгчийн 41.7 хувь нь ам.долларын ханшийг ирэх зургаан сарын хугацаанд өснө хэмээн хариулсан.

Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 8.3 функтээр өссөн үзүүлэлт. Тодруулбал, өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханшийг 30 гаруй хувиар өснө хэмээн хэрэглэгчид хүлээж байж.

Ханшийн өсөлт, бууралт, өөрчлөлтийг дүгнэж, хүлээгдэж буй ханш гэсэн үнэлгээг гаргадаг. Энэ үнэлгээгээр ирэх зургаан сарын хугацаанд ам.долларын ханш дунджаар 2,700 орчим төгрөгт байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.

Үүнийг өмнөх буюу нэгдүгээр улиралтай харьцуулахад 50 орчим төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.

Харин инфляц ирэх зургаан сарын хугацаанд 3.5 хувь байна. Жилийн хугацаанд 5.1 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Бид эдийн засгийн хувьд ямар тоо гарах вэ гэдгээс илүү ямар өөрчлөлттэй байгааг нь судалдаг. Үнийн түвшин, валютын ханш аль аль нь өснө гэсэн хүлээлттэй байгаа нь чухал гэсэн үг л дээ.

-Өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад хэрэглэгчийн итгэл хэр өсөв?

-Жилийн дөрвөн улирал харилцан адилгүй байдаг нь эдийн засагт нөлөөлдөг учраас өмнөх оныхоо тухайн улиралтай индексийг харьцуулах нь зүйтэй. Өмнөх оны хоёрдугаар улиралд ерөнхий индексийн утга 78 байсан. Энэ жилийн хувьд 84 функт болж өссөн.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд өнөөгийн байдлын индекс 47, ирээдүйн хүлээлтийн индекс 98 байсан. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар өнөөгийн байдлын индекс 63, ирээдүйн хүлээлтийн индекс 98 байна.

Ойрын ирээдүйд бизнесийн төлөв байдал, өрхийн орлого, цалингийн тухайд өмнөх оноос өөрчлөлтгүй. Харин өнөөдрийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлт өссөн байна. 16 функтээр өссөн нь өндөр үзүүлэлт.

-Судалгааг санамсаргүй түүврийн аргаар харилцан адилгүй настай, боловсролын түвшин өөр хүмүүсээс авдаг. Энэ байдал үр дүнд нь нөлөөлөх үү?

-Бусад улсад олон жил хэрэглэж, туршиж байгаа асуултуудыг ашигладаг.

Тухайн хүний бодлыг тандах, энгийн асуултууд байдаг учраас ойлголт, мэдлэгийн ялгаанаас үр дүн өөрчлөгдөхгүй. Судалгаа дотроо эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн хандлага, худалдан авалт, үнийн түвшин, валютын ханш, өрхийн шинж, чанар зэрэг бүлгүүдтэй. Бэлтгэл үе, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ шалгах, боловсруулах, тооцох, олон нийтэд хүргэх зэрэг үе шатыг дамжина. Эдгээр үе нь хоёр cap гаруй хугацаанд явагддаг гэж ойлгож болно.

-Цаашид сайжруулах зүйл байна уу. Хэрэглэгчид хэр тааламжтай хүлээж авдаг вэ?

-Энэ судалгааны хувьд өөрчлөх, засах зүйл байхгүй. Магадгүй мэдээллийн давтамжийг нь илүү ойртуулж болох юм. Өмнөх мэдээлэлтэйгээ дараагийн судалгаагаа харьцуулах байдлаар одоогийнх шигээ явах нь судалгаанд чухал.

Зарим хүн судалгаа егөхдөө дурамжхан байдаг ч дийлэнх нь судалгааг дэмждэг. Утсаар судалгаа авдаг учраас богино бас хэрэгтэй мэдээллүүдээ авахыг хичээдэг.

-Нийслэл, хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн дунд ялгаа гардаг уу?

-Өрхийн амьдарч байгаа байршил буюу Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсээр нь ялгаж үзэхэд индексийн утга ялгаатай гардаг. Жишээлбэл, сүүлийн судалгаагаар Улаанбаатарын хэрэглэгчдийн итгэлийн индекс 94.8 хувьтай буюу хамгийн өөдрөг гарсан. Гэтэл Зүүн болон Хангайн бүсэд индексийн утга 64-65 хувьтай буюу хамгийн гутранги бүсээр тодорсон.

Харин өрхийн шинж чанартай холбоотой индексийн тооцоо хэвийн байх дүр зураг ажиглагддаг. Үүнд, 35-аас доош насныхны индексийн төлөв байдал илүү өөдрөг байдаг. Байшин хорооллынхон гэр хорооллоос илүү өөдрөг байх ерөнхий төлөв бас бий.

-Судалгаагаар хэрэглэгчдэд юу хүргэхийг зорьдог вэ?

-Судалгааг 10 гаруй жил хийж байгаа ч гэсэн шинэ индекс учраас хүмүүс хэрэглээндээ шууд ашиглах нь харьцангуй бага, дөнгөж мэддэг болж эхэлж байна. Бизнесийн байгууллагынхны хувьд судалгааны үнэ цэнийг бага зэрэг мэдэрч эхэлж байх шиг. Тиймээс судалгааны үр дүнд гарсан мэдээллийг хэрэглэж, ашигладаг болох нь чухал.

Барууны оронд 30-40 жил судалж ирсэн учраас мэдээллийг нь cap болгон хүлээж, түгээмэл хэрэглэдэг болсон. Цаашлаад судалгааны үр дүнгээс хамаарч бизнес эрхлэгчид тэр салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийдэх нь бий.

-Гаднын улсад хэрэглэгчийн судалгаа нь үнэн бодит болоод л итгэл үнэмшил төрүүлдэг байх. Тэдний жишгээс суралцсан танай судалгаа хэр үнэн бодит вэ?

-Бид индексийн утга хэд гарахаас илүү арга зүйдээ анхаарлаа хандуулдаг. Судалгааг яаж гаргахаас үнэн, бодит байдал шалтгаална. Хэрэглэгчийг төлөөлж чадахуйц санамсаргүй түүврээс индексийг тооцдог. Мөн судлаачдын бие даасан байдал чухал.

Буруу арга зүй ашигласнаас л буруу мэдээлэл гардаг юм. Тиймээс арга зүй хамгийн чухал. Судалгаа гарсны дараа бодит байдалтай харьцуулаад дүгнэхэд чиг хандлагаа барьж байх нь ч чухал.

-Зардал их, үр дүн тодорхойгүй ажлыг яагаад хийж байгаа нь сонирхолтой санагдах юм?

-Миний хувьд эдийн засгийн төлөв байдлыг харуулдаг судалгаа манай улсад дутагдаж байгаа учраас ажиллаж эхэлсэн. Хэдэн жил судлаад ирэхээр судалгааг зогсооход хайран болдог. Тасралтгүй үргэлжилж байж амжилттай үр дүн авчирна гэсэн бодол нөлөөлсөн.

Судалгааны үр дүнд хэрэгтэй мэдээлэл гарвал баярлах мэдрэмж нь сайхан. Цаашдаа илүү үнэ цэнтэй болж, нарийн мэдээллүүдийг бизнесийнхэн ч юм уу хэрэглэдэг болно гэсэн хүлээлт байна.

-Судлаачдад бие даасан байдал чухал гэлээ. Тэгэхээр Засгийн газрын оролцоо шаардлагагүй гэсэн үг үү?

-Засгийн газраас оролцож, мэдээллийг гажуудуулна гэвэл шаардлагагүй. Харин үнэн бодит мэдээлэл хэрэгтэй гэдэг үүднээс дэмжиж оролцвол болох юм. Бусад улсад цэвэр судалгааны байгууллагууд энэ төрлийн судалгааг хийдэг. Мэдээж ямар ч судалгааг шинжлэх ухааны аргаар хийх нь илүү үр дүнтэй.

-Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглэгчийн санхүүгийн зах зээлийн оролцоо, зах зээлд итгэх итгэл ямар байгааг танайхаар судлуулдаг болоод гурван жилийн нүүрийг үзлээ. Үүнийг та бүхний ажлын нэг үр дүн хэмээн харж байна. Цаашид банкны салбарынхан ч юм уу судалгаа хийлгэхээр захиалж болох санагдлаа. Гэхдээ судалгаанд суурилж эдийн засгийг судлах нь хэр давуу талтай вэ?

-Манай улсад судалгаанд суурилсан бодлого хоцорч байгаа санагддаг. Бид хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаанаас гадна бодлогын нөлөөллийн үнэлгээний талаар судалгааг хийж байна.

Одоо хэрэгжиж байгаа бодлогуудын нөлөөллийг үнэлснээр бодлогын зардал, үр дүн, алдаа дутагдал, цаашид үргэлжлэх эсэхийг урьдчилан үнэлж болно. Жишээлбэл, хөдөлмөрийн зах зээлд ажилгүй болон эмзэг бүлгийн иргэдэд төлбөрийг нь төсвөөс олгож, үнэ төлбөргүй мэргэжил олгох сургалт хэрэгждэг.

Энэ бодлогын арга хэмжээг үнэлэхэд өргөдлөө өгч хүсэлт гаргаж байгаа залуус олон хэрнээ яг очиж сургалтад хамрагдаж байгаа нь их цөөн байсан. Тус сургалт богино хугацаанд ажил эрхлэлтийг нэмэгдүүлдэг ч урт хугацаандаа нэмэгдүүлэхгүй байна гэх мэт сонирхолтой дүгнэлтүүд гарсан.

Гэхдээ хамрагдсан иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэвэл тус сургалт үр дүнтэй байсан. Энэ мэт мэргэжлийн хүмүүсийн хийж байгаа судалгааны мэдээллийг ашиглаж, бодлогоо сайжруулах хэрэгтэй.

-Миний бодлоор мэргэжлийн судалгааны байгууллагууд гэхээсээ илүү төрийн бус болон хувийн байгууллагууд ашиг сонирхолдоо нийцүүлэн иймэрхүү төрлийн судалгаа хийх нь элбэг санагддаг?

-Шинжлэх ухааны аргачлалыг өндөр түвшинд ашигладаг хувийн судалгааны байгууллага цөөхөн. Харин түүвэр судалгаа буюу анхдагч мэдээллийг боловсруулдаг байгууллагууд хөгжөөд байна. Тиймээс анхдагч мэдээллийг дараагийн шатанд боловсруулах байгууллагууд нэн тэргүүнд шаардлагатай.

Судалгаанд муу юм уу сайн арга гэж байхгүй. Гагцхүү тохирох аргыг сонгох нь хамгийн чухал. Улмаар сонгосон аргаа хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

-Хэрэглэгчийн итгэлээс гадна сүүлийн үед хийсэн сонирхолтой судалгаанаас сонирхуулахгүй юу?

-Төрийн өмчит цэцэрлэгүүдийг үнэлэх судалгааг 2017 оноос эхэлсэн. Энэ жил сүүлийн мэдээллээ цуглуулаад ирэх өвлөөс тайлангаа мэдээлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, төрийн өмчит цэцэрлэгт хүүхдээ хамруулснаар хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд ямар нөлөө үзүүлж байна. Ээжийн ажил эрхлэлт, өрхийн орлого яаж байна вэ гэдийг судалж, мэдээлнэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606936
0 эможи

keyboard_arrow_up