Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Саарал жагсаалтын ЭРГЭН ТОЙРОНД

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Саарал жагсаалтад багтсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч шийдвэр гаргагчдын зүгээс өнөөг хүртэл бодитой хийсэн зүйл, гарц гаргалгаа харагдахгүй байна. Өнөөхөндөө “Хууль зүй дотоодын хэргийн яам, Сангийн яамны ажиллагаа муу байлаа”, “Гадаад бодлого нөлөөллөө” гэх мэт олон шалтгаан таамаг хөвөрч буй. Тодорхой зүйл гэвэл ФАТФ ирэх оны хоёрдугаар сард хийх хурлаараа бидний хийсэн ажлыг шалгаж хэлэлцэнэ. Ахиц дэвшил гарсан гэж үзвэл дараагийнх нь хурлаар саарлаас гарах боломжтой. Хангалттай зүйл хийгээгүй гэж үзвэл саарал жагсаалтаас мөддөө гарахгүй байх эсрдэл бий. Сааралд орох болсон цаад шалтгаанууд, энэ жагсаалтаас гарахын тулд яах ёстойг тоймлоё.

ГАДААД БОДЛОГЫН АЛДАА БА ГУРАВДАГЧ ХӨРШҮҮДИЙН ШАХАА

Саарал жагсаалтад орсон явдлыг гадаад бодлогын том алдаа гэж харах эдийн засагч цөөнгүй байна. ФАТФ-ын хурал дээр манай улсыг саарал жагсаалтад оруулах талд Франц, Канад, Английн төлөөлөл идэвхтэйгээр санал оруулсан гэсэн мэдээлэл дуулдаад буй. Хурлыг даргалагч тал болох Хятад улс Ираныг цээжээрээ хамгаалсан хэрнээ манай улсын талаар ганц олигтой үг дуугараагүй тухай шуугиад өнгөрсөн. Ураны салбарт хөрөнгө оруулсан Францын “Арева”-гийн ажил гацалтын байдалд бий. “Арева” манай улсад охин компани “Коже говь”-иороо дамжуулж олон жил геологийн ажил явуулсаар ирсэн түүхтэй. Тэр хугацаандаа хоёр том орд илрүүлсний нэг нь Зөөвч-Овоо. Зөвхөн энэ орд гэхэд л дэлхийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар хэмжээний аварга нөөцтэй. Засгийн газрынх нь оролцоотой, өгөөж ашгийн хэмжээгээрээ ийм том төсөл Монголын засгаас болж хөдлөхгүй гацсаар байгаад францчууд таатай хандахгүй нь тодорхой. Канадад ч Монголыг сааралд багтаах талд гар өргөх шалтгаан бий. Наад захын жишээ нь “Хан ресурс”. Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ийг өчнөөн долларын хөрөнгө оруулсан байхад нь Монголын Засгийн газар хөөгөөд гаргасан явдал өнгөрсөн түүхэнд бий. Ер нь Канад, Англи тэргүүтэй барууны хөрөнгө оруулалттай төслүүд ямар дэмжлэгтэй яасхийж явсан гэж ирээд түүх сөхвөл гэгээлэг өнгө харагдахгүй. Хятадын тухайд ч ялгаагүй Таван толгойд хамтаръя гэхэд нь толгой сэгсэрсэн. Bank of China-гийн салбарыг нээе гэхэд нь татгалзсаар суугаа. Уул уурхай дээр Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад яаж хандсаныг яривал таагүй түүх өчнөөн бий.

Нөгөө талд өөр нэг тайлбар бий. ОХУ, Хятад гэсэн хоёр том гүрний дундах ардчилсан тогтолцоотой жижигхэн улсыг ойлгож харах шалтаг, шалтгаан ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн том нэгдлүүдэд байх учиртай, тэгж харах чин сэтгэл дутагдаж байна гэсэн шүүмжлэлттэй өнцгийг учир мэдэх улс унагаад эхэлчихсэн. Энэ жил Берлиний хана нурсны 30 жилийн ой тохиож буй. Хоёр Герман нэгдэж аж төрсөн энэ урт хугацаанд хуучин социалист системээр явж ирсэн зүүн Герман нь өнөө хэр хөл дээрээ бүрэн зогсч чадаагүй, баруун нь өнөөдүүлтэйгээ дорд маягаар харилцсан хэвээр яваа. Том эдийн засгуудын нэгд багтдаг Германд бодит нөхцөл ийм байхад Азийн жижиг Монгол харин ч ахицтай урагшилж яваа гэсэн дүгнэлт, гаргалгааг учир мэдэх улс хийдэг. Бодит байдал ийм атал ардчилал, зах зээлийн замаар 200, 300, 400 жил алхсан улсуудын босго, жишгээр Монголыг үнэлж цэгнээд буланд шахах нь зохистой хандлага биш гэсэн шүүмжлэл ОУВС, АХБ зэрэг том санхүүгийн нэгдлүүдэд хаяглагдаж байна. Дэглэм, засаглал нь ондоо хоёр том хөршийн дунд ардчиллаа алдчихгүй гэж хичээж яваа Монгол гуравдагч хөршүүдийнхээ зүг итгэл найдвар тээсэн харцаар ширтэж суугаа. Бодит дүр төрх ийм байхад гуравдагч орнууд биднээс зайгаа барьж, буланд шахсан хэвээр цаашилбал бүсдээ ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улс БНХАУ, ОХУ-ын хавсарга улс болох эрсдэлтэй гэж хэлэх шинжээч ч байна. Тэд “Монголчуудыг шууд шахаанд оруулахгүйгээр асуудлыг эерэгээр шийдэх өчнөөн гарц бий” гэцгээж байна. Гуравдагч орнууд зайгаа барьсан энэ өдрүүдэд хоёр хөрш тоглолтоо аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Наад захын жишээ гэхэд баригдаад хэдэн зуугаараа вагонд ачигдаж буцсан хятадууд байна. Манайхан ч сайндаа бариагүй, Хятадын талаас “Танайд нэг тийм хүмүүс байна, анхаарна уу” гэж мэдээлснээс үүдэж баривчилгаа хийж нутаг буцаасан юм билээ л дээ. Монголын эдийн засаг, улс төр өнөөхөндөө ийм л чадамжтай байна, энэ бүхнийг харж тооцож байж бодлогоо томьёолох цаг ирсэн гэдэг үгийг шийдвэр гаргагчдад дайя.

Дашрамд бас нэг зүйл онцлоход 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засаг барих үед Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг донрууд элдэв шахалт үзүүлж байсан гэдэг. Тэр үеийн засаг баригчид “Та нар Африкийн улсуудтайгаа л ингэж харьцаарай. Бид өөр улс шүү” гэх мэтээр сөргөж, тэрүүхэндээ халуун яриа хөөрөө, ширүүн хэлэлцээ өрнүүлж байж ойлголцдог байсан гэх яриаг тухайн үеийн улстөрчид өөр зуураа ярилцдаг. Хоёр талаас ингэж харилцсан бол байдал иймдээ тулахгүй байсан гэх дүгнэлт ч дуулдаж байна. Тухайн үед манай засаг талаас ч, олон улсын донор байгууллагын зүгээс ч Монгол Улсыг хөгжүүлэх чин хүсэлтэйгээр харилцдаг байж. “Ийм хандлага хоёр талд байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй” гэсэн үгийг тухайн үед засагт ажиллаж байсан нэг эрхэм унагасан юм.

ТӨСВИЙН ХУЛГАЙГЗОГСООЖ БАЙЖ Л СААРЛААС ГАРНА

Саарал жагсаалтад орсон шалтгааныг ФАТФ-ын дүгнэлт тайлбараас уншихад тодорхой хэдэн ажил байна. ФАТФ-ын шаардлагыг ухаж ядах юмгүй. Орон сууцны наймаа эрхлэгчид, алтны дилерүүд, валютын ченжүүд, ганц хүнтэй компаниуд, нотариатууд, ер нь л 15 мянган ам.доллараас их гүйлгээтэй бизнес хийж байгаа хүн бүрийнхээ гүйлгээг тус тусад нь хяна, хянаад асуудал гаргаад ирвэл шүү, шүүвэл шийтгэ, энэ тухайгаа бүгдээрээ хоорондоо яриач л гэж байгаа. Үнэнийг хэлэхэд бид нотиариат яаж худлаа тамга дарж суугааг хянадаггүй, нэг хүнтэй компаниудыг нягталдаггүй. Найман шарга дээр эргэлдэж буй долларын урсгалыг шалгадаггүй. “Жи класс”-ын гүйлгээ хянадаггүй нь бас үнэн. Бидний саарал жагсаалтад орсон шалтгаан энэ. Хоёр хөршид дарга нар нь солигдсон, барууны хоригт орсон гэх мэт шалтгаанаар маш их хөрөнгө хөдөлж эхэлсэн. Тэнд үзүүр, сэжүүрээс нь атгаж аваад алдчихдаг мөнгө энд их хэмжээгээр тоологддог гэсэн мэдээлэл байсхийгээд цацагддаг. Тэр мөнгө Монгол руу орж ирж байгаа гэсэн хардлага бий. Ингэж хардах хангалттай үндэслэл ч дуулддаг. Наад захын жишээ гэхэд л ганц төгрөгийн зээл авахгүйгээр боссон офиссын том барилга, тансаг зэрэглэлийн хотхонууд байна. Оффисын барилга барилаа, зарлаа, оруулсан хөрөнгөө нөхлөө. Ингээд л цэвэрхэн мөнгө болоод Монголоос гадагшилдаг. Мөнгө угаалтын нэг том аюул нь тухайн улсынхаа эдийн засагтаа үр өгөөж болж шингэдэггүй. Бохир мөнгөөр барьсан барилгыг монгол хүн мөнгөө өгч худалдаж авна. Эсвэл Монголд баялаг бүтээж олсон мөнгө өнөө барилгыг худалдаж авахад зарцуулагддаг. Оффисын барилгад зарцуулсан бохир мөнгө Монголд хэзээ ч үлдэхгүй огцом гадагшилдаг гэсэн үг. Их хэмжээний мөнгө эдийн засаг руу орох тусам аюултай. Огцом их мөнгө орж ирэнгүүт эдийн засаг тэлсэн мэт харагдана, тэр хэрээрээ огцом гадагшилбал эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй. Сүүлийн 15-20 жилийн дотор дэлхийн санхүүгийн тогтолцоонд дижитал технологи нэвтэрч, бүх гүйлгээг шууд хянах чадвар бий болсон. Энэ чадамжийг ашиглаж өөр, хоорондынхоо уялдаа холбоог сайжруулаад өмнө хэлсэн нөхдийн гүйлгээг хяначихад асуудалгүй л дээ, уг нь.

2015 онд батлагдсан Ил тодын хуулийн дараахан 40 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсныг сааралтай уяж харах шалтгаан бий гэж зарим эдийн засагч үзэж буй. Банкны актив 20 их наяд, мөнгөний нийлүүлэлт 10 их наядаар хэмжигдэх үед 40 их наяд төгрөг гэнэт гараад ирэхээр хэн ч нүдээ томруулж, чихээ дэлдийлгэнэ. “Ийм их хөрөнгө бий болдог тогтолцоо Монголд байна” гэсэн эргэлзээ гайхширал тэр үед ФАТФ-д төрсөн байхыг үгүйсгэхгүй.

Ингэж нуугдсан гол мөнгө улсын төсвийн зардлаас хулгайлагддаг гэсэн хардлага бий. Улсын төсвийн зардлын тодорхой хувь нь авлига болж хувирдаг, тэр нь нуугдсан мөнгөний урсгалыг бүрдүүлдэг нь хэнд ч ил үнэн л дээ. Жишээ нь, 14 их наядын 10-20 хувь нь энэ замаар алга болдог гэсэн үг. Ямар ч татвар төлөлгүйгээр алга болдог мөнгө гэж ойлгож болно. Эндээс жил жилийн төсвийн зардал нэмэгдсээр ирсэн, тэр бүхний 10-20 хувь хулгайлагддаг, ингэж хуримтлагдаж явсаар ил тодын хуулиар хэдэн арван их наядаараа ил болсон гэсэн гаргалгааг хийчихэж болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610772
0 эможи

Зочин
2019-11-21 12:27
Энэ жагсаалтаас гарахад хийх хамгийн эхний ажил бол НЯМДОРЖ, ХҮРЭЛБААТАР НАРЫГ Огцруулах
keyboard_arrow_up