Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

М.Болд: Валютын хөрөнгө орж ирэх хаалгыг илүү өргөн нээж өгч байна гэсэн үг

2014 оны 3 сарын 24

Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдтой цөөн хором ярилцлаа

-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр хадгалах шийдвэрт хүрсэн. Шийдвэрт голлон нөлөөлсөн хүчин зүйлс, үндэслэлийг хэрхэн харж байна вэ?

-Маш олон хүчин зүйлийг авч үзээд бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Тухайлбал эдийн засгийн өнөөгийн өсөлт, эдийн засгийн орчинд бий болсон гадаад дотоод нөхцөл байдлууд, валютын ханшийн чангаралт, инфляци, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын түвшин мөн энэ хавраас эхлэх бүтээн байгуулалтын ажлуудын хүлээлт ямар байгаа зэрэг маш олон хүчин зүйлсийг нэрлэж болно. Энэ шийдвэр нь арилжааны банк болон хувийн хэвшлийнхний хувьд зөв зүйтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

-Бодлогын шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Нөлөөлөл нь зах зээлд хэзээнээс мэдрэгдэх бол?

-Бодлогын шийдвэр гараад удаагүй байна. Тэгэхээр шийдвэр гарснаас хойш хурдан хугацаанд нөлөө үзүүлэхгүй. Гуравдугаар сараас нааш нөлөө нь харагдахгүй. Гэхдээ шийдвэрийн өөрийнх нь өгч буй дохио зангаа, хүлээлтэд маш их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл санхүүжилт хийхэд зээлийн хүү өсөхгүй байх боломж байна шүү гэдэг дохиог зах зээлд хүргэж байна. Үүгээрээ илүү ач холбогдолтой юм.

-Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан бас нэгэн чухал шийдвэр нь "Олон улсын зах зээлээс гурван жил болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх"-өөр заасан. Үүнийг та хэрхэн харж байна. Энэ нь зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Арилжааны банк гаднаас хадгаламж юм уу зээл авлаа гэхэд түүний 10-14 хувийг нь Монголбанкны дансанд заавал барьдаг. Өөрөөр хэлбэл зээлжүүлэх боломжгүй болдог зохицуулалт байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтаас харахад гурваас дээш жилийн хугацаатай зээл, бондын эх үүсвэрээр орж ирсэн хатуу валютын эх үүсвэрийг чөлөөлсөн нь зээлийн хүүг бууруулахаас гадна Монгол Улсад гадаад валютын нөөц хөрөнгө орж ирэх урамшууллын хэрэгсэл боллоо гэж үзэж байна. Нөгөө талаас энэ зохицуулалт нь валютын нөөцөд тодорхой хэмжээгээр тойруу замаар нөлөө үзүүлнэ. Монгол Улсад гаднаас валютын хөрөнгө орж ирэх үүд хаалгыг илүү өргөн нээж өгч байна гэсэн үг. Мөн орж ирэх хөрөнгийн зардал багасна. Тэгэхээр илүү таатай нөхцөл бий болж байгаа учраас Монгол Улсад ялангуяа арилжааны банкуудын шугамаар орж ирэх валютын нөөц нэмэгдэнэ.

-Энэ оны хувьд банк санхүүгийн салбарын ерөнхий төлвийг хэрхэн тодорхойлох вэ?

-Хаврын улирал болж буйтай холбоотойгоор банкуудын зээлийн гаргалт багасч байна. Учир нь эдийн засаг өвөл, хаврын улиралд нэлээн зогсонги байдалд байдаг. Энэ шийдвэрүүдийн эерэг үр нөлөө нь энэ оны хоёрдугаар хагасаас илүү мэдрэгдэж эхэлнэ гэж бодож байна. Удахгүй дөрөвдүгээр сараас эхлээд барилга, уул уурхайн ажлууд өрнөнө. Бүх салбарт дагаад эдийн засгийн идэвхижил явна. Энэ идэвхижлийг дагаад банкууд зээлээ нэмэгдүүлэх бололцоотой болно.

-Томоохон төсөл, хөтөлбөрүүд удааширсан нь Монголын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж байгаа гэж ихэнх эдийн засагчид ярьж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Томоохон төслүүд мэдээж хэрэг эдийн засгийн өсөлтийг хурдасгадаг үр нөлөөтэй байдаг. Томоохон төсөл байхгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт байдгаараа байна. Гэхдээ арай удаашралтай бага түвшинд байдаг. Тэгэхээр том төслүүдийн ач холбогдол нь эдийн засгийн өсөлтийг хурдасгадагт оршиж байгаа юм.

-Монгол Улсын эдийн засгийн богино хугацааны нөхцөл байдал таны бодлоор хэр эерэг хүлээлттэй байгаа бол?

-Хүлээлтийн байдал илүү давамгайлж байна. Эдийн засагт шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа гадаад, дотоодын байгууллагууд харзнасан байдалтай байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэх дохио зангаа, мэдээллийг илүү түлхүү нэвтрүүлж хувийн хэвшилд тараавал эдийн засгийг идэвхижүүлэхэд хувь нэмэр оруулах болов уу гэж бодож байна. Үүнээс гадна хууль гарлаа гэхэд хуулийг хэрэгжүүлэх журмуудыг асар богино хугацаанд боловсруулаад батлах нь чухал. Хуулийг хэрэгжүүлэх журам гэж гардаг. Журам гаргалт удаан байвал хууль хэрэгжихгүй байх талтай. Тийм учраас хөрөнгө оруулалтын хуулийг хэрэгжүүлэх журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан гэж ойлгосон. Энэ журмыг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад маш хурдан хугацаанд тарааж сурталчилбал хөрөнгө оруулалтын орчин илүү ойлгомжтой болох юм.

-Хувийн хэвшлийн талаас харахад хамгийн гол саад, бэрхшээл нь юу байна вэ?

-Уул уурхайгаас хамааралтай салбаруудын хувьд, нэлээн бэрхшээл байна. Уламжлалт хөдөө аж ахуйн, барилгын болон худалдаа, үйлчилгээний салбарууд үйл ажиллагаагаа урьд өмнөх шигээ явуулж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр хамгийн их хүлээж байгаа зүйл бол уул уурхайн хөгжил хурдсах уу үгүй юу гэдэгт байна. Уул уурхайн бараа үйлчилгээ бэлтгэн нийлүүлдэг болон уул уурхайн олборлолт, хайгуулын компаниудын хувьд энэ бүх санхүүгийн үйлчилгээ хүлээлтийн байдалтай байгаа. Тэгэхээр энэ нь нэг салбартай холбоотой асуудал гэж ойлгож байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648
0 эможи
keyboard_arrow_up