Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

FATF: Монгол, Исланд, Зимбабвегийн эсрэг санхүүгийн ямар ч хориг тавихгүй

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотод болсон ФАТФ-ын ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар болон Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийг хэлэлцээд хяналтад байх орнууд буюу “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан.

Уг хурлаас өмнө аравдугаар сард Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (FATF) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа илэрхийлсэн. Харин улс төрийн өндөр түвшний уг амлалтыг ФАТФ хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын хувьд 2017 оны харилцан үнэлгээний тайлангаас хойш зөвлөмжид заасан техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг сайжруулахтай холбоотойгоор тодорхой ажлууд хийж, үнэлгээгээ ахиулсан.

Монгол улс ямар үүрэг хүлээсэн бэ?

Харин цаашид дараах нэмэлт ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болж байна:

  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх;
  • Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх;
  • Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх,
  • Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх зэрэг болно.

Монгол Улс нь эдгээр ажлыг тогтоосон хугацаанд хурдан хийж гүйцэтгэх үүрэг хүлээж буй бөгөөд ФАТФ болон түүний бүс нутгийн байгууллагууд уг ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, тогтмол ажиллах юм.

Монгол, Исланд, Зимбабвегийн эсрэг санхүүгийн хориг тавихгүй

ФАТФ (Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоодог засгийн газар хоорондын байгууллага) нь Монгол Улсын эсрэг ямар нэгэн эрчимтэй хяналт хэрэгжүүлэхийг (enhanced due diligence) бусад улс орон, байгууллага, хуулийн этгээдүүдэд уриалахгүй бөгөөд эрсдлийн үнэлгээ хийхдээ Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн учир дутагдалтай асуудлуудыг харгалзан үзэхийг зөвлөмж болгож буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын талаар гарсан ажлын төлөвлөгөөтэй холбогдуулан Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүүгийн хориг арга хэмжээ авагдахгүй, олон улсын төлбөр тооцоонд ямар нэгэн саад тотгор учрахгүй юм.

ФАТФ-аас хяналтад оруулсан улсын эсрэг ямар нэгэн   санхүүгийн     хориг     арга    хэмжээ    авахгүй  бөгөөд бусад улс орнуудаас шахалт  үзүүлэх асуудал байхгүй тул  валютын    урсгал, хөрөнгө оруулалт, гадаад  худалдаанд  ямар  нэгэн  хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэдгийг эрх бүхий байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна.                                  

                                         Саарал жагсаалтад орсон улс орнуудыг ангилжээ

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ФАТФ-ын гаргасан олон нийтийн мэдэгдэлд ФАТФ-ын хяналтанд орсон улс орнуудыг ангилж тэдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авагдах талаар мөн мэдээлжээ. Энэ талаар хүргэвэл:

Умард Солонгос

Умард Солонгос нь МУТСТ ноцтой учир дутагдалтай бөгөөд түүнийгээ засаж залруулах чиглэлээр ажиллаагүй төдийгүй олон улсын санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлэл учруулж буй.

Иймд ФАТФ нь гишүүн улс орнууд болон бүх улс орнуудад өөрийн банк санхүүгийн байгууллагуудад БНАСАУ болон тус улсын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагууд, тэдгээрийг төлөөлж буй этгээдтэй бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээ хийхэд онцгой анхаарал хандуулахыг ятгаж байна. Түүнчлэн НҮБ-ын тогтоолуудын дагуу эрчимтэй хяналт шалгалтыг явуулж, нэмэлт хариу арга хэмжээ, зорилтод санхүүгийн арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн улс орнуудыг Умард Солонгосын банкуудын салбар, төлөөлөгчийн газруудыг татан буулгах, корреспондент харилцааг цуцлахад шаардлагатай арга хэмжээ авахыг шаарджээ.

ФАТФ-тай хамтарч ажлын төлөвлөгөө боловсруулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнуудын жагсаалтад багтжээ

ФАТФ-тай хамтарч ажлын төлөвлөгөө боловсруулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн учир дутагдалтай улс орнуудад Бахама, Ботсвана, Камбожи, Гана, Исланд, МОНГОЛ, Пакистан, Панам, Сири, Тринидад Тобаго, Йемен, Зимбабве багтав.

Исланд

Энэ улс ФАТФ-ын жагсаалтад орсон шалгаан нь:

1) Хуулийн этгээдийн үндсэн болон эцсийн өмчлөгчийн нарийн тодорхой мэдээлэлд хууль сахиулах байгууллагуудын зүгээс цаг тухай бүр нэвтрэхэд хүндрэлтэй;

2) Сэжигтэй гүйлгээ мэдээллэдэг стратегийн болон тактикийн дүн шинжилгээ хангалттай түвшинд хийгддэггүй, Сэжигтэй гүйлгээ мэдээллэх автомат системгүй;

3) Банк санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг этгэдүүдийн дунд хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг явуулах тогтолцооны хэрэгжилт хангалтгүй, түүнчлэн ашгийн бус байгууллагуудын хянах тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаануудаас жагсаалтанд оруулаад байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын шалгуурыг хангахад хангалттай арга хэмжээ авч, ахиц дэвшил гаргаж байгаа ч зарим нэг учир дутагдалтай стратегийн асуудлыг сайжруулах шаардлагатай улс орнуудын эсрэг ФАТФ эрчимтэй, сөрөг арга хэмжээ авахыг шаардахгүйгээр урьдчилан томилогдсон олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээр дамжуулан ахиц дэвшил гаргаж буй эсэхэд хяналт тавьдаг.

Улс орнууд энэхүү жагсаалтаас гарахын тулд аль болох түргэн хугацаанд, ФАТФ-аас тогтоосон хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээдэг.

ФАТФ-ын хяналтаас гарсан улс орнууд - Этиоп, Тунис, Шри Ланка.

Хангалттай ахиц дэвшил гаргасан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан бүх ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэсэн тул жагсаалтаас гаргав.

Монгол Улс

Хэдийгээр Монгол Улсыг ФАТФ-ын хяналтад оруулсан ч дээр дурдсанаар энэхүү хяналтын хүрээнд Монгол Улсын эсрэг чиглэсэн ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй.

Монгол Улсын хувьд:

  • Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй
  • Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй
  • Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;
  • Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар хяналтад багтаад байна.

ФАТФ-аас Монгол Улсад даалгасан дээрх нэмэлт ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүн гаргаснаар Монгол Улс нь ФАТФ-ын хяналтаас гарах юм.

Эх сурвалж: MEDEE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609476
0 эможи

Зочин
2019-10-21 13:01
keyboard_arrow_up