ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэлээ
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг мөн суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэрийг хэрэгжүүлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг багасгаж, өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах эерэг үр дүн гарах боломжтой.
Түүнчлэн, ББСБ-уудын эрсдэл даах, төлбөрийн чадварыг нэмэх зорилгоор итгэлцлийн үйлчилгээ, бонд, бусдаас татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоов. ББСБ-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг багасгахаар 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байх, мөн 2024 оны оны 11 дүгээр сараас хэрэглээний зээлийн өр, орлогын болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон.
Гэвч эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэсэн, банкны хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар багасгасантай уялдуулан ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг багасгах зайлшгүй шаардлагатай гэж үзсэнийг СЗХ мэдээлжээ.








