Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ганзориг: Тэтгэврийн санд реформ зайлшгүй хэрэгтэй

2019 оны 12 сарын 13
Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа. 

-Эдийн засгийн өсөлт 2019 оны III улирлын байдлаар 6.3 хувьтай гарсан байна. Ер нь та өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 
-Манай улсын эдийн засгийн хувьд үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Сүүлийн арван улирлын турш эдийн засгийн өсөлт долоо орчим хувьтай гарсан. Үүнээс өмнө бол нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал, 2015-2016 оны эдийн засгийн өсөлт дунджаар 2.8 хувьтай байв. Дан ганц эдийн засгийн өсөлт ч биш, инфляц, төсвийн тэнцэл, худалдааны тэнцэл гээд эерэг олон үзүүлэлт гарсан. Тэгэхээр сүүлийн хоёр жил манай улсын эдийн засаг эерэг байлаа гэж үзэж байна.  
-Ирэх онд монголчууд шинэ парламентаа сонгоно. Сонгуулийн жилтэй холбоотой манай улсын эдийн засаг цаашид хэрхэх бол?
-Ирэх нэг жилийн хугацаанд улсын эдийн засагт сөрөг зүйл ажиглагдахгүй байна. Үүн дээр сонгууль бас эерэгээр нөлөөлнө. Өмнөх сонгуультай жилүүдийг харахад тухайн жилдээ их хэмжээний төсвийн зарцуулалт хийж байсан. Тодруулбал, жил бүр төсвийн зарцуулалт өсөх хандлагатай байдаг ч сонгуультай жил бусад жилээсээ долоон хувиар илүү өсдөг. Энэ нь богино хугацаандаа эдийн засагт дэмжлэг болох боловч урт хугацааны ханш, инфляцад дарамт болдог. Ийм байдалд хүрвэл мөнгөний хумих бодлого барихаас өөр замгүй болно. Гэхдээ энэ нь 2020 онд болно гэсэн үг биш. Харин 2021 оны тухайд маш олон эдийн засагчид дэлхийн эдийн засагт хүндрэл үүснэ хэмээн таамаглаад буй. Мөн нүүрсний үнэ буурах эрсдэл харагдаж байна. Муу дээр муухай, муухай дээр улцан  гэгчээр 2021 онд манай улс бондын эргэн төлөлт хийх ёстой. Түүнчлэн өмнөх жил нь сонгууль болсон тул төсөв нь тэлж валютын ханш, инфляцад дарамт болно гэх зэрэг олон сөрөг зүйл харагдаж байгаа. Гэхдээ өнөөдрөөс хэр холын ирээдүйг ярьж байна төдий чинээ бүдэг болдог. Иймд хэдий олон сөрөг хүчин зүйл байгаа ч эерэг зүйл байхыг үгүйсгэхгүй. 
-Нүүрсний үнэ унах магадлалтай гэлээ. Мөн Хятад улс нүүрснээс татгалзах бодлого барьж байна. Гэтэл ирэх оны төсвөө бид төсөөлөхдөө нүүрснээс бүрдүүлэх төсвийн орлогыг хэт өндрөөр тооцсон. Энэ нь ямар эрсдэл дагуулах вэ?
-2019, 2020 оны төсвийн орлогод нүүрсний экспортыг 42 сая тонн хэмээн тооцсон. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 35 сая тонн байгаа нь зорилтдоо яагаад ч хүрэхээргүй харагдаж байна. 2020 онд ч хүрэхгүй байх магадлал өндөр. Тэгэхээр үүнтэй холбоотой бүрдүүлэх төсвийн орлого тэр хэмжээгээр биелэх боломжгүй гэсэн үг. Нүүрсний үнийн хувьд өнөөдөр манай улсын нүүрсний экспортын дундаж үнэ нэг тонн нь 84.5 ам.доллар байна. Энэ нь манай улсын хувьд маш өндөр үзүүлэлт. Манай нүүрсний үнэ олон улсын үнийг дагаж хөдөлдөггүй. Тэгэхээр богино хугацаанд эерэг харагдаж байгаа ч урт хугацаанд яах аргагүй эрсдэл байна. Олон улсад нүүрсний үнэ хэдийн унаад эхэлчихсэн.  Мөн БНХАУ ногоон эдийн засаг руу тэмүүлж байгаа нь, дэлхийн эдийн засгийн болзошгүй хямрал гэх мэт олон асуудал байна. Тэгэхээр ирэх онуудад нүүрсний орлого яах аргагүй саарна. Хэрэв шинэ төмөр зам, боомтын асуудал яригдвал өөр хэрэг. 
-Ирэх онуудад эдийн засгийн хувьд манай улс нэлээд хүнд байх бололтой. Сүүлийн арван жилийг харахад эдийн засаг эерэг, сөрөг гэх мэт цикл маягтай байх шиг. Манай улсын эдийн засаг дараагийн шатанд гарах арга зам нь юу вэ? 
-Миний хувьд хэд хэдэн шийдэл бий. Гэхдээ санхүүгийн зах зээлтэй холбоотой. Жишээлбэл, валютын орох, гарах урсгалдаа шинэ бодлого гаргах хэрэгтэй. Худалдааны тариф, аялал жуулчлал гэх мэт тодорхой валют олдог уул, уурхайн бус салбарын дэмжлэг гэх мэт. Эдгээрийг нэг тийш нь шийдэж чадвал валютын урсгал тогтворжиж, ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Хэрэв төгрөгийн ханш суларч буй суурь шалтгаанаа эмчилж чадвал манайд олон асуудал шийдэгдэнэ. Төгрөгийн хүү буурна. Товчоор иймэрүү асуудлуудаа сууриас нь шийдэх хэрэгтэй. Мөн тэтгэврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Манай улсын тэтгэврийн систем тохиромжгүй, муу байгаа нь илт. Ямар сан долоон жил дараалан 500 тэрбум төгрөгийн алдагдал хийчихээд зүгээрээ гээд сууж байх вэ. Зөвхөн Монголын тэтгэврийн даатгалын санд л ийм зүйл байж болдог байх. Тэгээд үр дүнд нь тэтгэвэр үнэхээр бага. Бид үүнийгээ бас сууриас нь шийдэх хэрэгтэй. Эцэст нь хүмүүн капиталын асуудлыг дурдаж болно. Чанартай хүмүүн капитал хаана байдаг вэ гэвэл шударга, меритократ системд л байдаг. Меритократ гэдэг нь хэрэв та ажилдаа сайн байвал хамгийн ихийг хүртдэг, ахиж дэвшиж байдаг систем гэсэн үг. Үүний эсрэгийг кронизм гэнэ. Танил талаа илүү хардаг, хамаатан саднаа дээш татдаг өөрөөр шударга хөдөлмөрийг үгүйсгэж байдаг систем л дээ. Та аль нь манайд илүү ойр санагдаж байна бодоод үзээрэй. 
-Тийм байх нь. Та энд бас тэтгэвэр дурдаж байна. 2020 оноос Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар өсгөн, 26 хувь болгох талаар ярьж байгаад болилоо. Та үүнийг юу гэж харж байна?
-Энийг зөв эсвэл буруу гэж харах нь утгагүй хэрэг. Нэг талаас энэхүү нийгмийн даатгалын системийг огт ойлгохгүй татвар мэт харж буй хэсэг хүмүүс байна. Тэд бол шууд үүнийг буруу гэж харна. Нөгөө талд тэтгэврийн даатгалын сан нь тогтмол алдагдал хийж буй тул өсгөхөөс өөр яах билээ гэж харна. Энэ хоёр талын аль ч өрөөсгөл юм. Бид эндээс нэг л зүйлийг ойлгох ёстой. Тэр нь манай нийгмийн даатгалын систем өөрөө буруу ажиллаад байна шүү дээ гэдгийг. Жишээ дурдъя. Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн системийг Нидерланд гэдэг. Тэдний амжилттай явж буй нууц нь гурван тулгуурт тогтолцоо. Бид үүнийг л өөртөө их, бага хэмжээгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайн яривал манай тэтгэврийн тогтолцоо хаа байсан 1889 оны Германд үүссэн систем тэр чигтээ явж байгаа. Гэтэл үүнээс хойш 130 орчим жил өнгөрчихөөд байна шүү дээ. Герман Улс гэтэл хэдэн ч удаа тэтгэврийн реформ хийсэн байдаг юм билээ. Гэтэл манайх бахь байдгаараа. Би НҮБ-ын гаргасан хүн амын бүтцийн таамаглал дээр бяцхан тооцоо хийж үзсэн л дээ. Манайх системээ шинэчлэхгүй бол нийгмийн даатгалын шимтгэлээ 70, 80 хувьд хүргээд сууж байх юм билээ. Алдагдал нь тэгж өснө гэсэн үг. Энэ бол байж боломгүй хэрэг байхаа. Тэгэхээр энэхүү цаг хугацааны тэсрэх бөмбөгийг эртхэн л салгах буюу тэтгэврийн реформ хийж гурван тулгуурт тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611546
4 эможи

keyboard_arrow_up