Доллар чангарах тусам шатахууны үнэ өсч, инфляци “галзуурна”
Хоёр сарын өмнө 2670 төгрөг байсан ам.доллар өнгөрсөн сард 2704 төгрөгтэй тэнцсэн юм. Харин өнөөдөр ноён ногоон 2724 төгрөгтэй тэнцчихлээ. 2016 оны өдийд ам.долларын ханш 2480 төгрөгтэй тэнцэж байсан гэхээр гуравхан жилийн дотор 240 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Долларын ханш цаашид өгсөх таамаг давамгайлаад эхэлчихэж. Долларын ханш ирэх жил 2900 хүрсэн гэсэн таамаг гаргасан эдийн засагч байна. Саарал жагсаалтад орсноос хойш мэдэгдэхүйц чангарсан ханш ирэх жил байдал эвгүйдвэл энэ таамгаас ч давж өсөх магадлал бий гэнэ. Ногоон валютын ханш өсөх хэд хэдэн шалтгааныг эдийн засагчид нэрлэснийг хүргэе.
Эхний эрсдэл нь ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилт хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт. Үлдэгдэл санхүүжилт орж ирэх үү, үгүй юү гэдгээс их зүйл хамаарна. Сангийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Валютын сангийн ажлын хэсэг манайд ямар дүн тавих талаараа эхлээд уртаа гэгчийн тайлан бичнэ. Өнөө тайланг нь сангийн Удирдах зөвлөл хянаж хэлэлцээд Азийн Монголд ямар дүн тавихаа шийднэ. Ирэх оны төсөв алдагдал ихтэй батлагдсан, Засгийн газар сүүлийн үед амлалтуудаасаа ухрах болсон, Монгол Улс саарал жагсаалтад багтаад удаагүй яваа гэх мэт шалтгаанууд ОУВС-гаас муу дүн авах хангалттай үндэслэлүүд. Үүнээс өмнө шийдэх бас нэг асуудал бий. Тэр нь сая онцолсон Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт болох доллар орж ирэх үү, үгүй юү гэсэн асуулт. Ерөнхийлөгчийн хэсэгчилж тавьсан хоригийг хүлээж авч, төсөвтөө тодотгол хийвэл валютын сан санхүүжилтээ үргэлжлүүлж, ирэх хавар бидэнд тавих дүнгээ зөөлрүүлж мэднэ. Сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийнэ гэдэг юу л бол. Өмнөх сонгуулийн жилүүдийн жишгийг харсан ч тэр төсөвт тодотгол хийж ухаалаг загнасан Засгийн газар өнгөрсөн түүхэнд байхгүй. Валютын сангийн үлдэгдэл санхүүжилт гацаж, валютын сангаас тааруу үнэлгээ авбал аажмаар өсч яваа долларын ханш огцом өснө гэсэн эрсдэл бий. Валютын сангийнхан Монголд тааруу үнэлгээ тавьсны дараа бидэнд нэг л зам үлдэнэ. Тэр нь “Дахиад хөтөлбөрт чинь оръё” гэсэн гуйлт. Валютын сангийн хөтөлбөрт дахин орно гэдэг хүсэхээр зүйл биш. Улсаараа ахиад хэдэн жил сэхээнд орно гэсэн үг. Амь тариа хийлгэж, сэхээнд орсон эдийн засаг ямар байдгийг өнгөрсөн дөрвөн жилээсээ харчихаж болно. Азаар эрдсийн үнэ дажгүй байсан тулдаа улсаараа өдий дайны амьдарч байгаа.
Долларын ханшийг галзууруулах дараагийн шалтгааныг Хятадтай хийх своп хэлцэл гэж эдийн засагч Н.Энхбаяр онцолж байна. Тэрээр “Хятадтай хийсэн свопоо амжилттай сунгуулах эсэх нь өнөөхөндөө тодорхойгүй байгаа. Сая урд хөрш рүү своп хэлцлээ сунгуулна гэж яваад чадалгүй ирсэн гэх мэдээлэл гарсан. Своп сунгах тухайд Монголбанк дангаараа хийж хүчрэх асуудал биш л дээ. Хэлцлээ сунгахын тулд наана нь өндөр хэмжээний айлчлал хийж улс төрийн орчноо бүрдүүлэх хэрэгтэй.
Улс төрийн орчин бүрдүүлэхгүй бол своп сунгахад хэцүү. Хэрвээ своп хэлцлийг сунгаж чадахгүй байдал үүсвэл олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдад түгшүүр төрнө. Монгол Улс Хятадтай 15 тэрбум юанийн свопоо сунгаж чадсангүй гэсэн утгатай мэдээлэл Блүүмбэрг, Ройтерсоор цацагдвал манай бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид мөнгөө эртхэн олж авъя гэж бодно. Своп сунгах асуудлаа хурдан шийдэхгүй бол учрах үр дагавар нь эрсдэл ихтэй” гэж ярилаа. Өнөөхөндөө Хятадтай хийх своп хэлцлийг төв банкинд үүрүүлчихээд яваа зураг харагдаж буй. Эдийн засагчийн ярианаас харахад хоёр улс улс төрийн өндөр төвшинд ойлголцож байж своп хэлцэл сунгах эсэх асуудал шийдэгдэх нь. Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын лицензийн хомроглосон цуцлалт гэх мэтээс эхлээд урд хөршийн тухайд бидэнд таагүй хандах цөөнгүй шалтгаан бий. Энэ мэт таагүй ойлголт, хандлагыг өндөр түвшний яриа хэлэлцээгээр цайруулах ганц зам харагдаж байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Своп сунгагдахгүй бол долларын ханш огцом өсөх эрсдэлтэй. Валютын нөөц хаанаа ч хүрэхгүй. Хөрөнгө оруулагчдын хандлагад сөрөг нөлөө үзүүлнэ. 2021 оны нэгдүгээр сард төлөх “Чингис” бондын эргэн төлөлтийг бид хийж чадахгүй. Бондын төлөлтийн тухайд хөрвүүлэх, хугацааг нь сунгах гарц л бий. Своп худлаа болвол хөрвүүлэх, сунгах асуудал ч худлаа болно. Дээр нь ирэх оны наймдугаар сард Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын хугацаа дуусна. Байгаа валютаасаа гаргаж таарна. Энэ мэт олон эрсдэл байна” гэж тодотголоо.
Долларын ханш өсвөл хамгийн түрүүнд доллараар худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэ болдог, гаднаас 100 хувь валютаар худалдаж авдаг шатахууны үнэд шууд нөлөөлдөг эрсдэл бий. Шатахууны үнэ өсөхөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсдөг, бараа, үйлчилгээний үнэ өсөх тусам инфляци цойлдог зүй тогтолтой. Дэлхийд газрын тосны үнэ өсөх улс төрийн эрсдэл буураагүй гэсэн шалтгаан бас нөгөө талд байгаа. Энэ сарын 17-нд Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдана. Саяхан Венад болсон ОПЕК-ийн хурлын үеэр Иран ОПЕК хоёр албан бусаар уулзаж ярилцаж нааштай тохироонд хүрсэн учраас өнөөхөндөө газрын тосны үнэ бууж яваа. Хэрвээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг хоригоо ахиад чангалчихвал байдал эсрэгээрээ эргэнэ. Ираны зүгээс газрын тосны зохиомол хомсдлыг бий болгож ханш хөөрөгдөх эрсдэл бий.
Шатахууны үнийн хувьд манай улсад дэлхийн зах зээлийн үнийг дагаж хөдөлж байгаа. Шатахууны үнэд нөлөөлдөг хоёр дахь том шалтгаан болсон ам.долларын ханш өсч буй талаар сая багцаллаа. Одоо нефтийн үнэ дэлхийд өсвөл шатахууны үнэ дагаж нэмэгдэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэсэн үг. Ам.долларын ханшийн тухайд дэлхийд гэж яривал нэг том эрсдэл байгаа гэж шинжээчид онцолж буй. Америкийн сенат он гарангуут Трампад итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж шийдээ гаргана. Хэрвээ сенат итгэл үзүүлэхгүй гэвэл одоогийн дэд ерөнхийлөгч Трампын байр суурин дээр очно. Тэгвэл цагаан ордны бүх бодлого өөрчлөгдөнө, гадаад бодлого нь суларна. Трампын дараа гарч ирэх хүн лав л Францтай хийх хүртлээ өргөжөөд буй худалдааны дайныг үргэлжлүүлэхгүй. Америк буулт хийх алхмуудаа эхлүүлж таарна. Энэ тохиолдолд ханш суларна гэсэн хүлээлт бий.
Долларын ханш тойрсон асуудлуудыг гадна, дотно талаас нь тоймлоод ажвал нэг иймэрхүү зураг харагдаж байна. Тоймлоод харахаар ноён ногооны ханшийн чангаралд биднээс хамаарах зүйл бараг алга. Яг одоо бидний гарт байгаа түлхүүр гэвэл ганцхан төсөв л байна. Төсвийнхөө илүү зардлуудыг танах зорилгоор тодотгол хийвэл арай зөөлөн газардах боломжтой. Гэхдээ сонгуулийн өмнөх жил парламент ийм шийдвэр гаргахгүй л болов уу.
Эх сурвалж: Өдрийн сонин