ҮСХ: Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж цалин 2.7 сая төгрөг байна
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 672 мянган төгрөг, голч цалин 2 сая 229 мянган төгрөг байна.
Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 436.6 мянган төгрөгөөр, голч цалин 448 мянган төгрөгөөр нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.
Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их 5.4 сая төгрөг болжээ.
Энэ нь улсын дунджаас 2 дахин их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг улсын дунджаас 1.6 дахин бага байна.
Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая байгаа нь улсын дунджаас 83.8 мянган төгрөгөөр их бол баруун бүсэд хамгийн бага буюу 2.2 сая болж, улсын дунджаас 477.6 мянган төгрөгөөр бага байна
Байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3.2 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагсдынх 3 сая төгрөг, төсөвт байгууллагын ажиллагчдынх 2.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 18.2-574.1 мянган төгрөгөөр их, бусад байгууллагынх 55.8-1263.3 мянган төгрөгөөр бага гэжээ.








