Дорнын эдийн засгийн форум ба Монгол Улсын боломжууд Дорнын эдийн засгийн форум ба Монгол Улсын боломжууд
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дорнын эдийн засгийн форум ба Монгол Улсын боломжууд

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины санаачлагаар жил бүр  Владивосток хотноо болдог Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт ирэх  есдүгээр сарын 3-нд  болно. Уг форумд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  цахим хэлбэрээр оролцож уламжлал ёсоор 15 минутын үг хэлнэ. Мөн ОХУ-ын талаас асуух 2-3  асуултад хариулах төлөвлөгөөтэй байна.

Монгол, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн томоохон зангилаа болох  Таван толгой-Зүүнбаянгийн чиглэлийн 415 километр урт, шинэ төмөр замын техникийн консалтинг үйлчилгээг ОХУ-ын “РЖД Интернешнл” компани хариуцахаар болсон. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих “Сибирийн хүч 2” хийн хоолой тавах төслийн үргэлжлэл мөн манай улс нүүрсээ алс Дорнодоор дамжуулан гурав дахь орны зах зээлд нийлүүлдэг төмөр замын тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийн гэрээ хэвээр үргэлжлэх зэрэг асуудал манай улсын хувьд чухалд тооцогдож байгаа юм. 

Чуулганаар хоёр орны стратегийн түншлэл, худалдаа эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хэтийн төлөв болон  тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж.

“СИБИРИЙН ХҮЧ 2” ТӨСЛИЙГ ХУРДАСГАХ БОЛОМЖ МАНАЙХААС ШАЛТГААЛАХГҮЙ

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл “Союз Восток /Дорнын холбоо/” чиглэл манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж нээгдэж байна. ОХУ-ын төрийн өмчит “Газпром” нэгдлийн удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй ажлын хэсгийнхэн энэ оны гуравдугаар сард ирээдүйд тавигдах хийн хоолойн маршрут дагуу тандалт нислэг хийсэн.

Улмаар манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх нь  оновчтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Монгол Улсын Засгийн Газар болон “Газпром” нэгдэл хамтарсан ажлын хэсэг байгуулан 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гарын үсэг зурж, “Союз Восток/Дорнын хүч/” хий дамжуулах хоолойг барих техник эдийн засгийн төлөвлөгөөг баталсан.

Одоогоор  техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах шатандаа явж байна. Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломжтой аж. Гэхдээ ийм ТЭЗҮ хийхэд хуучин “Сибирийн хүч-1” төслийн /Монголын зүүн талаар тойрсон хоолой/ жишгээр  арав орчим жил ярьсан байдаг. Барилга угсралтын ажилд таван жил зарцуулж нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн. Тэгэхээр манайхаар хийн хоолойг дамжуулах  төсөл Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд эцэслэн  ярих асуудал болно. 

“Сибирийн хүч” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Хийн салбар дахь нэг ажлын байр бусад салбарт 4-6 ажлын байр бий болгодог онцлогтой.

Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг болох төдийгүй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн хийн хоолой тавигдсанаар Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Сайншанд хотуудын агаарын бохирдлыг 90-ээс дээш хувиар бууруулах боломж бүрдэх юм.

МАНАЙ УЛС ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ   

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын хооронд 2018 оны зургадугаар сарын 08-нд “Монгол Улс 25 жилийн хугацаанд гуравдагч улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд тарифын хөнгөлөлт эдлэх гэрээ”-г үзэглэсэн. Гэрээ ёсоор манай улс нүүрс тээвэрт 66.4 хувь, чингэлэг болон ачаа тээвэрт 52 хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх юм. Энэ нь хямд зардлаар бусад орны зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Монгол Улс болон ОХУ нь геологийн хайгуулын салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхээр зорьж байна.  “Зарубежгеология” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд геологи геофизик, инженер геологийн судалгааг хамтран явуулах гэрээнд, “Росгеология” ХНН, Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар хооронд Монголын ашигт малтмалыг өөрийн үйлдвэрүүдэд боловсруулах талаар санал солилцож, гэрээ байгуулсан. Одоогоор Оросын хэд хэдэн компани оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч тус форумд оролцож байгаа нь өөрөө өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг түүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тодотгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630192
0 эможи

keyboard_arrow_up